Sober October: Хэрхэн согтууруулах ундаанаас татгалзаж, үүндээ харамсахгүй байх вэ?
Дэлхий даяар хатуу хөл хорионы дэглэмтэй байх үед согтууруулах бүтээгдэхүүнүүдийн борлуулалт мэдэгдэхүйц өссөн гэх тооцоолол гарсан. Мөн одоогийн байдлаар хорио цээрийн дэглэм дахин давтагдахаас эмээж, хүмүүс баар, гудамжны кафегаар тогтмол үйлчлүүлэх болсон билээ. Энэ нь эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сайжруулахгүй нь ойлгомжтой тул олон нийтийн сүлжээгээр энэ аравдугаар сараас эхлэн "Sober October" буюу согтууруулах ундаа хэрэглэхгүй, эрүүл аравдугаар сар хэмээх нэгэн челленж үргэлжилж байна. Аравдугаар сар дуусах дөхөж байгаа ч челленжид нэгдэж, шинэ жилийн баярууд эхлэх хүртэл хугацааг нь уртасгахыг бид уриалж байна.
Одоогоор дэлхийн өнцөг булан бүрийн хэдэн арав мянган хүн энэхүү челленжид нээгдээд байгаа юм. Instagram дээрээс #soberoctober хэштагийг хайгаад үзээрэй.
Согтууруулах ундаа эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
1. Тархины үйл ажиллагааг алдагдуулдаг
АНУ-ын сэтгэцийн эмч, тархины мэргэжилтэн Даниэл Амен "Тархиа өөрчилсөн тохиолдолд амьдрал тань өөрчлөгдөнө" нэртэй номондоо согтууруулах ундаа бидний тархинд муу үр дагавар авчирдаг, тэр тусмаа ой санамж муутгах, анхаарал төвлөрөл чадваргүй болгох, шинэ зүйлд суралцах чадварыг багасгах, шинэ мэдээлэл хүлээн авах чадваргүй болгох зэрэг олон талын сөрөг нөлөө үзүүлдэг талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Тэрээр "Бага, зохистой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь зүрх болон тархинд тустай байдаг. Зарим хийгдсэн судалгааны дагуу өдөрт 1-2 хундага согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс физиологийн хувьд эрүүл байдаг нь батлагдсан билээ. Гэхдээ гол түлхүүр үг бол 'бага хэмжээгээр' юм. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас хоёр дах хундаганы дараа зогсоход хэцүү байгаа бол огт уухгүй байсан нь дээр" хэмээн номондоо бичжээ.
2. Архаг нойргүйдэлд хүргэдэг
АНУ-ын анагаах ухааны доктор Мэттью Уокер "Бид яагаад унтдаг вэ" нэртэй номондоо үдэш, оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэснээр унтахад дэм болохгүй, харин ч эсрэгээрээ хиймэл унталтын төлөвт оруулдаг болохыг дурдсан байна. Тиймээс энэ нь таны тархинд явагдах ой тогтоолт, тархины эргэн санах үйлдлүүдэд хохирол учруулдгаас гадна огтхон ч амарсан мэдрэмж өгөхгүй.
3. Эд эс дэх шингэнийг гадагшлуулдаггүй
Өглөө хавантай сэрэх, нүдний доорх хүнхэр, целлюлитийн шинж тэмдэг зэрэг нь танд таалагддаггүй гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хэрэв та толигор сайхан арьстай, ерөнхийдөө эрүүл харагдахыг хүсэж байгаа бол бусадтай нийгэмших зорилгоор хундага дарс уух зуршлаас татгалзах хэрэгтэй.
4. Илүүдэл жин нэмэхэд нөлөөлдөг
Согтууруулах ундаа их илчлэгтэй бүтээгдэхүүн билээ. Тухайлбал 100 мл вискинд 295 ккал агуулагддаг бол нэг ширхэг шоколадтай чихэрт дунджаар 70-80 ккал байдаг. Тэгвэл өндөр илчлэгтэй согтууруулах ундааны төрөлд коньяк (239 ккал), жин ба цагаан архи (230-260 ккал), ликёр (дунджаар 300 ккал) зэрэг зүйлс ордог юм. Харин вермутын илчлэг 145 хүрдэг бол оргилуун дарсанд 88 ккал, хуурай дарсанд 65-80 ккал агуулагддаг байна.
