Neurodiversity буюу сэтгэхүйн олон янз байдлын тухай бидний мэдэх ёстой зүйлс
Сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал олон улсын түвшинд яригдах болсон шинэ эринд Ковидын өмнө дэлхийн хүн амын 450 сая гаруй нь сэтгэлзүйн ноцтой эмгэгтэй байсны гуравны хоёр нь ямар нэг эмчилгээ, арга хэмжээ авалгүй амьдарч байсныг АНУ-ын “Айдас түгшүүр, сэтгэл гутралын нийгэмлэг” онцолжээ. Цар тахлын нөлөөгөөр энэ тоо өнөөдөр улам ч өссөн нь тодорхой. Иймээс жил бүрийн тавдугаар сарыг “Сэтгэлзүйн эрүүл мэндийн аливаа нөхцөл байдлыг ойлгох сар” болгосон бөгөөд BURO.-гийн уншигчдадаа энэ сэдвийн хүрээнд мэдлэг олгох нийтлэлүүдийг цувралаар хүргэх болно. Энэ удаа бид neorodiversity буюу сэтгэхүйн олон янз байдлын тухай гол ойлголт, мэдээллийг сийрүүллээ. Америкийн “Сэтгэцийн эмгэгийн үндэсний холбоо”-ноос хийсэн судалгаагаар тус улсын насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь амьдралдаа ямар нэг сэтгэлзүйн хүнд асуудалтай тулгарч байсан гэдэг нь тогтоогджээ. Тиймээс ийм асуудалд орсон хэн нэгнийг, цаашлаад өөрийгөө болон хайртай хүмүүсээ ойлгож, зөв аргаар туслах нь аз жаргалтай, аюулгүй, эрүүл нийгмийг бүтээхэд маш чухал билээ.
Neurodiversity гэдэг нь өөр арга замаар, өөр өнцгөөс сэтгэн бодох сэтгэхүйн ялгаатай олон талт байдлыг хэлдэг ажээ. Дэлхий дээр оршин буй хүн бүрийн алганы хээ, DNA, царай төрх ижилгүй байдаг шиг бидний уураг тархи ч бас бусдаас ялгаатай, дахин давтагдашгүй, онцгой бүтэцтэй байдаг. Улмаар ийм тархи нь ондоо арга хэлбэрүүдээр дамжин хөгжсөөр, хүн бүр аливаа зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг, мэдэрдэг, ойлгодог, шийддэг болж, сэтгэхүйн ялгаатай байдлыг үүсгэдэг байх нь. Сэтгэхүйн энэ ялгаа нь зан араншны ялгаатай байдлыг ч үүсгэх нь бий. Тиймээс "Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй" гэдгийг ухамсарлан ойлгож, аливаа үл ойлголцол, буруушаалт болон ялгаварлан гадуурхалтын эсрэг байх нь хамгийн чухал юм. Хүмүүний заяаг олж төрнө гэдэг нь бүх зүйлсийг нь сонгоод програмчилж болдог робот бүтээх үйл явцаас ялгаатай шүү дээ. Бидний хэн нь ч хэзээ, ямар гэр бүлд, ямар царай төрх, бие хаа, оюун ухаантай төрөхөө сонгодоггүй тул нэг нэгнийхээ сэтгэн бодох, харах өнцгийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгож, хүндлэх нь сэтгэл гутрал, айдас түгшүүрт хором хормоор автсаар байгаа бидний нийгмийг илүү энэрэнгүй, хайраар дүүрэн байлгах түлхүүр билээ.
Neurodiversity хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд ихээхэн түгж, боловсролын байгууллагууд сурагч, оюутан бүрийнхээ онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулж, орчин нөхцөлийг шинэчилж байгаа бол аж ахуй нэгж, компаниуд ялгаатай сэтгэхүйтэй хүмүүсийг нэг хивэнд цутгачихсан мэт ижил түвшинд байхыг шаардахаа больж, өнгө өнгийн мэт өөр хүмүүсээр багаа бүрдүүлж, илүү бүтээлч ажиллахыг эрхэмлэдэг болжээ. Тиймдээ ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд хүн бүрийн онцлог, өөр байдлыг хүндэлсэн орчин, дотоод соёл, үйл ажиллагааны горим нэвтрүүлж, ялгаатай байдлыг ажилчдадаа танин мэдүүлж, тэдгээрийн дахин давтагдашгүй, онцгой ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд анхаарсаар байна. Үүний нэгэн тод жишээ бол Стэнфордын анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Стэнфордын сэтгэхүйн олон янз байдлыг дэмжих төсөл” юм. Уг төслийн хүрээнд маш олон төрлийн хурал чуулган, хичээл семинар, төсөл хөтөлбөрүүд, хүүхдийн зуны зуслан хүртэл хэрэгждэг ажээ.