Аяллын зөвлөгөө: Хүүхэдтэй хамт нисэхэд анхаарах зүйлс
Бага насны хүүхэдтэй хамт олон цаг нисэх нь эцэг эхчүүдээс багагүй тэвчээр шаарддаг ч хэрэв та хувийн бэлтгэлээ маш сайн хангаж, цагаа сайтар тооцоолж чадвал энэ үеийг харьцангуй хялбар давах боломжтой. Тиймээс баярын өдрүүд ойртож, гэр бүлээрээ гаднын улсыг зорих аяллын урсгал нэмэгдэж буй энэ үед уншигч та бүхэндээ бага насны хүүхэдтэй хамт нисэхэд зайлшгүй анхаарах болон авч явах зүйлсийг хүргэж байна.
Анхаарах зүйлс
- Хүүхдийн сагс буюу ор захиалах
0-2 насны хүүхэд тусдаа онгоцны тийз авалгүйгээр агаарын хөлөгт үнэ төлбөргүй зорчдог. Харин та өөрийн тийзийг захиалах үедээ нэмэлтээр “Bassinet seat” буюу хүүхдийн сагс/ор захиалж болох бөгөөд энэ нь нислэгийн турш хүүхдийг ая тухтай зорчиход туслах болно.
- Унтах цагийг тааруулах
Хэрэв хүүхэд тань тогтмол цагт унтдаг бол нислэгийн цагаа яг тэр үеэр тохируулаарай.
- Чих өвдөхөөс сэргийлэх
Агаарын хөлгийн дуу чимээ, хөөрч буух үеийн агаарын даралтын зөрүү нь чих өвтгөхөөс гадна сонсгол муудах, чихний хэнгэрэг цоорох, бүр цаашлаад сонсголгүй болгох ч шалтгаан болдог. Иймд онгоц хөөрч, буух үед хүүхдэд зориулалтын чихний бөглөөс хийх, эсвэл хөхүүлэх, угжих, зажлах ур чадвар шаардах чихэр, бохь зэргийг хэрэглүүлж болно.
- Цаг агаарын зөрүү
Дулаан орон руу явах байсан ч хүүхдэдээ дулаан өмд, цамц, оймс зэргийг авахаа бүү мартаарай. Учир нь дулаан орны үйлчилгээний газрууд хүйтэн агааржуулагч ихээр үлээлгэдэг учир бэлтгэлтэй байх нь зүйтэй.
Авч явах зүйлс
- Бичиг баримт
Таны хүүхэд хэдэн ч настай байсан заавал гадаад паспорт авсан байх ёстой. Мөн төрсний гэрчилгээ, вакцины бичиг зэргийг цүнхлэхээ бүү мартаарай.
- Хүүхдийн тэрэг, машины суудал
Агаарын хөлөгт хүүхдийн нэг тэрэг, нэг машины суудлыг үнэ төлбөргүй тээвэрлэдэг бөгөөд онгоц руу орох хоолойд бүртгэл хийлгэж, бүхээгийн ажилтанд өгч болно.
- Хүүхдийн хоол
Болж өгвөл хүүхдийнхээ идэх дуртай, өөрт нь тохирдог хоолыг урьдчилан бэлдээд авч явахыг хичээгээрэй.
- Анхны тусламж
Халууны шил, хамрын дусаалгаас эхлээд өвчин намдаах эм, гэдэсний эм, харшлын эм зэрэг таны хүүхдэд хэрэг болох магадлалтай эм, витаминуудыг мартуузай. Мөн аялал эхлэхээс өмнө хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлж нислэгийн үеийн бусад нэмэлт заавар, зөвлөгөөг авч болно.
- Бусад:
- Олон төрлийн солих хувцас
- Халуунаа барьдаг усны сав /ган усны сав/
- Шинэ тоглоом, ном
- Амттан
- Хүүхдийн хөнжил
- Хог хийх уут
- Алчуур, салфетка
- Өдөр тутамд хэрэглэдэг бусад зүйлс
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт