Хайх

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: \"Хөөрхөн\" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: "Хөөрхөн" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё

Text: Б.Энххүслэн


"Бүдүүн байна. Тарган байна. Хөөх ямар их жин нэмсэн юм бэ? Чи турчих л юм бол уг нь хөөрхөн шд…" Та эдгээр үгсийг амьдралдаа ядаж нэг удаа сонсож үзсэн үү? Үзээгүй бол таны өмнөөс баярлаад хэтэрхий их сонсож байсан би хувийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.

Өөрийн талаар бичиж эхлэхээсээ өмнө хоол болон хүний сэтгэл зүйн харилцаа эрүүл бус байх нь эмгэг үүсгэдэг талаар ерөнхий ойлголтыг өгье. Хүн төрөлхтний хамгийн чухал хэрэгцээ болох хоолыг хэзээ, хэр их хэмжээгээр, яаж идэхээс сэтгэл зүйн өвчин үүсэх эсэх нь шалтгаалж байдаг. Англиар eating disorder буюу Монголоор хооллох дур өөрчлөгдөх эмгэг нь сэтгэл зүйн эмгэгүүдийн нэг төрөл билээ. Уг өвчин нь хүндрэх тохиолдолд эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж болох тул тоохгүй орхих асуудал биш юм. Дотроо маш олон төрөл байдаг бөгөөд ерөнхий ойлголт өгөх зорилгоор хамгийн түгээмэл тохиолддог гурван төрлийн хооллох эмгэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулъя. «Анорексия» буюу мэдрэлийн үүсэлтэй хоолноос татгалзах эмгэгээр өвчилсөн хүмүүс жингийн дутагдалд орсон ч өөрсдийгөө жингийн илүүдэлтэй гэж хардаг. Тиймээс хоолноос татгалзаж өдөрт авах илчлэгийн хэмжээгээ хэвийнээс хэт доогуур байлгаж эсвэл идсэн хоолоо бөөлжиж, мацаг барьж, туулгаж, хэт их дасгал хийж биеэсээ гаргадаг байна. Дараагийн төрөл нь «Булимия» буюу мэдрэлийн үүсэлтэй ховдгорхох эмгэг юм. Энэ нь нэг дор маш их хэмжээгээр хэт богино цагийн зайтай идэж дараагаар нь идсэн хоолоо бөөлжиж, туулгаж гаргахыг хэлдэг. Булимия оноштой хүмүүс ихэвчлэн хэвийн жинтэй байдаг ч тэдний сэтгэл зүйд таргалах айдас ихэд тархсан байдаг. Өөр нэг түгээмэл тохиолддог хооллох дур өөрчлөгдөх эмгэгүүдийн нэг бол «Binge eating» буюу хэтрүүлэн идэх юм. Уг оноштой хүмүүс ямар нэг удирдлагагүйгээр их хэмжээний хоолыг богино цагийн зайтай тогтмол иддэг. Харин тэд дээр дурдсан төрлийн эмгэгтэй хүмүүсээс идсэн хоолоо эргүүлэн гаргадаггүйгээрээ ялгаатай билээ.

Харин миний хувьд нийгэмд тогтсон «хөөрхөн» гэх стандартад 15 настайдаа нийцэх гэж хичээн өдөрт авах илчлэгээ эрс багасгаж, өөрийгөө өлсгөж эхэлсэн гэхэд болно. Гадаад төрхөд минь өөрчлөлт орсноо ч мэдэхгүй явсан ч ойр дотнын хүмүүсийн хэлдэг байсан үгнүүдээс шалтгаалан турах ёстой гэх бодол гүн сууж байсан.

«Судалгаа: Охид 6 наснаасаа эхлэн өөрийн гадаад төрхдөө санаа зовж эхэлдэг бөгөөд бага сургуулийн охидын 40-60% нь жин нэмэхээс айдаг байна»

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: "Хөөрхөн" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё (фото 1)

"Ямар их жин нэмсэн юм бэ?" гэдэг асуултыг хүмүүстэй уулзах болгондоо сонсдог байсан бөгөөд тэр үед өөртөө итгэх итгэл мэдэгдэхүйц буурч улмаар нийгмийн идэвх багассан. Тиймээс эцэг, эх, найзууд, хамаатнуудын юу ч бодолгүй хэлсэн үг сонсож байгаа хүнд нь сэтгэл зүйн эмгэг болтлоо хүндэрдэг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: "Хөөрхөн" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё (фото 2)

«Судалгаа: Илүүдэл жинтэй охидын 40% хөвгүүдийн 37% нь гэр бүлийн гишүүд эсвэл үе тэнгийнхнээсээ харагдах байдлынхаа талаар сөрөг шүүмж сонссон байдаг. Энэ нь тэдний жин нэмэх, хэтрүүлэн идэх болон жингээ хянах хатуу арга хэмжээ авах магадлалыг ихэсгэдэг»

Жингээ хасахын тулд хийсэн хамгийн эхний алхам бол хоолны дэглэм байлаа. Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтын талаар өчүүхэн ч мэдлэггүй охин яаж ч өвдөж байсан хамаагүй турж л байвал болох нь тэр хэмээн боддог байж. Эх сурвалж нь тодорхойгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх нь мэдэгдэхгүй дэглэм барьж нийт долоон кг хассан ч дэглэмийн дараа сахих ёстой зарчмуудыг мэдээгүйгээсээ болон хэсэг хугацааны дараа хассан жингээ эргүүлээд нөхчихсөн.

«14-15 настнуудын дунд хийсэн судалгаагаар хооллох дур өөрчлөгдөх эмгэгийн гол шалтгаан бол хоолны дэглэм гэдэг нь тогтоогджээ. Мөн тэднийг хоолны дэглэм барьдаггүй үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 18 дахин илүү сэтгэл зүйн эмгэгтэй болох магадлалтай гэсэн үзүүлэлт гарсан байна»

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: "Хөөрхөн" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё (фото 3)

Маш олон төрлөөр хоолоо сойсон ч дорвитой үр дүн үзүүлэхгүй байсан тул дөрвөн хоног мацаг барьсан. Нэг ч биш, хоёр ч биш дөрвөн өдөр хоолоо бүр мөсөн хорьсон хүн биеэ дийлэхээ больж шөнө дунд орноосоо буух гэтэл хөл дээрээ ч зогсож чадаагүй. Энэ бүгдийн талаар хэнд ч хэлээгүй бөгөөд буруу зүйл хийж байгаа эсэхээ ч ухаараагүй байсан юм. Харин одоо энэхүү явдлын тухай нийтлэл болгон хүргэж байгаа шалтгаан нь таны хүүхэд, дүү, ах, эгч гээд ойр дотнын хүн чинь төстэй зүйл туулаад явж байх вий, анхаарлаа сулруулахгүй байгаасай гэсэндээ билээ.

Харамсалтай нь үүгээр хоол бид хоёрын асуудалтай харилцаа дуусаагүй юм. Их сургуулийн оюутан болоход дотор муухай оргиж тавгүйрхэх мэдрэмж автлаа нэг дор их хэмжээгээр иддэг байлаа. Мэдээж хооллосны дараа эрч хүч орох бус өөрийгөө үзэн ядах мэдрэмж илүү давамгайлж хурдхан л идсэн хоолоо гаргамаар санагддаг байсан. Улмаар бөөлжиж, туулгах арга хэмжээ авч, тэр ч бүү хэл зажилсан хоолоо залгилгүйгээр хаядаг байлаа. Тус үйл явц нь нэгэн төрлийн сэтгэл зүйн эмгэг буюу хоолны дур өөрчлөгдөх булимия оношид хамаардаг гэдгийг тухайн үед мэдээгүй юм.

Хооллох дур өөрчлөгдөх эмгэг: "Хөөрхөн" болох гэж сэтгэл зүйн эрүүл мэндээ золиослохоо зогсооё (фото 4)

«Судалгаа: 15-24 насны булимия эмгэгтэй хүмүүсийн нас барах магадлал үе тэнгийн эрүүл хүмүүсээс арав дахин их байдаг»

Харин одоогийн байдлаар энэ бүх асуудлаа давж гарсан бөгөөд эдгэрэхэд тусалсан зүйлүүдээсээ хуваалцъя. Миний хийсэн хамгийн эхний алхам бол сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсноо хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хичнээн зөв зүйл хийхгүй байгаагаа мэдэж байсан ч гол асуудлаа олж хардаггүй байсан нь буруу зуршлаа үргэлжлүүлэх шалтгаан болж байсан. Харин нэгэнт эрүүл мэндээ хордуулж байгаагаа анзаарсан цагт хэрхэн эмчлэх талаар дараагийн алхмуудаа бодож эхэлдэг юм билээ. Хоёрт, дархлаа суусан. Миний гаднах төрхийн талаар шүүмжилдэг хүмүүсийн дийлэнх нь ойр дотнын хүмүүс байлаа. Хангалттай их мэдээлэлгүйн уршгаар аливаа шүүмж хэлэхэд сонсож байгаа хүний сэтгэл зүй гэмтдэг гэдгийг ойлгоогүй байх. Тиймээс гэр бүл, найз нөхдөдөө юу ч бодолгүй хэлсэн үг, хийсэн үйлдэл нь маш их хор уршиг дагуулж байдаг талаар мэдээлэл өгч, аль болох надад хэлж байсан шүүмжүүдийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхийг хичээсэн. Дараагийн хэрэгжүүлсэн алхам бол надтай гаднах төрх болон бусад зүйл дээр тулгуурлалгүй зөвхөн хүн талаас нь харьцдаг хүмүүстэй ойр байж ихэнх цагаа өнгөрүүлдэг болсон. Үргэлж магтаж, урмын уг хэлж, байгаагаар минь хүлээж авдаг найз залуугийн нөлөө маш үнэ цэнэтэй юм билээ. Түүнчлэн харах өнцгөө жаахан л өөрчлөхөд сэтгэл зүйгээ хайрлах том алхам болдог гэдгийг сүүлд ойлгосон. Найзтайгаа удаан хугацааны дараа уулзахдаа ямар их жин нэмсэнд нь биш үзэл бодол нь хэрхэн өөрчлөгдсөнд анхаарлаа хандуулж, нийгэмд тогтсон "төгс" галбирын стандартад нийцэх гэж биш босгыг өөрөөсөө эхлүүлдэг болсон зэрэг нь эдгэрэхэд маш чухал нөлөө үзүүлсэн. Эдгээр алхмуудыг хэрэгжүүлснээр хормын дотор биш ч аажмаар сэтгэл зүй болон бие эрүүлжиж эхэлсэн бөгөөд хэзээ зогсохоо мэдэхгүй иддэг байснаа больж, цадсан мэдрэмжээ үзэн ядах бус хүлээн зөвшөөрч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрүүл амьдралын хэв маяг руу дөхөж байна.

Энэ хүртэл уншсан та болон таны ойр дотны хүмүүс уг эмгэгээр шаналж байгаа тохиолдолд зөвлөгөө өгөх зорилгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ) хүүхэд, өсвөр үеийн эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т. Мандхайгаас үг өвчний талаар тодрууллаа. Т. Мандхай мөн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, мэдлэг олгодог Medic (Facebook: @Medic Instagram: @Medicmhelp) хуудас болон WorldPlus апп дээрх Colorful Mind эрүүл мэндийн цахим сэтгүүлийг ажиллуулдаг билээ. "Хооллох дурын эмгэг нь ICD-10 олон улсын өвчний ангилалд ордог тул бүрэн эмчлэхийн тулд заавал сэтгэцийн эмчид хандах шаардлагатай байдаг. Монгол улсын иргэдийн хувьд харъяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид (Аймаг, дүүрэг тус бүрийн эрүүл мэндийн төвийн вебсайтаас мэдээлэл авах) хандах эсвэл энэ эмгэг нь ихэвчлэн өсвөр үеийнхэнд илэрдэг учир СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникд (СЭМҮТ-ийн цахим бүртгэлийн утас: 98963630, яаралтай тусламжийн утас: 98983630, 24 цагийн лавлах утас: 1800-2000 ) хандах боломжтой бөгөөд уг эмгэгийн эмчилгээнд сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ, сэтгэл засал эмчилгээг хавсран хийдэг" хэмээн тэрээр онцолсон юм. 

Эцэст нь өөрийгөө магтаж, санаа тавьж, хайрлаж хувийн үнэлэмжээ ихэсгэе хэмээн хүн бүрийг уриалмаар байна. Ингэснээрээ хэн ч юу ч гэж гаднах төрхийн тань талаар шүүмжилсэн нэгэнт тогтсон бат бөх дархлааг ямар ч үг цуулж гарч сэтгэл зүйд тань нөлөөлж чадахгүй л болов уу.

цааш үзэх