Яагаад "шүлсээ залгихад л" жин нэмээд байна?
Илүүдэл жин бол бидэнд тулгардаг түгээмэл асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Ихэвчлэн үүнтэй тэмцэхийн тулд дасгал хийж, хоолоо сойж, эрүүл амьдралын хэв маяг мөрдөж хүссэн үр дүндээ хүрдэг. Гэвч долоо хоногийн дөрөвт нь хөлсөө гаргаж гурил, сахар, тосоо хассан ч биеийн жин бууж өгөхгүй байна уу? Тэгвэл энэхүү асуултын хариултыг эндокринологич, эмэгтэйчүүдийн эмч Евгения Назимовагийн зөвлөгөөнд үндэслэн бичсэн тус мэдээнээс олж уншаарай.
Генийн онцлог
Генийн онцлогоос шалтгаалан биед үүсэх өөх (липогенез) болон үүний шаталтын (липолиз) үйл явц харилцан адилгүй байдаг. Иймд өөхөө шатаахаасаа илүү хураах төлөвтэй хүн жингээ хасахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ энэ нь хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нөлөө бүхий шалтгаан биш юм. Учир нь хүн өөрөө л хүсвэл биеийн хэлбэрээ ямар ч байлгаж болно гэдгийг онцолъё.
Инсулины хэмжээ ихсэх
Инсулин бол нэгэн төрлийн даавар бөгөөд цусан дахь чихрийн хэмжээг зохицуулж чихрийг энергийн эх үүсвэр (гликоген) болгон хувиргадаг үндсэн үүрэгтэй. Харин хүн энергиэ хангалттай хэмжээнд зарцуулахгүй байх тохиолдолд инсулин чихрийг гликоген бус өөх болгон хувиргадаг бөгөөд энэ нь ихэвчлэн хүний бэлхүүс орчим газар хуримтлагддаг. Түүнчлэн цусан дахь глюкозын хэмжээ ихсэх үед инсулины ялгарал дагаад өндөр болдог байна. Иймд уг бодис нь үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хичнээн хоолны дэглэм барьж дасгал хийсэн ч жин нэмэгдэх шалтгаан болдог билээ.
Дааврын дутагдал
Бидний бие унтаж байхдаа хүртэл хуримтлагдсан энергиэ зарцуулсаар байдаг. Энэхүү үйл ажиллагааны идэвхтэй байдалд өөхний хэмжээг зохицуулдаг дааврууд ихээр нөлөөлдөг байна. Үүнд бамбай булчирхайн болон бэлгийн даавар (эстроген, тестостерон) хамаардаг билээ. Ингээд эдгээрийн дутагдал хэрхэн илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй танилцъя.
- Хэрэв бамбай булчирхайн даавар хэвийн хэмжээнээс бага байх тохиолдолд бодисын солилцооны идэвх буурч биед шингэн хуримтлагдаж хүний бие хавагнахад хүрдэг.
- Бэлгийн дааврын дутагдал 40 нас давсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог байна (наснаас гадна өндгөвчийн үйл ажиллагааны хямрал, өндгөвчийн олон уйланхайт хам шинж болон бусад өвчнөөс шалтгаалан дааврын дутагдалд ордог). Энэ нь эр эм бэлгийн булчирхай хөгширдөгтэй холбоотой. Уг үйл явц нь эмэгтэйчүүдэд илүү хурдацтай явагддаг бөгөөд 50-53 насанд цэвэрших үед эстрогений ялгарах хэмжээ эрс буурч жин нэмэхэд хүргэдэг. Харин эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн дааврын түвшин нь тийм ч хурдацтай буурдаггүй бөгөөд амьдралын хэв маяг болон эрүүл мэндийн байдлаас ихээхэн шалтгаалдаг байна.
Нойрны дутагдал эсвэл чанаргүй нойр
Нойр дутуу явах нь жин нэмэх үндсэн шалтгаануудын нэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч үргэлжлэх цагаас илүү чухал зүйл бол нойрны чанар гэдгийг та мэдэх үү? Гүн нойронд шилжих үед хүний биед мелатонин гэх бодис ялгардаг бөгөөд үүний дутагдал нь энерги зарцуулах үйл ажиллагааны идэвхийг болон бамбай булчирхай, бэлгийн даавруудын ялгарлыг тус тус бууруулдаг сөрөг үр нөлөөтэй. Тиймээс 12 цагаас өмнө гадаа бүрэн харанхуй болсон үед сэрэлгүйгээр унтах нь чанартай нойр авахад тусалдаг тул хэрэгжүүлэхийг уриалж байна.