Хайх

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд

Туршаад үзээрэй

Text: Buro.Mongolia


Шинэ жилийн баяр гэдэг яахын аргагүй гэр бүл, найз нөхөдтэйгөө амьдралын хамгийн гоё, мартагдашгүй дурсамжийг бүтээдэг мөчүүдийн нэг. Тэр ч утгаараа энэ баярыг сэтгэл шингээн зассан ширээн дээрх олон янзын амтат хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Иймд дурсамж бүтээх баярын ширээг тань чимэх амттай, шинэлэг бас сонирхолтой санаануудыг уншигч та бүхэнд хуваалцаж байна.


ХӨНГӨН ЗУУШ


Моцарелла бяслагтай дарсан чинжүү

(6-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 1)

Орц:

  • 200 гр моцарелла бяслаг 
  • 1 аяга дарсан жижиг чинжүү (peppadew)
  • ⅓ аяга улаан дарсны цуу 
  • 4-5 ш ганга өвсний мөчир
  • 2 ш нухсан саримс 
  • ½ цайны халбага улаан чинжүүний үйрмэг 
  • Бага зэргийн давс, оливын тос, нунтаг хар перец 

Хийх жор:

1. Бяслаг болон чинжүүг саванд хийж холино. 

2. Дарсны цууг жижиг саванд хийн дээрээс нь бага зэргийн давс, ганга, саримс болон чинжүүний үйрмэгээ нэмж хутгаад дунд зэргийн гал дээр 1 минут орчим буцалгана.

3. Ийнхүү буцалгасан хольцоо бяслаг болон чинжүүтэйгээ хольсны дараагаар оливын тос, давс болон хар перецийг өөрийн амталгаагаар нэмэх боломжтой. 

Рикотта бяслаг, брокколитой шарсан талх

(6-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 2)

Орц:

  • 12 зүсэм хэрчсэн 1 ш багет талх
  • Жижиглэн хэрчсэн брокколи
  • 6 хоолны халбага оливын тос 
  • 8-10 ш саримс 
  • 1 хоолны халбага зөгийн бал 
  • 1 хоолны халбага цагаан дарсны цуу 
  • ½ цайны халбага улаан чинжүүний үйрмэг
  • Бага зэргийн давс 
  • ½ аяга рикотта бяслаг 

Хийх жор:

1. Шарах шүүгээг цельсийн 200 градуст урьдчилан халааж бэлтгэх. Сайтар тосолсон шарах шүүгээний нэг тавцан (roasting pan) дээр талх, өөр нэг тавцан дээр брокколи болон саримсаа байрлуулан давс нэгэн жигд цацна.  

2. Үүний дараагаар брокколиг дээд талд, талхыг доод талд нь байрлуулан шарах шүүгээнд 10-12 минут шарна. Эхлээд талхаа гарган авна, харин брокколи болон саримсыг бүрэн зөөлөртөл ахин 15-20 минут шарна. 

3. Жижиг аяганд зөгийн бал, цуу болон чинжүүний үйрмэгээ хольж хутгана. 

4. Саримс бүрэн болмогц аяганд хийж бяслагтайгаа сайтар хутгаад давс болон перецээр амтална. 

5. Шарсан талх дээрээ амталсан бяслаг болон брокколигоо тавиад, хамгийн сүүлд нь зөгийн балын хольцоо жигд асгаж өгөөрэй. 


ҮНДСЭН ХООЛ


Хурганы амталсан мах

(6-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 3)

Орц:

  • 6-8 ш хурганы шаант чөмөг 
  • 1½ цайны халбага нунтаг синнамон 
  • 1½ цайны халбага нунтаг турмерик 
  • 1 цайны халбага нунтаг кумин
  • ½ аяга оливын тос
  • ½ цайны халбага нунтаг кардамом
  • 2 ш нимгэн хэрчсэн сонгино 
  • 6 ш ганганы мөчир 
  • 4 ш буталсан саримс 
  • 2 ш лаврын навч 
  • 2 хоолны халбага гурил 
  • ½ аяга хуурай улаан дарс 
  • 4 аяга тахианы шөл (сонголтоор) 
  • 1 аяга анар жимсний шүүс 
  • 2 аяга хушга 
  • 3 хоолны халбага давсгүй цөцгийн тос 
  • Нимбэгийн хальс
  • Урьдчилан бэлтгэсэн полента буюу эрдэнэ шишээр хийсэн итали маягийн нухаш (төмсний нухашаар орлуулж болно)

Хийх жор: 

1. Шарах шүүгээг цельсийн 175 градуст урьдчилан халааж бэлтгэх. Хурганы махаа давс болон перецээр амтлан хэсэг амраана. Үүний дараагаар синнамон, турмерик болон кардамомоо жижиг саванд хийж холиод бэлтгэсэн махан дээрээ массажлах маягаар жигд түрхээд, тасалгааны температурт нэг цаг амраагаарай. 

2. Хайруулын тавагт тос хийн дунд зэргийн гал дээр халаана. Халаасан тосон дээрээ махаа тавиад, хүрэн бор өнгөтэй болтол нь 10-15 минут хуурна. Хуурч дуусмагц махаа аваад хуурай цаасан дээр тавьж тосыг нь шүүгээрэй.

3. Нимгэн хэрчсэн сонгино дээрээ чимх давс нэмэн 8-10 минут хуурна. Тэгээд ганга, саримс, лаврын навч нэмээд ахин хоёр минут орчим хуурахад анхилуун үнэр ялгарч эхэлнэ. Үүний дараагаар хоёр халбага гурил нэмэн сайтар хутгаад, хуурай улаан дарсаа хийж хоёр минутын турш тасралтгүй хутгана. Хамгийн сүүлд нь анарын шүүсээ нэмэн ахин таван минут орчим зөөлөн буцалгаарай. 

4. Шарах тавцан дээр махаа байрлуулж дээрээс нь бэлтгэсэн соусаа хийнэ. Тугалган цаасаар бүхэлд нь ороож махаа зөөлөртөл хоёр цаг орчим болгоно. Ингээд зуухнаас аваад битүү тагтай саванд 30 орчим минут тасалгааны температурт амраана.   

5. Яг ширээн дээр тавих хүртэл махнаасаа тугалган цаасаа бүү салгаарай. Харин одоо мах амталсан шингэн соусны илүүдэл тосыг шүүн цэвэрлэж,  тунгалаг болгоод дотор нь хушгаа хийн 15-20 минут буцалгана. Үүний дараагаар цөцгийн тосоо бага багаар нэмэн тасралтгүй хутгаж соусаа улам өтгөн болгоорой. 

6. Эцэст нь махаа таваглаад дээрээс нь хушгатай соусаа хийж, нимгэн хэрчсэн нимбэгийн хальсаа тавина

Загасны махтай тако 

(7-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 4)

Орц: 

  • 10 ш гуахилло чили (guajillo)
  • 3 ш морита чили (morita)
  • 1.3 кг загасны мах 
  • ½ аяга жүржийн шүүс 
  • 5 ш саримс
  • Achiote paste - аннато үр, халуун чинжүү, олон төрлийн ургамал болон цуугаар хийдэг халуун ногоотой амтлагч (гэртээ хийх, эсвэл худалдан авч болно)
  • ½ ш жижиглэн хэрчсэн улаан сонгино 
  • 1 ш жижиглэн хэрчсэн хабанеро чили 
  • ¼ аяга лаймны шүүс 
  • 2 аяга жижиглэн хэрчсэн хан боргоцой 
  • 3 хоолны халбага жижиглэсэн яншуй 
  • 16 ш эрдэнэ шишийн тортилла 
  • Давс болон ургамлын тос 

Хийх жор:

1. Гуахилло болон морита чилиг дунд зэргийн саванд 1½ аяга ус хийн буцалгана. Буцалсны дараагаар галаа унтрааж, саваа таглаад 30 орчим минут байлгахад чили сайтар зөөлрөх болно.

2. Ингээд зөөлөрсөн чили устай нь хамт холигчид хийн дээрээс нь жүржийн шүүс, achiote paste, дөрвөн ширхэг саримс, лаймны шүүсээ нэмж хоёр минут орчим холино. 

3. Хан боргоцойн салса бэлтгэхэд сонгино, хабанеро чили, хан боргоцой, яншуй, нэг ширхэг саримс, лаймны шүүсэн дээр давс нэмэн хутгаад, хэрэглэх хүртлээ таглаатай саванд хийн хадгалах. 

4. Загасны мах шарах гриллээ сайтар цэвэрлэн тослоод дунд зэргийн халуун гал дээр тавих. Үүний дараагаар гэсгээж бэлтгэсэн махаа авчран тал тус бүрийг нь 2-3 минут шарна.  

5. Эцэст нь тортиллагийн хоёр талыг тус бүр 30 секунд грилл дээр шаран авч дээр нь загасаа тавина. Загасны мах дээрээ бага зэргийн чили соус, нэг халбага хан боргоцойн салса, мөн дээрээс нь бага зэргийн лайм шахаж, яншуйгаар чимэглээрэй. 


АМТТАН


Карамел пүддинг

(7-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 5)

Орц:

  • 1 л өтгөн цөцгий
  • 1 ш уртаар нь хуваасан ванилийн шош 
  • 160 гр элсэн чихэр 
  • 6 ш том өндөгний шар
  • Бага зэргийн давс
  • Whipping cream (сонголтоор) 

Хийх жор:

1. Шарах шүүгээг цельсийн 150 градуст урьдчилан халааж бэлтгэх. Цөцгийн дээрээ үрийг нь авсан ванилийн шошийн хальсаа нэмээд дунд зэргийн гал дээр буцалгаад авна. 

2. Элсэн чихэр дээрээ бага зэргийн ус нэмээд зөөлөн гал дээр хутгана. Ойролцоогоор дөрвөн минут орчим хутгахад элсэн чихэр өтгөрч хүрэн бор өнгөтэй карамел үүсэх болно. Ингээд өөр тийш авч тавиад хөргөөрэй. 

3. Шошийн хальсыг цөцгийнөөс салган авсны дараагаар цөцгийгөө карамел руу бага багаар нэмнэ. Цөцгийгөө нэмэх үед хүчтэй хөөсрөх учир маш сайн хутгах хэрэгтэй.  

4. Өндөгний шар дээр давс болон хоёр халбага элсэн чихэр нэмж холино. Үүнийгээ мөн карамел руу аажмаар нэмэн хутгана. 

5. Ингээд бэлэн болсон зуурмагаа рамекин буюу цилиндр хэлбэртэй зориулалтын жижиг аягуудад хуваан байршуулна. Үүний дараагаар шарах тавцан дээр аяганы тал хүртэл ус хийн дүүргэж 60-70 минут жигнэнэ. 

6. Жигнэж дуусмагц дор хаяж гурван цаг ил тавьж хөргөнө. Энэхүү пүддингийг заавал цаг тулгаж бус хоёр өдрийн өмнө хийж бэлтгэн таглаад, сэрүүн газар хадгалах боломжтой. 

Цангис жимстэй бялуу

(6-8 хүнд)

Шинэ жилийн баярын ширээг чимэх хоолны сонирхолтой санаанууд (фото 6)

Орц: 

Царцдас:

  • 115 гр цагаан гаатай жигнэмэг 
  • 1 аяга пекан самар
  • 4 хоолны халбага давсгүй цөцгийн тос 
  • 3 хоолны халбага бор элсэн чихэр 

Бусад:

  • 350 гр цангис жимс
  • 500 гр элсэн чихэр 
  • 3 том өндөг, 2 том өндөгний шар
  • 1 цайны халбага сайтар жижиглэсэн нимбэгийн хальс 
  • 2 цайны халбага сайтар жижиглэсэн лаймны хальс 
  • ½ аяга лаймны шүүс 
  • ¾ аяга давсгүй цөцгийн тос 
  • Чимх давс 

Хийх жор:

Царцдас: 

1. Шарах шүүгээг цельсийн 175 градуст урьдчилан халаана. 

2. Жигнэмэг, самар, цөцгийн тос болон элсэн чихрээ хольж нухаад 23 см орчим гүнтэй бялуу бэлтгэх савандаа хийнэ. Дээрээс нь маш сайн дарж өгсний дараагаар шарах шүүгээнд хийж 10-15 минут болгоно.

Хүсвэл нэг өдрийн өмнө царцдасаа бэлтгэж болно. Урьдчилж бэлтгэх тохиолдолд сайтар таглаад тасалгааны температурт хадгалах ёстой. 

Бусад: 

1. 250 гр цангис жимс, 200 гр элсэн чихэр дээр ¼ аяга ус хийн дунд зэргийн гал дээр 15 орчим минут буцалгана. Ийнхүү буцалсны дараагаар сайтар хөргөөд, холигчид хийж жигд хутгана.

2. Буцалж буй устай сав дээрээ халуунд тэсвэртэй том аяга, эсвэл жижиг хэмжээтэй сав тавьж, тэрхүү савандаа жимсний нухаш, өндөг, өндөгний шар, нимбэгийн хальс, лаймны шүүс, 100 гр аяга элсэн чихэр, нэг халбага лаймны хальс хийн өтгөртөл нь 8-10 минут зориулалтын хусуураар хутгана.

3. Дээрх хольцоо бага зэрэг хөргөөд автомат холигч руу шилжүүлнэ. Автомат холигчоо дундаж хурд дээр тааруулаад цөцгийн тосоо бага багаар нэмж өнгө, бүтцийн хувьд цайвар болон өөрчлөгдтөл нь таван минут орчим холиорой. Ингээд бэлэн болсон бэлдцээ царцдас дээрээ нэмээд хоёр цаг орчим тасалгааны температурт амраана. 

4. Тал аяга усан дээр 100 гр элсэн чихэр хийн уустал нь хутгасны дараагаар үлдсэн 100 гр цангис жимсээ нэмээд нэг минут орчим буцалгана. Тэгээд цангис жимсээ тусад нь авч ил тавиад 20-30 минут хөргөнө. 

5. 100 гр элсэн чихэр болон нэг халбага лаймны хальсаа аяганд хийгээд дотор нь хөргөсөн цангис жимсээ хийн болгоомжтой сэгсэрч эргүүлнэ. Ингээд элсэн чихрээр бүрхэгдсэн цангис жимсээ бэлэн болсон бялуун дээрээ байрлуулаад л амттан маань бэлэн боллоо. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх