Зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэнтэй ярилцах хэрэгтэй вэ?
Шинэ судалгаа
"Өөрийн зорилго, төлөвлөгөөнийхөө талаар бусдад ярилгүй, зүгээр л хий" гэх зөвлөгөөг хүн бүр маш олон удаа сонссон гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ арга барил нь 100% үнэн зөв биш болохыг Охайогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаагаар баталжээ. Тодруулбал судалгаанд дурдагдсанаар өөрөөсөө илүү өндөр байр суурьтай, хүндэтгэл хүлээсэн хүмүүст зорилгоо ярих нь зорьсондоо илүү хурдан хугацаанд хүрэх боломжийг өгдөг гэнэ. Гэхдээ хэрэв та ярилцаж буй хүнийхээ үзэл бодолд төдийлөн ач холбогдол өгдөггүй бол энэ арга барил ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдгийг судлаачид мэдэгджээ.
Эрдэмтэд энэ сэдвийн хүрээнд хэд, хэдэн туршилт явуулжээ. Эхний ээлжид тэд хүмүүсийн карьерын ахицыг судалсан бөгөөд өөрөөсөө илүү өндөр байр суурьтай хүмүүст төлөвлөгөөгөө ярьсан хүмүүс зорилгоо биелүүлж, амжилтад хүрч байсан нь илэрсэн аж. Харин хоёр дах туршилтыг их сургуулийн оюутнуудын дунд явуулжээ. Тэдэнд нэг семестрийн турш өндөр дүн авах даалгавар өгсөн бөгөөд мөн л энэ зорилгоо өөрөөсөө илүү өндөр байр суурьтай хүмүүст хуваалцсан оюутнууд даалгавраа амжилттай биелүүлж чаджээ.
Сэтгэл судлалын өнцгөөс авч үзвэл энэ арга нь маш энгийн сэтгэл зүйн мэх юм. Хэрэв энгийнээр тайлбарлавал тухайн өндөр байр суурьтай хүн таны талаар юу гэж бодох нь маш их ач холбогдолтой тул та зорилгоо биелүүлэхийн тулд тууштай байж, илүү их хичээл зүтгэл гаргадаг гэдгийг судлаачид онцолсон юм. Мөн өөрийнхөө хүндэлдэг хүмүүст зорилгоо ярих нь зөвхөн хэлсэн амандаа хүрэхэд туслаад зогсохгүй урам зориг өгдөг байна.