Хайх

Гэр бүлийн санхүү: Хэрхэн төлөвлөх вэ?

Гэр бүлийн санхүү: Хэрхэн төлөвлөх вэ?

Text: А.Сарнай


Хосууд болон залуу гэр бүлүүдийн хувьд санхүүгийн асуудал дээр нээлттэй ярилцаж, хамтдаа төлөвлөж, хариуцлагаа хувааж, нэг ижил алсын хараатай байх хамгаас чухал. Харин хаанаас яаж, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байвал нийтээр өргөн хэрэглэгддэг 50/30/20 эсвэл 70/20/10 зэрэг мөнгөний дүрмийг баримталж болно. Энэ нь гэр бүлийн нийт орлогын 50 хувийг тогтмол зардалд, 30 хувийг хувийн хэрэгцээнд, 20 хувийг хадгаламжийн дансанд хийх зэргээр мөнгөө зөв захиран зарцуулах арга бөгөөд амьдралын хэв маягтаа тохируулан багахан өөрчлөх ч боломжтой.

Энэ удаад бид уншигчдадаа зориулан гэр бүлийн ухаалаг санхүүгийн төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар зөвлөгөөг бэлтгэлээ.


Нухацтай ханд

Сар бүрийн тогтсон нэг өдөр гэр бүлээрээ цугларч, ирэх сарын санхүүгийн төлөвлөгөөгөө гаргадаг уламжлалтай болохыг зөвлөж байна. Ингэхдээ сэтгэл санааны хувьд тайван байж, анхаарал сарниулах зүйлсийг хол тавьж, удаан ярилцаж суух боломжтой тухтай орчныг бүрдүүлэх чухал. Гэр бүлийн санхүү гэдэг гэр бүлийн гишүүн бүрд хамаатай учир хүүхдүүдээ ч мөн оролцуулахаа бүү мартаарай.

Орлого, зарлагаа тодорхойл

Тогтмол зардал (байрны түрээс, сургууль, цэцэрлэгийн төлбөр), хувьсах зардал (хүнс, автомашин, аялал зугаалга), өр зээл (банкны зээл, картын зээл, сургалтын төлбөрийн зээл) зэрэг зардлуудаа ангилан хувааж, нарийн тооцоолж сурах хэрэгтэй. Ингэснээр тухайн сарын орлого болон зарлагын харьцаа тодорхойлогдож, хадгалах боломжтой мөнгөн дүн ч гараад ирнэ. Хэрэв огт хадгаламжид хийх мөнгө үлдэхгүй бол үр ашиггүй зардлаа танаж эхлэх цаг болсны дохио юм шүү. Хүнс, гар утас, автомашин зэрэгт сар бүр тогтмол дүн тогтоож өгөх нь зардлаа хянахад тань туслах болно.

Гэр бүлийн санхүү: Хэрхэн төлөвлөх вэ? (фото 1)

Тэмдэглэлт өдрүүдэд бэлэн бай

Зардлаа танаж, санхүүгээ ухаалгаар удирдана гэдэг нь та амьдралын чухал мөчүүдийг алгасна гэсэн үг биш. Харин ч төлөвлөгөө гаргахдаа тухайн сард болох төрсөн өдөр, хурим найр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд тусгайлан төсөв гаргаж өгөөрэй. Мэдээж төлөвлөөгүй зүйл амьдралд бишгүй тохиодог учир гэнэтийн үйл ажиллагаанд зориулсан тусдаа данстай байх нь таныг ямар ч үед санхүүгийн дарамтад орохоос сэргийлж чадна. Зардлаа танах бус орлогоо нэмэх нь бидний гол зорилт байх учиртай юм шүү.

Хүүхдүүдээ оролцуул

Хүүхдэдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцах талаар насанд нь тохирох хялбар арга барилаар цаг гарган зааж өгөөрэй. Тэр тусмаа гэр бүлийн санхүүгийн төлөвлөгөө гаргах үедээ хүүхдээ оролцуулж, орлого зарлагаа хамтдаа төлөвлөж заншсанаар тэд ядаж л ус, цахилгаан үнэгүй зүйл биш гэдгийг ойлгож, аливаад хариуцлагатай байхад суралцаж эхлэх болно.

Гэр бүлийн санхүү: Хэрхэн төлөвлөх вэ? (фото 2)

Сахилга баттайгаар хадгал

Аливаа эрсдэлд бэлэн байж, ямар ч тохиолдолд санхүүгийн дарамтад орохгүй байхын тулд манай гэр бүл дараах долоон төрлийн хадгаламжийн дансыг тогтмол хөтөлдөг.

  • Хүүхдийн хадгаламж: Сар бүрийн хүүхдийн мөнгө дээр нэмээд өөрсдийн орлогын тогтмол хувийг байршуулна.
  • Эрсдэлийн хадгаламж: Урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн асуудал гарах үед ашиглах данс. Энэ нь хугацаагүй хадгаламж байж болно.
  • Хуримын хадгаламж: Хэрэв хурим хийх төлөвлөгөө байгаа бол эртнээс мөнгөө тусад нь хадгалахыг зөвлөж байна.
  • Хувийн хадгаламж: Санхүүгийн хувьд хараат бус байхад туслах хувийн хадгаламж.
  • Бизнесийн хадгаламж: Урт болон богино хугацааны зорилтыг биелүүлэхэд тусална.
  • Аяллын хадгаламж: Амьдралыг үргэлж илүү амттай болгодог аялалд зориулж тусдаа хадгаламжтай байх маш чухал.
  • Хугацаагүй хадгаламж: Яаралтай үед хэрэглэх боломжтой хугацаагүй хадгаламжийн данстай байх нь төлөвлөгдөөгүй баяр ёслол, худалдан авалт зэрэгт санхүүгийн дарамтыг бууруулдаг. Хамгийн гол нь орлого олсон үедээ нөхөж хийхээ бүү мартаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх