Чангаар хашхирах нь шинэ төрлийн йога мөн үү?
Олон хоногийн турш төлөвлөсөн төлөвлөгөө нурах, ажил дээрээ хатуу шүүмжлэл авах аль эсвэл гэр бүлийн толгой өвтгөм асуудлуудтай тулгарах үед дотор буглаж байгаа тэр зүйлээ хашхираад гаргачихмаар санагддаг үе байдаг л биз дээ? Ялангуяа сүүлийн хоёр жилийн турш бид цар тахал, эдийн засгийн хямрал зэрэг хүндхэн асуудлуудтай нүүр тулсан шүү дээ. Тэгвэл мэргэжилтнүүд орилж, хашхирах нь бидний сэтгэл зүй, бие махбодыг эрүүлжүүлэх аргуудын нэг гэдгийг онцолж байна.
Энэхүү концепц нь Исланд улсаас гаднын жуулчдыг татахын тулд хэрэгжүүлсэн “Let It Out” ажлаас улбаалан хүмүүсийн дунд ихэд тархжээ. Тэд “Let It Out”-ын хүрээнд Исланд улсын уудам тал бүхий үзэсгэлэнт байгалийг зорин ирж хөл хорионы үеэр хуримтлагдсан бухимдал, стрессээ хашхиран гаргахыг уриалсан билээ. Харин хил даван аялах боломжгүй байгаа хүмүүстээ зориулан LooksLikeYouNeedIceland.com сайт руу орохыг санал болгож байгаа юм. Уг сайт дээр хашхирсан чимээнийхээ бичлэгийг илгээж улмаар таны дууг Исландын байгальд тоглуулах зорилготой гэнэ. Энэхүү төслийн сэтгэл зүйч Зои Астон хашхирахдаа хөлдөө мөрний хэмжээ аван өвдөгөө хагас нугалан зогсохыг зөвлөжээ. Мөн Зои “Хашхирах аргыг сэтгэл заслын эмчилгээний зориулалтаар бугласан сэтгэл хөдлөлөө гаргахын тулд 1970 онд хэрэгжүүлж байсан. Хашхирах хүсэл нь тархины сэтгэл хөдлөл хариуцдаг хэсгийг (amygdala) өдөөдөг бөгөөд хүн энэхүү хүслээ хэрэгжүүлснээр стресс бий болохоос сэргийлдэг” хэмээн тайлбарласан юм. Түүнчлэн Дубай хотын сэтгэл зүйн BE төвийн захирал, сэтгэл зүйч Рим Шахин “Бага насны хүүхдүүдийн дийлэнх нь орилж, чарлах дуртай байдаг. Харин ихэнх тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ чанга дууг зогсоохыг оролдоно уу гэхээс сэтгэл хөдлөлөө удирдах зөв аргыг нь зааж өгөхийг боддоггүй. Сэтгэл хөдлөлийг нь гаргахыг хориглож аль болох дардаг гэсэн үг. Энэ нь хэрэв урт хугацааны турш үргэлжлэх юм бол emotional turmoil буюу сэтгэл санааны хямралд оруулдаг сөрөг талтай. Харин хашхирах нь хуримтлагдсан мэдрэмжүүдийг ил гаргадаг билээ” гэж тайлбарласан юм.
Тэгвэл энэхүү эмчилгээ нь хэрхэн ажилладаг талаар “Бидний оюун ухаан, бие махбод сэтгэн бодох (когнитив), сэтгэл хөдлөл, үйл хөдлөл гэсэн нийт гурван түвшинд ажилладаг. Харин хашхирах нь бүх мэдрэхүйг сэргээж, хооронд нь холбож өгдөг тул эдгээр гурван түвшинд сэтгэл зүй болон бие махбод хөнгөрсөн мэдрэмжийг авдаг юм” гэж онцолжээ. Мөн сэтгэл зүйч Римийн хэлсэнчлэн задгай талд ганцаараа байх үед бид өөрийнхөөрөө, чөлөөтэй байдаг бөгөөд байгальтайгаа илүү холбогдож чаддаг гэнэ. Тиймээс энэхүү дасгалыг ганцаараа байхдаа хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм.
Хашхирах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөс гадна булчинг сулладаг билээ. Adidas брэндийн төлөөлөгчдийн нэг, хувийн дасгалжуулагч Жей Кристи “Орилж, хашхирах нь хүний биеийн булчинг суллаж өгдгөөс гадна, эрч хүч оруулж, энергийн түвшинг нэмэгдүүлдэг. Дасгал хийх явцад орилох нь адреналиныг ялгаруулж, зүрхний цохилтыг хурдасгадаг тул цусны эргэлт сайжирдаг билээ. Тиймээс би үйлчлүүлэгчдэдээ хэцүү дасгалынхаа дундуур эсвэл бууж өгмөөр санагдсан үед энэхүү үйлдлийг хийхийг зөвлөдөг” гэсэн юм.
Үүгээр ч зогсохгүй хашхирах техникийг зөвхөн бокс, фитнесс гэх мэт спортуудад хэрэглэхээс гадна йогад хэрэгжүүлж эхэлжээ. Канад улсын мэргэшсэн йогийн багш Линдси Истэйс нь амьсгалын дасгалын оронд хашхирч, Асана байрлалын үеэр сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх байдлаар хичээлүүдээ зааж эхэлсэн байна. Тэрээр энэхүү санааг хагацалтай нүүр тулсан хүнд үеийг туулж байхдаа олжээ. “Тухайн үед би маш их орилж бас харааж байсан. Эхэндээ би яг л галзуурч байгаа юм шиг санагддаг байсан ч өдөр хоног өнгөрөх тусам энэхүү үйл явцын үр дүнд миний сэтгэл зүй сайжирч байгааг анзаарсан” гэжээ. Одоогоор тэрээр Калгари хотод өөрийн хичээлээ эрхлэн явуулж байгаа бөгөөд биеэр ирж чадахгүй хүмүүстээ онлайн хувилбарыг санал болгож байгаа гэнэ. Эцэст нь Линдси “Миний бодлоор биеийн хүчний дасгалыг сэтгэл хөдлөлтэй хоршуулах нь хамгийн үр дүнтэй байдаг. Уур хилэн зэрэг сөрөг мэдрэмжүүд нь хүнд зориг, сэтгэлийн хат, сонор сэрэмжтэй байдлыг төрүүлдэг. Харин энэхүү мэдрэмжээ үе шаттайгаар гаргах нь дараа нь хуримтлагдсан уур дэлбэрэхээс сэргийлэх болно” хэмээн өөрийн үзэл бодлоосоо хуваалцсан юм.
Сөрөг тал
Дээр дурдсанчлан энэхүү арга нь 1970-аад оноос хэрэгжиж эхэлсэн ч тус сэдвийн хүрээнд одоог хүртэл хийгдсэн шинжлэх ухааны судалгаанууд хангалтгүй гэж тооцогддог юм. Дэлхийн зарим орнуудад rage room, scream club буюу эд зүйлс хагалж уураа гаргах болон вебсайтаар дамжуулан бусдын хашхирааныг сонсож, өөрийн бичлэгийг илгээх аргууд хэрэгжиж байна. Гэсэн ч Harley Therapy эмнэлгийн үүсгэн байгуулагч, Шери Жекобсон эмч “Зарим үед хашхирснаар бие хөнгөрсөн мэт мэдрэгддэг ч уур хилэн удирдлагаас гарахад амархан байдгийг санах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.
Мөн 1999 оны нэгэн судалгаагаар зарим тохиолдолд орилж, хашхирч, эд зүйлс эвдэх нь хүнд хэлбэрийн уур хилэнгийн суурийг тавьдаг гэдгийг нотолжээ. Тодруулбал, энэхүү үйлдэл нь “Би удирдлагаа алдчихлаа”, “Би энэ асуудлыг шийдэж чадахгүй юм байна” гэсэн мэдрэмжүүдийг төрүүлдэг байна. Тиймээс төрж буй мэдрэмжээ эмх замбараагүй гаргахаас зайлсхийж, сөрөг мэдрэмжүүдээ мэргэжлийн хүний удирдлага дор тухайн хүний онцлогт тохирсон стратегид суурилан шат дараатайгаар гаргах хэрэгтэйг анхааруулж байна.