Хайх

Өөрийгөө хүчирхийлэгч болсныг хэрхэн таних вэ? Өөрийн ааш авир, үйлдлээ яаж засах вэ?

Өөрийгөө хүчирхийлэгч болсныг хэрхэн таних вэ? Өөрийн ааш авир, үйлдлээ яаж засах вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Заримдаа хүмүүс өөрийгөө хүчирхийлэгч болсныг ойлгодоггүй. Ихэнх тохиолдолд өөрийгөө хүчирхийлэгч гэдгээ ухаармагц тухайн хүн өөрчлөгдөж, засрах хүсэлтэй, ингэх ч боломжтой байдаг. Үүний тулд яг юу хийх ёстойг сэтгэл зүйч, сэтгэл засалч Тата Феодориди тайлбарлалаа.

Хүчирхийллийн шинж

Хэн нэгэн өөрийнхөө хүч чадал, байр суурийг мэдрэхийн тулд бусдыг дарлаж, хөнөөлтэй байдалд хүргэж байгаа бол тэр хүн хүчирхийлэгчийн мөрөөр явж байна гэсэн үг. Эрх мэдэл түүнд хүч чадал өгч, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлж байдаг. Магадгүй тийм ч учраас хүчирхийлэл цэцэглэж, хүчирхийлэгч улам бүр догширсоор байдаг байх. Харамсалтай нь хүчирхийлэгчийн доромжлол, хүчирхийллийн үйлдлийг нь тэсэн тэвчиж байгаа хүмүүсийн амьдрал улам бүр дорддог.

Хүчирхийлэгчийн чек-лист

Тантай байнга харьцдаг хүмүүс ч таныг хүчирхийлэгч гэдгийг заримдаа ойлгодоггүй. Хүчирхийллийн золиос болж буй хүмүүс ихэвчлэн өөрийг нь хүчирхийлж байгааг ойлгож, ялгаж салгаж чаддаггүй. Яагаад гэвэл тэд "За яахав дээ, бүгд л ингэж амьдардаг шүү дээ" хэмээн бодож, үүнийг хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг.

Гэсэн хэдий ч эрт, орой хэзээ нэгэн цагт нүдээ нээж, бодит байдлыг ухаарах хэрэг гарна. Та бол хүчирхийлэгч, хэрэв:

  • Та сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй бөгөөд заримдаа бүр хүч хэрэглэдэг
  • Та харилцааны асуудалтай. Та өөрийнхөө үзэл бодлыг хүч хэрэглэлгүйгээр амаараа илэрхийлэх чадваргүй.
  • Та өөрийнхөө асуудлыг бусад руу чихэж, үргэлж бусдыг буруутгаж байдаг.
  • Та өөрийн хүмүүжил, харилцах арга барилаа (жишээ нь өөрийн өссөн гэр бүлээсээ сурсан) хэзээ ч шүүмжилж байгаагүй.
  • Та амарч чаддаггүй учраас танд үргэлж уур уцаар, бухимдал цугларсаар байдаг.
  • Taнд бүхнийг хяналтдаа байлгаж, дарангуйлах хүсэл төрдөг. Жишээ нь "Надад утсаа үзүүл!", "Би эхнэр нь учраас мэдэх эрхтэй!"
  • Та бусдын хүсэл сонирхлыг сонсолгүй, тэднийг өөрийн зорилгодоо ашигладаг.
  • Та бусдыг айлгаж, сүрдүүлж, дарамтлах хандлагатай. "Долоо хоног ямар ч секс байхгүй шүү!", "Би чамаас хүүхдүүдээ авна" гэх мэт.
  • Та үргэлж хамтрагчдаа сэтгэл дундуур байдаг. "Би үүнээс илүү зүйл хүртэх эрхтэй. Би өөрийгөө үнэлдэг", "Чи миний төлөө өөрчлөгдөх ёстой".

Би яагаад хүчирхийлэгч вэ: Үндсэн шалтгаанууд

Үүнд үндсэн хоёр шалтгаан бий.

Нэгдүгээрт: Ta невротик зан ааштай хүн бөгөөд дээрх чек листэд дурдагдсан бүх зүйл таны хувьд жинхэнээсээ сэтгэл зүйн асуудал болдог.

Хоёрдугаарт: Асуудлаа тайван замаар шийдвэрлэхээс илүүтэй хүчирхийлэгч байх нь танд илүү амар байдаг. Орилж, хашхирч, заналхийлж, цохих нь илүү хурдан үр дүн өгдөг. Ийм үйлдлүүд нь богино хугацааны эффекттэй ч алсдаа ойр дотны хүмүүсийнхээ итгэлийг алдаж, тэднийг зовлонд хүргэнэ.

Хэрвээ танд энэ бүхэн хэвийн санагдаж байгаа бол цаашид ингээд л амьдраад бай! Гэхдээ ойр дотнынхондоо цаашид тантай хамт амьдрахад хэцүү байх болoхоор эртхэн өөр зам сонгосон нь дээр гэдгийг шууд сануулж анхааруулаарай. Харин та өөрийнхөө ааш авир, үйлдлийг өөрчлөхийг хүсэж байгаа бол тодорхой алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй.

Би хүчирхийлэгч юм байна: Одоо яах вэ?

Өөртэйгөө ажилла. Хэрвээ та үнэхээр дотны хүмүүсээ зовоохыг хүсэхгүй байгаа бол зорилготой, тууштай байх хэрэгтэй.

Ярилцаж сур

Тийм ээ, энэ хэцүү. Ялангуяа та ярихаасаа өмнө бодож сураагүй бол бүр ч хэцүү. Гэхдээ хэрвээ танд өөрийг тань хүрээлж буй хүмүүсийн сэтгэл санааны байдал чухал бол үүнийг хийх хүч чадал, хичээл зүтгэл олдох л болно. Хамгийн гол нь нээлттэй харилцаж, ярилцах үедээ орилж хашхичихгүй, буруутгахгүй, доромжлохгүй байх гэсэн гурван чухал дүрмийг баримтлаарай. Мэдээж үргэлж амжилттай ярилцаж чадахгүй ч оролдоод үзэх зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ хүчирхийлэл бий болсон харилцаанд орсон бол энэ бүх түрэмгийлэл, хүчирхийллийн дараа хайр үнэхээр үлдсэн үү, цаашид хамт баймаар байна уу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрвээ "тийм" гэж хариулсан бол эдгээр асуултад хариулаарай: Та хоёр яаж бие, биенээ гэмтээж байна вэ? Та хоёрын харилцаанд яг юу дутагдаж байна вэ? Дэмжлэг үү? Цаг хугацаа юу? Эсвэл чин сэтгэлийн яриа юу? Нэг сарын турш хамтрагчаа дарамтлахгүй, шүүмжлэхгүй байж оронд нь харилцаандаа аль хэдийнэ мартагдсан зүйлсийг өгөөрэй. Таны даалгавар бол хамтрагчтайгаа өрсөлдөгчид болох бус дотносож, нэг баг байх гэдгийг санаарай.

Дотны хүмүүстэйгээ харилц

Эхнэр, нөхөр, хүүхдүүд, эцэг эхтэйгээ ярилцаад үзээрэй. Тэд таныг чимээгүй үзэн яддаг болоод удсан байж ч магадгүй. Тиймээс өөрийнхөө үйл хөдлөлийг бодитоор үнэлж, өөртөө ч тэр, ойр дотнынхондоо ч тэр ингэж хандах хэрэгтэй юу гэдгийг ойлгож авах хэрэгтэй юм.

Таны харилцах арга барил тохиромжгүй байгааг ойлго

Тохиромжгүй төдийгүй хор хөнөөлтэй. Хамтрагч тань харилцаагаа тасалж, хүүхдүүд тань аз жаргалгүй нэгэн болон өсөж, хамтран ажиллагсад тань танаас зайгаа барих болно. Та үнэхээр ийм байхыг хүсэж байна уу?

Хүрээлэн буй орчноосоо завсарлага ав

Стресс болон ядаргаа цугларсаар хүн уур уцаартай, үглээ, биеэ барих чадваргүй болж, мэдрэлийн ядаргаанд (жишээ нь эрч хүч үлдээгүй ч эцсийн хүчээрээ орилж чарлахыг хэлнэ) ордог. Тиймээс заримдаа хүмүүс, олон нийтийн сүлжээ, ажил зэргээс завсарлага авч, амрах хэрэгтэй юм. Доорх дөрвөн системээр амрахыг туршаад үзээрэй:

1. Өдөрт нэг удаа 15-60 минут

2. Долоо хоногт нэг удаа 24 цаг

3. Сард нэг удаа 2-3 хоног

4. Жилд нэг удаа 20 ба түүнээс дээш хоног

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх