Хайх

Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд

Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд

Text: Б.Энххүслэн


Prada загварын ордны хавар-зун 2022 улирлын эрэгтэй цуглуулгыг санаж байна уу? Үүгээрээ тэд өгзөг халтихан давсан богино шоортыг эрчүүд ч гэсэн өмсөж болохыг харуулсан билээ. Загварт хайртай, зоригтой хувцаслаж чаддаг нэгэнд шоортны урт богиноссон нь харь гарагийн мэт санагдаагүй нь лавтай. Харин зарим хүмүүст “Практикал байж чадах уу, эрчүүд хөлийнхөө 3/4-ыг гаргаад явна гэж үү, арай л эмэгтэйлэг биш үү?” гэх зэрэг эргэлзээ төрүүлсэн ч байж болох юм. Үнэндээ энэ тренд нь саяхнаас үүссэн зүйл биш бөгөөд 1970,1980-аад оны томоохон чиг хандлага байсан түүхтэй. Харин төд удалгүй буюу 1990-ээд оноос эхлэн шоортны урт эргээд өвдөг давах болж, хип-хоп хөгжмийн урсгалын нөлөөгөөр томдсон эсгүүртэй болж хөгжсөн юм. Яг л энэ жишгээр саяхныг хүртэл шуугиулаад байсан хуруу дарам микро шоорт нь богино өмднөөс дээхнүүр бермуда хэлбэрийн загваруудад гүйцэгдэж зайгаа тавьж өгөхөд бэлэн болжээ.  

Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд (фото 1)
Ami хавар/зун 2025
Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд (фото 2)
Bianca Saunders хавар/зун 2025

Яг одоо чиг хандлага болоод буй энэхүү шоорт нь хамгийн багадаа өвдөг шүргэсэн урттай, нам суудалтай, шулуун, эсвэл A хэлбэрийн эсгүүртэй ажээ. Энэ төрлийн загвар нь үеийн үед тэсрэлт хийж гарч ирэн, цаг нь болохоор "ичээндээ" орсоор ирсэн гэхэд болно. 1990-2000 онд Calvin Klein, Ralph Lauren нар түлхүү урт шоорт урлаж байсан нь тус хувцасны алдрын оргил үе билээ. Одоо тэгвэл Ami, Bianca Saunders, Lemaire гэхчлэн загварын орднууд цуглуулгынхаа өнгө аясыг тус зүг рүү чиглүүлж байгаа юм.

Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд (фото 3)
Louis Gabriel Nouchi хавар/зун 2025
Урт шоорт эрчүүдийн хувцасны шүүгээнд (фото 4)
Lemaire хавар/зун 2025

Эрчүүд микро шоортыг өдөр тутамдаа өмсөхөөс илүүтэйгээр аливаа спорттой уялдуулж, илүү хязгаарлагдмал байдлаар загварчлах хандлагатай бол урт загвар нь хэлбэр, материалаасаа шалтгаалаад олон төрлийн гоо зүйг бүрдүүлэх чадвартай гэдгээрээ онцлог. Тухайлбал, тейлор хийцтэйг нь сорочкан цамц, лофер гуталтай өмсөж илүү албаны өнгө аяс бий болгох, аль эсвэл сандаал болон футболкатай хослуулан чөлөөт хэв маяг бүрдүүлэх зэргээр яаж ч хувиргаж болох юм. Материалын хувьд илүү биетэй, чанар сайтай даавуугаар хийгдсэн байвал эдэлгээ болон өмсгөл талаасаа тохиромжтой. Өөр нэг бяцхан зөвлөгөө хэлэхэд, ердийн өмсдөг хэмжээнээсээ нэг размер томоос нь туршаад үзээрэй. Ингэснээр дүүгийнхээ хувцсыг гуйж өмсөөд багадчихсан мэт, эв хавгүй биш, харин загварлаг харагдах боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх