Сэтгэл санаанаас шалтгаалж хэт их идэх нь: Хэрэв зөвхөн хоолноос аз жаргалыг мэдэрч байвал яах вэ?
Хоол бидний сэтгэл зүйтэй хэрхэн холбоотой болох тухай, мөн уйдах эсвэл гуниглах үед ээлжит зүсэм бялууг идэх хүсэл төрөх үед юу хийх хэрэгтэй талаар
Донтуулдаг хайр
Ихэвчлэн бид амьдралдаа хамтрагч, хүүхдүүд, санхүү гээд ямар нэг хэлбэрээр хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс шалтгаалж байдаг. Гэхдээ та ямар нэг зүйлээс хэт их хамааралтай болсноо мэдэхийн тулд тухайн зүйлийг тогтмол бодолгүй тайван ажлаа хийж чадах эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв чадаж байвал бүх зүйл хэвийн байна гэсэн үг. Энэ хоолонд ч хамаарна. Бид хөгжиж, харилцаж, зорилгодоо хүрч, ер нь л амьдрахын тулд хоол иддэг. Харин хоол таатай харилцаа, сонирхолтой ажил, шинэ мэдрэмжийг орлож, таашаал авах байнгын эх үүсвэр болсон тохиолдолд жинхэнэ донтолт болж хувирна.
Эцэс төгсгөлгүй тойрог
Та дөнгөж сая хоолоо идэж дууссан хэрнээ шууд л хоолны тухай бодож байвал хоолноос таашаал авах гэж хэт хичээж байгааг илтгэнэ. Энэ нь таны амьдралд сонирхлыг татаж, дотоод энергийг тань асааж өгөх сонирхолтой зүйлс, шинэ мэдрэмж дутагдаж байгааг шууд илэрхийлж байгаа юм.
Үр дүн нь нүдэнд илэрхий
Сэтгэл санааны хувьд хоолноос хамааралтай болсныг маш энгийн шинж тэмдгүүдээр таниж болно. Үүнд хамгийн түрүүнд стресс, айдас, түгшүүр, орно. Тайван бус байдалд ороход бидний бие организм тайвшрахыг хүсдэг бөгөөд энэ нь ч өөрийгөө хамгаалахын тулд хийж буй хэвийн үйлдэл юм. Тиймээс бид өөрсдийгөө аюулгүй байгааг мэдрэхийн тулд хоол идэхийг хүсдэг байна. Эсвэл нэгэн хэвийн ажил хийх, уйдах, ганцаардах үед бид чипс, самар, чихэр идэж амны зугаагаа гаргах тохиолдол бий. Энэ нь бид уйтгартай ажлаа хийж дуусгах хэмжээний хангалттай сэтгэлийн тэнхээгүй болохыг харуулж байгаа юм. Учир нь ингэж бид өөрийнхөө амьдралыг хөнгөвчилж, уйтгартай ажлаа илүү сонирхолтой болгохыг хичээдэг байна.
Бид юуг хайдаг вэ?
Йогийн багш, аюрведа амьдрах ухаан баримтлагч, "Happy, Healthy, Sexy" номын зохиолч Кейти Силкокс хоолны амт бидний амьдралд сэтгэл хөдлөлийг орлодог гэдгийг онцолсон юм. Тэрээр аюрведагийн (Эртний Энэтхэгийн амьдрах ухаан) зарчмыг ашиглан амтыг чихэрлэг, давслаг, исгэлэн, гашуун, халуун ногоотой, аргуу гэсэн үндсэн зургаан хэсэгт хуваажээ. Хэрэв эдгээр амтны аль нэг нь байхгүй бол бид цатгалан байсан ч ямар нэг зүйл дутагдаж байгаа мэт мэдэрдэг байна. Харамсалтай нь хоолны цэсэнд эдгээр бүх амт байхгүй тул бид үргэлж хоолноос мэдрэмж авахыг хүсдэг гэнэ. "Сэтгэл санааны өлсгөлөн гэдэг нь өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй байгааг хэлэх ба үр дүнд нь бид энэхүү дотоод дуу хоолойгоо амттай хоолоор "таглахыг" хичээдэг. Уйтгар, айдас, гомдол, уур хилэн, гэм буруу гэх зэрэг сэтгэл санааны байдлууд нь түгшүүр үүсгэдэг. Харин энэ түгшүүрийг арилгах хамгийн энгийн арга нь хоол болж байгаа юм. Хоол бол амттай. Харин амттай байгаа бол энэ нь сэтгэл санаа болон бие организмд таашаал өгч байдаг. Амттай хоол идэхэд богино хугацаанд ч хамаагүй тайвшрал ирж, тархинд аюулгүй, эсэн мэнд байгаа гэсэн дохио очдог байна. Гэхдээ эдгээр сэтгэл санааны байдал яг юунаас үүссэнийг олж тогтоогоогүй тохиолдолд түгшүүр эргээд л ирэх болно" гэж сэтгэл зүйч Анна Сметанникова ярьж байна.
