Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Оюутан, сурагчдад өгөх зөвлөгөө
Энэ удаад Lorinet сангийн харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Анударь тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжил болоод сургууль сонголт, мөн хэлний шалгалт өгөхөд анхаарах зүйлсийн талаар Бюрогийн уншигчдад хуваалцлаа. Г.Анударь нь Фудан их сургуулийн төгсөгч бөгөөд тун удахгүй Австрийн Вена хотын Эдийн засаг, бизнесийн их сургуульд нийгэм-экологийн эдийн засаг, бодлогын чиглэлээр магистрт суралцахаар зэхэж буй юм.
Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт дуусаж дүү нар маань амьдралын томоохон алхам, чухал сонголтыг хийхээр төлөвлөн буй энэ үед би өөрийн багахан туршлагыг зөвлөгөө болгон хүргэхийг зорилоо. Магадгүй ихэнх нь сургууль болон мэргэжил сонголтоо аль хэдийнээ хийчихсэн гэдэгт итгэлтэй байна. Зургаан жилийн өмнө яг өдийд би та нартай ижил өдөр шөнөгүй сууж, шалгалтаа бэлдэж, эсээгээ бичиж, ярилцлагаа давтаж байсан. Амаргүй даваа гэдэгтэй 100% санал нийлнэ. Гэсэн ч хүссэн их сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ өөрийн ур чадвараар шалгараад, тэнцэж орох шиг сайхан зүйл үгүй. Нэгэнт л хичээж байгаа юм чинь амжилтдаа урамшаад, алдаанаасаа суралцаад хүссэн зүйлдээ хүрэх л хэрэгтэй.
Гадаад, дотоод хаана ч сурах байсан тэтгэлэгт хамрагдах их чухал. Нэг үеэ бодоход Монгол улс дотооддоо олон төрлийн тэтгэлэг зарладаг болсон. Ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр хичээлдээ бүрэн төвлөрөх боломж засгийн газраас, мужаас, сургуулиас, хувийн хэвшлээс гээд олон төрлийн тэтгэлгүүдээр олгогддог билээ.
Мэргэжил болон сургууль сонголт
Тэтгэлэг ярихаас өмнө мэргэжил болоод сургууль сонголтын талаар ярих нь зөв байх. Өөрийн сурах сургууль болон суралцах мэргэжлийг баттай шийдсэний дараагаар тэтгэлгийн талаар бодож эхлэх хэрэгтэй. Мэргэжил сонголт гэдэг бол үнэхээр чухал бас том сэдэв. Монголд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн мэдээлэл маш дутмаг байдагтай холбоотойгоор мэргэжил гэдэг зүйлийг эцэг эх, найз нөхдөө дагаад харанхуй сонгочихдог. Мэргэжлээ сонгоход өөрийн хүсэл тэмүүллээс гадна, хөдөлмөрийн зах зээлд яг одоо ямар мэргэжил эрэлттэй байгааг ойлгох нь чухал. Lorinet сангийн 2022 онд хийгдсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаанаас харахад Монголд барилга, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах хүчний дутагдалтай байна. Мөн түүнчлэн Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд үүнтэй холбоотой уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, байгаль орчин, хот төлөвлөлт, тээвэр логистик гэсэн чиглэлүүдэд ажиллах хүчний эрэлт өндөр байгаа билээ.
Сургууль сонголтын тухайд, ялангуяа бакалаврын түвшинд, зөвхөн топ сургуульд л орно гэж зүтгэх шаардлагагүй юм шиг санагддаг. Мэдээж үзээд алдах хэрэгтэй, гэхдээ орж чадахгүй бол гутрах хэрэггүй, өөр олон сайн чанарын сургуулиуд бий. Бакалавртаа мэргэжлийн сууриа л сайн тавьчихвал цаашдаа магистрт ажлын туршлага, нийгмийн ажил, карьерын төлөвлөгөө гэх мэт үзүүлэлтүүдээр том сургуульд орох боломжтой. Мөн зөвхөн сургууль гэлтгүй тэнхим болоод хөтөлбөрийн чанар маш чухал. Миний хувьд магистрын хөтөлбөрт Сингапурын их сургуульд тэнцсэн ч хөтөлбөр нь нэг жилийн байгаль орчны менежментийн хөтөлбөр байсан учир Вена хотын Эдийн засаг, бизнесийн их сургуульд нийгэм-экологийн эдийн засаг, бодлогоор суралцахаар шийдсэн. Шийдвэрт маань олон хүчин зүйл нөлөөлсөн ч, нийгэм-экологийн эдийн засаг, бодлого хөтөлбөрийн хүрээ, мөн тэнхимийн эрхлэгчийн ярилцлага, лекц, ном, бичвэрүүд их сонирхол татсан тул сургууль үл харгалзан шийдвэр гаргасан гэж хэлж болно.
Тэтгэлэг
Би арван жилээ төгсөөд Фудан их сургуульд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч төгссөн. Их сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирэн хоёр жил ажилласны дараагаар магистрт суралцахаар шийдсэн бөгөөд үүнийхээ дагуу Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, мөн Австрийн Mondi гэх олон улсын тэтгэлэг аваад байна. Засгийн газрын тэтгэлгийн хувьд мэдээж тэтгэлгийн хэмжээ их буюу сургалтын төлбөр, амьжиргааны зардлаас эхлээд ирж очих аяллын зардлыг хүртэл даах тохиолдол байдаг. Тэр хэмжээгээрээ өрсөлдөөн өндөр, шалгаруулалтын явц хатуу. Chevening, Fulbright, Australia Awards ч энэ бүлэгт орно, учир нь бүгд засгийн газрын ямар нэгэн яам, газруудын зарласан тэтгэлгүүд байдаг учраас. Хэрвээ эдгээр тэтгэлгүүдэд өргөдлөө явуулах талаар бодож байвал маш эртнээс бэлдэх хэрэгтэй (ихэнх нь жилийн өмнөөс өргөдөл хүлээн авч эхэлдэг). Засгийн газрын тэтгэлгээс гадна сургуулийн, ямар нэгэн сангийн, эсвэл хувийн хэвшлийн тэтгэлгүүд бас бий. Өөрийн туршлагаас харахад, ялангуяа магистрын түвшинд, мэргэжлээрээ тэтгэлэг хайх нь хамаагүй үр дүнтэй. Ихэнх том сургуулиуд хөтөлбөрөөр нь хайгаад орохоор “Finances and Scholarships” буюу “Санхүү ба тэтгэлэг” гэсэн цонхтой байдаг. Зарим сургуулиудад зөвхөн тухайн мэргэжилд зориулсан тэтгэлэг ч бий. Ийм төрлийн тэтгэлэгт хамрагдах боломж харьцангуй өндөр бөгөөд зөвхөн засгийн газрын тэтгэлэг гэлтгүй тухайн сургуулийн, хөтөлбөрийн тэтгэлгүүдийг сургуулийн вэбсайтаас судалж байх хэрэгтэй.
Тэтгэлэг авахад яг энэ л хамгийн чухал гэсэн юм байхгүй. Дүн, нийгмийн идэвх, эсээ гээд бүгд нийлж нэг цогц илэрхийлэмж болдог учраас өөрийнхөө сул болон давуу талыг маш сайн мэдэрч материалдаа тусгах хэрэгтэй. Жишээлбэл, дүнгийн голч чинь өндөр бол түүнийгээ эсээндээ сайн тусгаж өг. Харин голчдоо тийм ч итгэлтэй биш байвал нийгмийн идэвх, сайн дурын ажил, уралдаан тэмцээнд шалгарсан байдал, мөн магистрын түвшинд бол ажлын туршлагаа илүү тусгаж өгөөрэй. Тэтгэлэгт хамрагдахад хувь хүний хандлага их нөлөөлдөг, мөн дээрээс нь тэтгэлэгт өргөдлөө өгнө гэдэг нь өөрөө том туршлага болдог учраас дүн, эсвэл өөр ямар нэгэн жижиг шалтгаанаар өөрийгөө гололгүй оролдоод үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Хятад, англи хэлийг хослуулан сурсан тухай
Гадаадын их сургуулиудад тэтгэлэг авах хамгийн наад захын шалгуур бол хэлний оноо байдаг. Би англи хэлийг арван жилд байхдаа кино үзэж сурч эхэлж байлаа. Ойлгохгүй юм их гардаг ч үг бүрчилж орчуулалгүйгээр ерөнхий контекстээр нь “аан энэ иймэрхүү утгатай юм байна” гээд ойлгочихдог байсан. Дараа нь харилцан ярианд тэр үгнүүд нь эвлэгхэн, өөрөө ороод ирдэг. Мэдээж үгийн сангаа сайжруулж, академик түвшинд очъё гэвэл ахисан түвшний, илүү хүнд үг хэллэгтэй, мэргэжлийн номууд унших хэрэгтэй. Англи хэлийг киногоор дамжуулж сурсан хүүхдүүд яг киноны хэлээрээ бичих гээд байдаг, би ч тийм байсан. Гэтэл академик түвшний хэл гэдэг маш өөр. Академик түвшний гадаад хэлийг сурахад судалгаа, шинжилгээний ажил сайн унших хэрэгтэйгээс гадна өөрөө академик эсээ бичиж байж л маш сайн сурдаг.
Харин хятад хэлний хувьд арван жилдээ өдөр бүр гурваас дөрвөн цагийн хятад хэлний хичээл үздэг байсан нь суурийг сайн тавьсан гэж боддог. Мэдээж хичээлийн дараа ч өөрөө олон цагаар сууж суралцдаг байсан л даа. Гэсэн ч хятад хэл өөрөө их хэцүү хэл, дөрвөн өөр янзын дуудлагатай, тоолж баршгүй ханзтай, дээрээс нь их сургуулийн профессорууд арван жилийн багш шиг тод дуудаж, удаан ярихгүй. Лекц дээр багшийгаа сонсохоос илүүтэй сурах бичгээ үг үсэггүй уншдаг байсан. Мэргэжлийн нэр томьёог уншаад байхаар бичиж чаддаг болно. Хятад хэлийг арван жилдээ ч, их сургуульдаа ч ахин дахин уншиж, уншсан юмаа тогтоохын тулд гараараа бичиж байж л сайн сурсан даа.
Англи хэл маш түгээмэл хэрэглэгддэг, хэлний мэдлэгийн наад захын шалгуур болоод байгаа өнөө үед англи хэлнээс өөр ямар нэгэн хэл давхар сурсан байх нь өөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд маш том давуу тал болж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр хос хэлтэй байх нь олон улсын түвшинд ажиллах олон боломжийг нээж өгдөг. Жишээ нь, би дадлагаа Шанхай хотод гадаадын хөрөнгө оруулалттай гарааны бизнес эрхэлдэг байгууллагад хийж, Монголд ирээд экспортын компанид Хятадын зах зээл дээр ажиллаж байгаад одоо олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж байна. Миний ажигласнаар олон хэлтэй, ялангуяа өрнө, дорнын маш ялгаатай соёлын хэлнээс суралцсан хүмүүс олон улсын соёл заншил, амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг хүндэтгэдэг, мөн ялгаварлан гадуурхах, хэтэрхий нэг талыг барих зэрэг хандлага гаргадаггүй. Нэг их том давуу тал биш мэт санагдаж болох ч залуу хүмүүс үзэл бодлоо тэлсэн байх, юманд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадвартай байх зэрэг нь хувь хүний хөгжлийн бас нэг том хэсэг гэж боддог.
Хэлний шалгалт өгөхөд анхаарах зүйлс
Гэвч хэл сурах, шалгалтад бэлдэх гэдэг хоёр өөр зүйл, хэлээ сайн сурчихсан болохоор шалгалтад асуудалгүй гэсэн баталгаа байхгүй. Би HSK шалгалтын 6, IELTS-ын 8 оноотой. Энэ шалгалтуудад бэлдэхэд хэсэг хугацаанд бүх зүйлээ орхиод зөвхөн шалгалтдаа л анхаарах хэрэгтэй. HSK, IELTS, TOEFL гэх мэт хэлний шалгалтуудад бэлдэхдээ шалгалтын жишиг тестүүд дээр ажиллах маш чухал. IELTS-ын шалгалтад би Cambridge IELTS-ын 10 гаруй номын дасгалыг цаг харж хийж бэлддэг байсан. Өгөх гэж буй шалгалтынхаа бүтцийн дагуу, яг заасан хугацаанд нь жишиг тест хийж бэлдэх их үр дүнтэй санагддаг. Удаан уншдаг, бичдэг бол бичих, уншихаа сайн давтах, гүйлгэж уншиж сурах, хурдан ярьдаг бол заасан хугацаанд тайван, удаан, дэлгэрүүлж ярих зэргээр бэлдэх хэрэгтэй. Үгийн сангийн хувьд IELTS, TOEFL, HSK бүгд Vocabulary номуудтай байдаг, эдгээр үгс нь бичих дасгал дээр ч их хэрэг болно. Жишээлбэл, IELTS шалгалтын бичих дасгалууд тоон мэдээлэл харьцуулах, анализ хийх дасгалуудтай байдаг. Тэгэхээр энэ хүрээнд ашиглагддаг харьцуулсан (decrease, increase, surge, drop г.м) үгсийг сайн тогтоох хэрэгтэй.
Нэгэнт сурсан мэдлэгийг хэн ч чамаас булааж чадахгүй гэж эцэг эхчүүд хэлдэг. Тэр нь ч үнэн. Боловсрол эзэмшинэ гэдэг өөртөө оруулж буй маш том хөрөнгө оруулалт, мөн томоохон сорилт. Тууштай, зорилготой байж, түүндээ хүрэхийн тулд тодорхой цаг хугацааг чанартай зарцуулж чадвал эргээд харахад зөвхөн диплом гэлтгүй, маш их туршлага хуримтлуулж, хувь хүнийхээ зүгээс ч томоохон өсөлт гаргасан байдаг юм шүү. Амжилт хүсье.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт