Хайх

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага

Text: А.Сарнай


-38 хэмийн хүйтнээр эхэлсэн арванхоёрдугаар сарын нэгэн өглөө надад яагаад ч юм гэнэтхэн л хүүхдээ дагуулаад халуун орныг зорих хүсэл төрсөн юм. Хэрэв би тухайн үед “Хоёрхон настай хүүхэд юу ч санахгүй, жоохон том болохоор нь явбал” гэсэн бусдын зөвлөгөөг дагасан бол охинтойгоо хамт Андаманы тэнгисийн эрэг дээр суун нар жаргахыг харж, аяллын үйл явдлаа нэгд нэгэнгүй санаж, шулганан дурсах хөөрхөн яриаг нь сонсон суух сайхан мөчүүдээ алдах байсан. Харин би өнөөдөр гэр бүлээрээ хийсэн бяцхан аялал минь надад ямар сайхан дурсамж үлдээснийг эргэн санахын сацуу тун удахгүй аялалд гарахаар зэхэж буй, эсвэл хүүхэдтэйгээ хамт аялах эсэхдээ эргэлзэн буй хэн бүхэнд өөрийн туршлага, зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага (фото 1)

ЗАРДАЛ ТООЦОХ

Аяллын өдөр товлогдсоноос хойш бэлтгэл ажил ундарч, нийт зардлаа тооцоолох судалгааны ажил эхэлсэн юм.

Агаарын хөлөгт 0-2 насны нялх хүүхэд асран хамгаалагчийн өвөр дээр суун үнэ төлбөргүй зорчдог бол 2-12 насны хүүхэд 25 хувийн хөнгөлөлттэй үнээр тийз худалдан авч, тусдаа суудалд зорчино. Мөн хүүхдийн нэг тэрэг, нэг машины суудлыг нэмэлт төлбөргүйгээр агаарын хөлөгт тээвэрлэдэг ба 10кг-аас доош жинтэй хүүхэд нярайн ор буюу сагс захиалах боломжтой.

Энэ удаад бид Тайланд улсын Пукет арлыг зорьсон бөгөөд усан парк, завин аялал, аквариум зэрэг үзвэр, үйлчилгээний газруудад гурваас доош насны хүүхэд үнэгүй эсвэл хямдралтай үнээр үйлчлүүлж, зочид буудалд мөн үнэ төлбөргүй байрласан нь зардал хэмнэх таатай нөхцөл байсан. Мэдээж гэр бүлээрээ аялахад багагүй зардал гардаг учир залуу гэр бүлийн хувьд зөвхөн аялалд зориулсан хадгаламжтай байсан нь биднийг санхүүгийн дарамтад өртөхөөс сэргийлж чадсан юм.

Нислэгийн тийзийн үнэ хэзээ хамгийн хямд байдаг талаарх нийтлэлийг энд дарж уншина уу.

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага (фото 2)

БИЧИГ БАРИМТ

Хэдэн ч настай хүүхэд байсан хүчинтэй хугацаатай гадаад паспорт (доод тaл нь зургаан сар) хамгийн чухал. Үүнээс гадна хэрвээ овоглож буй хүн (ааваараа овоглодог бол аав нь, ээжээрээ овоглодог бол ээж нь) хамт яваагүй тохиолдолд заавал төрсний гэрчилгээгээр хууль ёсны асран хамгаалагч нь мөн болохыг баталгаажуулах шаардлагатай. Төрсний гэрчилгээг биет хэлбэрээр, зураг хэлбэрээр эсвэл цахим хэлбэрээр үзүүлж болно. Мөн насанд хүрээгүй хүүхэд эцэг эхээс бусад гэр бүлийн гишүүн буюу эмээ, өвөө, ах, эгчийн хамт гадаадад зорчих бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл бичүүлэх ёстой байдаг.

ХҮҮХДИЙН ХООЛ

Хэрэв та онгоцонд хүүхдийн хоол авахыг хүсвэл онгоцны тийз бичүүлэх үедээ урьдчилж захиалаарай. Мөн аль ч орон руу явсан бай ус, хоол солигдох нь хүүхдийн гэдэс амархан хямрах шалтгаан болдог тул аяллын явцад нэмэлтээр тогтмол ашигтай бактери уулгахыг зөвлөж байна. Мөн аль болох амтлагч багатай хоол сонгож, тогтмол ус уулгаж байх нь зүйтэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЛОН АСУУДАЛД БЭЛЭН БАЙХ

Гэдэс өвдөх, халуурах, ханиад хүрэх эрсдэлүүдийг тооцож шаардлагатай эм бэлдмэлийг хангалттай авч явсан ч өвчин намдаах эм, өвчин намдаах тосон түрхлэг, шархны наалт зэргийг мартсан нь тооцоолоогүй маш их зардал гаргахад хүргэсэн. Тиймээс хэрэв таны гэрт анхан шатны тусламжийн зүйлс бэлэн байвал цүнхэндээ хийх, мөн өндөр хамгаалалттай хүүхдийн болон том хүний нарны тос, арьс наранд түлэгдсэн тохиолдолд зуун настын гелен тос бэлэн авч явахыг зөвлөж байна.

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага (фото 3)

АЯЛЛЫН ДААТГАЛ

Аяллын хугацаанд үүсэж болох тодорхойгүй нөхцөл байдал болоод аливаа эрсдэлээс сэргийлэх чухал аргуудын нэг бол аяллын даатгал. Хамгийн нийтлэг аяллын даатгалын төрлүүдэд түргэн тусламжийн үйлчилгээ буюу эрүүл мэндийн гэнэтийн асуудал, ачаа тээш болон бичиг барим алдагдах, аяллын зардлын даатгал зэрэг багтдаг. Мөн зарим улс орон руу аялахад заавал даатгал хийлгэсэн байх шаардлага тавьдаг бөгөөд даатгалтай аялж сурах нь таныг болзошгүй эрсдэлд бэлэн байхад туслах болно.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН

Миний хувьд энэ удаад цэлгэр өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, хүүхдийн усан сан, чимээ шуугиан багатай нам гүм орчин зэрэг шаардлагуудыг зочид буудал сонгохдоо голчлон анхаарсан. Энэ сонголт маань ч зөв байсан бөгөөд хүүхэд өдөр тутамдаа тав тухтай унтаж амрах, хүссэн үедээ тоглох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинд байх нь тайван аялах томоохон хөшүүрэг байсан юм.

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага (фото 4)

ХЭТ ШАХУУ ТӨЛӨВЛӨГӨӨ БҮҮ ГАРГААРАЙ

Хүн бүрийн аялах хугацаа харилцан адилгүй хэдий ч бага насны хүүхэдтэй хамт явж буй тохиолдолд хэт шахуу аяллын төлөвлөгөө гаргахгүй байхыг зөвлөе. Тэр тусмаа анх удаа аялж буй хүүхэд гэрээсээ хол орчинд стресст өртөх магадлал ихтэй учир аль болох сайн амрааж, ямар нэгэн цагийн хуваарь, дүрэм журамд баригдалгүй чөлөөтэй байхыг хичээгээрэй.

САЙТАР ЯРИЛЦАХ

Хүүхэдтэйгээ агаарын хөлөг, аялах газар, байрлах зочид буудал гэхчлэн бүх зүйлийн талаар чин сэтгэлээсээ, цаг гарган ярилцах нь тэдний сэтгэл зүйг аялалд сайтар бэлдэж, ямар нэгэн айдас мэдрэхгүй байхад туслах болно. Мөн хүүхэд гэр бүлийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцохдоо дуртай байдаг учир шийдвэр гаргахдаа үргэлж хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож байгаарай.

ОНГОЦОНД ХАМГИЙН ИХ ХЭРЭГ БОЛСОН ЗҮЙЛС

Миний хувьд хоёр настай хүүхэдтэй хамт нисэхэд урьдчилан бэлтгэсэн хүүхдийн хоол, хүүхдийн дуртай амттан, зураг зурах хэрэгсэл, ном болон солих хувцаснууд хамгийн их хэрэг болсон. Мөн биед эвтэйхэн хувцас өмсөж, хүйтэн болон халуун аль ч нөхцөлд бэлэн байх, онгоцонд суухаас өмнө бие засуулах, онгоц хөөрөх болон буух үед чих өвдөхөөс сэргийлэхэд анхаарсан билээ.

Түүнчлэн онгоцонд чанга дуу чимээ гаргах, урд суудлаа өшиглөх зэрэг соёлгүй үйлдлүүд гаргаж болохгүй талаар хүүхэдтэйгээ ярилцаж, хэрхэн биеэ зөв авч явах энгийн хэр нь чухал зүйлсийг зааж өгөх том боломж байсан шүү.

Хэдийгээр бага насны хүүхэдтэй аялах үед эцэг эхчүүдээс нэлээд хүчин чармайлт бас тэвчээр шаардагдах хэдий ч энэ таны хүүхдэд үлдэх хамгийн гоё дурсамж бас ирээдүйд нь өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. 

Бага насны хүүхэдтэйгээ хамт аялсан миний туршлага (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх