Нийгэмд эзлэх байр суурь: Хэдийг зарцуулж буй чинь биш хэр их ажиллаж байгаа чинь таныг тодорхойлно
Хэрэглээ биш бүтээмж
The Guardian сэтгүүл сүүлийн жилүүдэд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь ямар шалгуураар тодорхойлогдох болсныг онцолсон, мөн тэдгээр шалгуурууд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан нэгэн судалгааны материал нийтэллээ. Ойролцоогоор 100 жилийн өмнө хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг хэрэглээгээр нь дүгнэдэг байсан бол одоо харин хэр их хөдөлмөрлөж буйгаар нь тодорхойлдог болжээ. Өөрөөр хэлбэл тухайн хүний тансаг машин ба гоёмсог хослолд гар татахгүй мөнгө зарцуулах нь чухал биш харин хэр хичээнгүй ажиллаж байгаа нь нийгэмд үнэлэгдэж байна.
Үүнтэй холбоотой хамгийн тод жишээнүүдээс дурдвал Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук ажлаа үүрийн 03:45 цагт эхэлдэг, General Electric компанийн захирал Жеффри Имельт долоо хоногт 100 цаг, харин Yahoo компанийн ерөнхийлөгч Марисса Майер 130 цаг ажилладаг байна. Тэдний шаргуу хөдөлмөрлөх шалтгаан нь мэдээж хөрөнгө, мөнгөний хэрэгцээ биш юм. Тухайлбал Тим Кук дундаж орлоготой америк иргэнээс 500,000% их хөрөнгөтэй бөгөөд ажил эрхлэхгүй байсан ч амьдралынхаа туршид хэрэглэх хангалттай их мөнгөтэй юм. Гэхдээ тэрээр өдөр бүр өглөө эрт сэрэн, хором бүрийг үр ашигтай өнгөрөөхийг хүсдэг нь түүний нийгэмд эзлэх байр суурийг улам бүр бэхжүүлж байна. Тэгэхээр одооноос эхлэн таны тансаг бугуйн цаг биш, харин хэр шаргуу хөдөлмөрлөж байгаа тань нийгэмд үнэлэгдэх гол үзүүлэлт боллоо.