Америкийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн 2023 оны жагсаалттай танилцана уу
Forbes сэтгүүлээс ес дэх жилдээ “Америкийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалт”-ыг албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад бизнес эрхлэгчид, удирдах албан тушаалтнууд, энтертэйнмент салбарын түүчээлэгчдээс шилдэг 100 эмэгтэйг нийт хөрөнгөнийх нь үнэлгээний дагуу сонгон шалгаруулдаг бөгөөд “self-made” буюу “өөрийн хүчээр хөрөнгөжсөн” гэх тодотголыг онцолдог билээ. Энэ жилийн жагсаалтад орсон эмэгтэйчүүдийн нийт хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 124 тэрбум доллар байгаа нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн өмнөх жилийн жагсаалттай харьцуулахад 63 эмэгтэйн хөрөнгө арвижсан бол 29 нь өмнөхөөсөө бага орлоготой гарсан ба 2023 онд найман шинэ гишүүн жагсаалтад нэмэгджээ. Энэ жилийн 100 дахь чинээлэг бүсгүйн орлого 225 сая доллар байгаа нь 2022 оны үзүүлэлтээс 10 саяар өндөр байгаа юм.
Ийнхүү 2023 оны Америкийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр барилгын материалын хангамжийн дистрибьютер Дайан Хендрикс 15 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр шалгарчээ. Зургаа дахь жилдээ тэргүүн байраа хадгалж буй түүний хөрөнгө өмнөх онд 12.2 тэрбум доллар байсан ч 18.5 хувиас 25 хувь хүртэлх өсөлтийг үзүүлж, нийт 27 шинэ байршилд бизнесээ тэлж, 40 гаруй эзэмшилтэй болсон нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тэрээр 2007 онд барилгын салбарт хөл тавьж, нөхөр Кэнтэйгээ хамтран байгуулсан компаниа одоог хүртэл удирдсаар явна.
Жагсаалтын хоёрдугаарт, ачааны том оврын машины зогсоол болон зам дагуух сүлжээ дэлгүүрийн бизнес эрхлэгч Жүди Лав оржээ. 2014 онд байгуулагдсан “Love’s Travel Stops & Country Stores”-ийн жилийн орлого 10.2 тэрбум доллар бөгөөд тэрээр нөхөр Томтойгоо хамтран эзэмшдэг юм. Тэдний нийт орлогын тал нь Лавынх гэж Forbes үнэлсэн бөгөөд энэ мэт нөхөртэйгөө хамтарсан бизнестэй 20 эмэгтэй уг жагсаалтад багтжээ. Тухайлбал “Little Caesar’s pizza” компанийг нөхөр Майктойгоо 1959 онд хамтран байгуулсан Мариан Илич, 1969 онд Gap брэндийг хамтран үүсгэгч Дорис Фишер, “Burton” хэмээх цанын хэрэгсэл үйлдвэрлэгч компанийг нөхөртэйгөө хамтран байгуулсан Донна Карпентер нарыг нэрлэж болох юм. Мөн энэ жилийн жагсаалтад шинээр орж ирж буй Элизабет Уйхлейн нь нөхөр Ричардын хамт 1980 онд байгуулсан “Uline” хэмээх сав, баглаа боодол ханган нийлүүлэх компанийн ерөнхийлөгч бөгөөд тэрээр 6.1 тэрбум долларын хөрөнгөтэй.
Жагсаалтын 100 гишүүдээс 24 нь тэрбумтнууд бол дөрөв нь 90 орчим насны ахмадууд, 11 нь 40 хүртэлх насны залуу бүсгүйчүүд байгаа юм. 96 настай, “Bio-Rad Laboratories” компанийн үүсгэн байгуулагч Алис Шварц хамгийн өндөр настай нь бол гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, телевизийн шоуны од 25 настай Кайли Женнер 680 сая долларын хөрөнгөтэй хамгийн залуухан чинээлэг бүсгүйгээр тодорчээ. Харин дуучин Рианнагийн 2017 онд LVMH-тэй хамтарсан “Fenty Beauty” нүүр будалтын бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн жилд хоёр дахин нэмэгдсэнээр түүний орлого 1.4 тэрбумд хүрч, жагсаалтын 20-д жагссанаар энтертэйнмент салбартаа тэргүүлэгч болж байна. Түүний дараагаар Тэйлор Свифт 740 сая долларын хөрөнгөөр 34 дүгээр байрт, Мадонна 580 сая долларын хөрөнгөөр 45 дугаарт, Бейонсе 540 сая долларын хөрөнгөөр 48 дугаар байранд тус тус багтжээ. Түүнчлэн Мета компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг 1.7 тэрбум долларын хөрөнгөөр 17 дугаарт, Ким Кардашян 1.2 тэрбум доллароор 21 дүгээрт, Yahoo компанийн CEO Марисса Майер 760 сая доллароор 48 дугаар байранд бичигджээ. Эдгээр 100 чинээлэг эмэгтэйчүүдийн 38 нь Калифорни мужид оршин суудаг гэсэн судалгаа ч гарсан байна. Ингээд уншигч та бүхэн “Америкийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн 2023 оны жагсаалт”-ыг Forbes сэтгүүлийн албан ёсны сайтаас бүрэн эхээр нь харна уу.