Тав тухгүй байдлыг мэдрэхгүйгээр хэрхэн согтууруулах ундаанаас татгалзах вэ?
Хэд, хэдэн арга бий.
Хэвшмэл зан үйлийг өөрчлөх
Ихэнх хүмүүсийн хувьд цахимаар ажиллаж байх үед хундага дарс уух нь нэг ёсондоо цаг хугацаагаа мэдрэх зан үйл болон хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл уухгүй байгаа үед ажлын өдөр ид үргэлжилж байна гэсэн үг юм. Харин орой болсныг тэд просекко таалан уухдаа л мэдэрдэг байна. Гэсэн хэдий ч ажлын өдөр дууссан гэдгийг өөртөө зарлах өөр олон арга бий. Жишээ нь оройн 19.00 цагаас хойш тав тухтай шаахай өмсөх, халуун шүршүүрт орох эсвэл ургамлын гаралтай цай уух гээд өөрт тань тохирсон аргуудаас туршаад үзэхийг зөвлөж байна.
Согтууруулах ундаа уух хүсэл тань ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодорхойлох
Ухамсартай байдал нь бидний шийдвэр гаргах чадварт багагүй нөлөө үзүүлдэг. Та яагаад, яг ямар шалтгааны улмаас уухыг хүсэж байна вэ гэсэн асуултад үнэнчээр хариулах хэрэгтэй. Хариултууд нь таныг гайхшруулж магадгүй юм. Тухайлбал, "Би уйдаж байна", "Өлсөж байна" гэх зэрэг хариултууд цөөнгүй байдаг. Шалтгаанаа тодорхойлох нь уухаа багасгахад аль эсвэл бүр мөсөн согтууруулах ундаанаас татгалзахад тусална.
Оронд нь моктейль хэрэглэх
Моктейль (Англи хэлнээс mock "хуурамч", cocktail "коктейль" гэсэн утгатай) бол согтууруулах ундаа ороогүй коктейль юм. Моктейлуудыг мөн л адил нимбэгийн зүсмэл, ургамлын навч, гааны навчаар чимэглэж, сиропоор өнгө оруулж, гоёмсог шилэн аяганд хийдэг. Ижилхэн атлаа ганц ч грамм согтууруулах ундаа ороогүй гэхээр таатай мэдээ биш гэж үү? Моктейлийг жимсний шүүс, тоник, гаазтай ундаа зэргээр найруулж бэлтгэдэг тул ердийн коктейлийн оронд моктейль хэрэглэх нь зөв шийдвэр болно.
Тайвшрах
Стресснээс ангижрахын тулд нэг шил дарс ууж хэвшсэн үү? Хэрэв тийм бол бусад тайвшруулах үр дүнтэй аргуудад суралцах цаг иржээ. Сонголтууд олон бий шүү дээ. Ном унших, инээдмийн цуврал кино үзэх, амьсгалын дасгал хийх, бясалгах, нүүрэндээ иллэг хийх зэрэг зүйлсээс санаа авахыг зөвлөж байна.
Нойроо авах
Өдөр бүр яг нэг тогтсон цагтаа сэрж, унтах нь зөв дадал зуршил суулгаж, цаашид нойрны асуудал үүсгэдэггүй билээ. Гэрээсээ, цахимаар ажиллаж байгаа зарим хүмүүс үүр цайхад унтах, өдрийн цайны цагаар сэрэх зэрэг асуудлуудтай тулгарах нь цөөнгүй байдаг. Гэвч бүтэн нойроо авч, өдрийн турш өөдрөг, тайван байхын тулд мэргэжилтнүүд шөнө дунд болохоос өмнө нойрсож, найман цаг унтах хэрэгтэй байдаг хэмээн зөвлөдөг. Мөн унтахаасаа хоёр цагийн өмнө бүх электрон хэрэгслүүдээ унтрааж, өрөөний агаарын хэм 18-20 хооронд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй юм.