Амт мэдрэх хүсэл
Кейти Силкоксийн хэлж буйгаар чихэрлэг амт нь зөөлөн, дулаан тэврэлтийг санагдуулдаг гэнэ. Тиймээс ийм мэдрэмж дутагдах үед бид зүсэм бялуу болон бусад ижил төрлийн чихэрлэг амт руу тэмүүлдэг байна. Бид чихэрлэг зүйлс идэхэд хайр, халамж мэдэрдэг. Тэр тусмаа оройн цагаар, хүнд өдрийн дараа биднийг хэн нэгэн тэвэрч "Бүх зүйл сайхан болно" хэмээн хэлээсэй гэж хүсдэг.
Исгэлэн амт дулаацуулж, тайвшруулдаг. Аюрведа амьдрах ухаанд зааснаар дарс нь тайвшруулж, судас тэлж, газар шороонд илүү ойртуулж өгдөг тул бид дарсанд дурладаг хэмээн тайлбарласан байдаг. Мөн исгэлэн амт нь анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхэд тусалдаг байна. Бид амьдралд юу хийхээ мэдэхгүй, ийш тийш үсчиж байгаа үед давслаг зүйл идэхийг хүсдэг гэнэ. Харин амьдралд тань адал явдал, шинэ мэдрэмж үгүйлэгдэх үед халуун ногоотой зүйл идэх хүсэл төрдөг бол гашуун амт нь бид өөрсдийгөө хязгаарладаг болохыг илтгэнэ.
Юу хийх вэ?
Хоол идэх эрүүл бус хүсэл нь бидний амьдралд ямар нэг зүйл дутагдаж байгааг илэрхийлдэг. Яг энэ хүсэл нь бидний сэтгэл хөдлөлийн хэрэгцээг эрч хүчээр солихыг эрмэлздэг байна. Энэ муу зуршлаа ялан дийлэхийн тулд бид юуны түрүүнд жинхэнэ өлсгөлөнг хуурамчаас нь ялгаж сурах хэрэгтэй. Жишээ нь ажил дээрээ хоол халаах чимээ сонсож эсвэл кафед нарийн боовны үнэр авахад бие организм өлсөөгүй хэдий ч рефлексээрээ хоол идэх хүсэл төрдөг байна. "Жинхэнэ өлсгөлөн бие организмд буюу ходоодонд мэдрэгддэг. Үүний дараа л тархи өлссөн гэсэн дохио хүлээж авна. Ходоод хоржигнож, гэдэс хоосон оргиж, толгой эргэн, хүч чадалгүй болдог. Ийм төрлийн өлсгөлөн нь аажмаар үргэлжлэх бөгөөд бид хоол идэхэд арилдаг. Хуурамч өлсгөлөнгөөс ялгаатай нь брокколи эсвэл алим гээд ямар ч шинэхэн (бүр эрүүл хоол ч байсан хамаагүй) хоол шууд л хоолны дуршил хөдөлгөдөг" гэж эрүүл хоолны зөвлөх Екатерина Ермакова хэллээ. Мөн жинхэнэ өлсгөлөнг хуурамчаас ялгахын тулд нүдээ аниад өөрийнхөө бие организмыг "сканердаад" үзээрэй. Ухаан бодлоосоо биед мэдрэгдэж буй мэдрэмжинд төвлөрөхийг хичээх хэрэгтэй. Хэрэв та жинхэнээсээ өлсөж буй шинж тэмдэг олоогүй бол эргээд бодол санаандаа төвлөрч "Яг одоо надад жинхэнээсээ юу дутагдаж байна вэ?", "Би хоолгүйгээр энэ хэрэгцээгээ хангахын тулд юу хийх ёстой вэ?" хэмээн өөрөөсөө асуугаарай.
Сэтгэл санааны байдлаас болж хэт их идэхгүйн тулд доорх хэд, хэдэн дүрмийг баримтлаарай:
1. Асуудлыг ухаарах: Та сэтгэл санааны байдлаас болж идэж байна.
2. Жинхэнээсээ өлсөж байгаа үеэ олж тогтоох. Жишээ нь өглөө.
3. Сэтгэл санааны байдлаас болж идэх хүсэл төрж буйгаа анзаарч, бодол санаагаа цэгцлэх.
4. Илэрхийлэхэд хэцүү байгаа мэдрэмжээ (санаа зовох, айх гэх зэрэг) цаасан дээр буулгах.
5. Өөртөө цаг хугацаа өгч, мэдрэмжээ илэрхийлэх боломж олгох (бүжиг, бокс, спортоор хичээллэх бас орилох).
6. Сэтгэл зүйчийн тусламж авах, групп эмчилгээнд хамрагдах, мэргэжилтнээс зөвлөгөө авах.