Хайх

IELTS шалгалтад бэлдэхэд туслах 4 вэбсайт

IELTS шалгалтад бэлдэхэд туслах 4 вэбсайт

Танд амжилт хүсье!

Text: Buro.Mongolia


IELTS шалгалтад бие даан бэлдэж буй хэн бүхэнд өндөр оноо авахад туслах дараах вэбсайтуудыг санал болгож байна. Дэлхийн 140 гаруй оронд хүлээн зөвшөөрөгддөг энэхүү шалгалтын оноотой болохын тулд та яг одоогоос зорилгоо тодорхойлж, өдөр бүр тууштай, нарийн төлөвлөгөөтэй, сахилга баттайгаар бэлдэж эхлээрэй. Мөн түүнчлэн сар бүр жишиг шалгалт өгч IELTS шалгалтын ерөнхий бүтэц, цаг төлөвлөлтийг сайтар ойлгох нь зорьсон оноондоо хүрэхэд тань туслах болно.

IELTS шалгалтад бэлдэхэд туслах 4 вэбсайт (фото 1)

 1. IELTS Liz

Олон жилийн туршлагатай, мэргэжлийн багшийн хөтлөн явуулдаг энэхүү вэбсайтаас та IELTS шалгалтын сонсох, бичих, ярих, унших хэсэгт хэрхэн бэлдэх зөвлөгөө, хичээлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой. Мөн түүнчлэн хамгийн түгээмэл хэрэглэгддэг IELTS шалгалтын ахисан түвшний үгсийн сан, ярих хэсгийн асуултад хэрхэн зөв хариулах жишиг хариултууд гэхчлэн 300 гаруй хуудас мэдээллийг агуулдаг байна. Харин C1, C2 түвшин буюу IELTS шалгалтын 8-9 оноог зорьж буй сурагчдад зориулан нэмэлт төлбөр бүхий сурах бичиг, видео хичээл зэргийг санал болгодог.

2.  How to do IELTS

IELTS шалгалтын хэсэг тус бүрд бэлдэх нарийн аргачлал болон шалгалтад зориулсан нэн чухал дүрмийн хичээлүүдийг үзэх боломжтой энэхүү вэбсайтад хуучин шалгуулагчид өөрсдийн бодит зөвлөгөө, мэдээлэл болон өндөр оноо авч байсан жишиг эсээнүүдээ байршуулсан байдаг. Тиймээс та тэрхүү эсээнүүдийг цаг гарган уншиж, ерөнхий бүтцийг ойлгож, санаа авч, түгээмэл хэрэглэгдэж буй үгсийг цээжлэх боломжтой. Гэвч өөрийн чадварыг харуулалгүйгээр цээжилсэн зүйлээ яг таг дуурайлган бичих нь шалгалтын явцад оноо алдахад хүргэдэг болохыг бүү мартаарай.

3. IELTS Online Test

Дэлхийн 120 гаруй орны 23 орчим сая онлайн сурагчидтай энэхүү вэбсайт нь 16 жилийн түүхт InterGreat боловсролын байгууллагад харьяалагддаг. Та энэхүү вэбсайтаас өгөгдсөн схемийг хэрхэн зөв тайлбарлах, урт бичвэрийг хэрхэн гүйлгэж уншин гол санааг ойлгох зэрэг IELTS шалгалтад хэрэгтэй арга техникүүдийг сурч болохоос гадна жишиг шалгалт өгч бие даан түвшнээ тодорхойлж болно. Мөн хүсвэл мэргэжлийн багш нараас уян хатан цагийн хуваарьтай, нэмэлт төлбөртэй ганцаарчилсан хичээл авах боломж ч нээлттэй байдаг.

4. Cambridge English

IELTS шалгалтыг эзэмшдэг гурван байгууллагын нэг бол Кембриджийн их сургуулийн хэлний үнэлгээний газар. Тиймдээ ч Cambridge English вэбсайтаас та бүтэн жилийн шалгалтын хуваарь, сэтгэл зүйн бэлтгэл, шалгалтын өдөрт шаардлагатай зүйлс, оноо тооцоололт, жишиг шалгалт, заавар зөвлөгөө зэрэг IELTS-тай холбоотой бүхий л мэдээллийг үнэ төлбөргүйгээр дэлгэрэнгүй авах боломжтой. Хэрэв та нэгэнт энэхүү шалгалтыг өгөхөөр зориг шулуудсан бол Cambridge English вэбсайтаар цаг гарган зочилж өөрт хэрэгтэй, чухал мэдээллүүдийг анхааралтай тэмдэглэж авахыг зөвлөж байна.

IELTS шалгалтад бэлдэхэд туслах 4 вэбсайт (фото 2)

Мөн та IELTS шалгалтад бэлдэхээс урьтаж ерөнхий англи хэлний түвшнээ тодорхойлохыг хүсвэл EFSET вэбсайтаар зочлоорой. Танд амжилт хүсье.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх