Хайх

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

Харвардын их сургуулийн төгсөгч Ж.Тана зөвлөж байна

Text: Buro.Retelling


Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? (фото 1)

“Энэ удаад “Сиддхарта” номын орчуулагч, Маккинзи зөвлөх үйлчилгээний компанид менежерээр ажилладаг Ж.Тана их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх талаар Бюрогийн уншигчидтай хуваалцаж байна. Ж.Тана нь Харвардын их сургуулийн бакалавр, Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын төгсөгч юм. 

Дэлхий даяар тархсан олон мянган өргөдөл өгсөн сурагчидтай бүгдтэй нь Харвард их сургуулийн ажилчид биечлэн уулзах боломжгүй учраас гадаадад амьдардаг төгсөгчдөөр сургуульд элсүүлэх ярилцлага авахуулдаг. 15 жилийн өмнө намайг энэ сургуульд ороход нийт өргөдөл өгсөн хүүхдүүдийн 9%-ийг нь элсүүлэн авдаг байсан бол жил ирэх тусам энэ хувь багасаж улам л өрсөлдөөнтэй болсоор байна. Харвардын их сургуулийг төгссөн оюутны хувьд надад өргөдөл өгсөн хүүхдүүдээс ярилцлага авах сайхан боломж олддог. Монголынхоо шилдэг сурагчидтай танилцаж ярилцах боломж маш үнэ цэнэтэй санагддаг учир нь өргөдлийн хамгийн “хувийн” хэсэг нь байж чаддаг учраас. Насаараа уйгагүй хичээж, ээж, аав, ах, эгч, багш нар нь хажууд нь өөрсдөөс нь дутахгүй хичээж дэмжсэний үр дүнд онц сурч сайн шалгалтын оноо авсан байсан ч олон мянган хүмүүс дунд чамтай ижилхэн, бүр чамаас илүү ч хүүхдүүд олон бий. Харин онцгойрох юм нь хүний бодол, сэтгэл, зан чанар гэх мэт тоогоор хэмжигдэж цаасан дээр буулгаж боломгүй зүйлс байдаг. Тийм учраас аливаа шалгаруулалтад ярилцлагын үе шат маш чухал бөгөөд өөрийнхөө туршлагаас амжилттай ярилцлага өгөхөд юу чухал байдаг талаарх бодлоо “үйлдэл” болон “агуулга” хэмээн ангилан хуваалцлаа.


ҮЙЛДЭЛ

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? (фото 2)

Эдгээр зүйлс тухайн ярилцлагын агуулгатай холбоогүй ч ярилцлага авч байгаа хүндээ ямар сэтгэгдэл төрүүлэхийг тодорхойлдог учраас маш чухал. Өөрийгөө ажил хэрэгч, хариуцлагатай, эелдэг гэдгээ харуулах нь энгийн боловч чухал зүйл шүү.

Чангаар давтан бэлд

Ярилцлагын оногдсон богино хугацаанд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд гол ярих зүйлсээ өмнө нь өөр хүнтэй эсвэл толинд давтаж бэлдэх нь зүйтэй. Тэгж байж ярилцлагадаа сандрах, буруу зөрүү ярих, чухал хэлэх юмнуудаа гээх магадлал багасна.  

Цагаа барь

Манай нэг багш хэлдэг байсан “цагтаа ирсэн бол 5 минут хоцорсон гэсэн үг” — наана нь төлөвлөөд цагаасаа дор хаяж 5 минутын өмнө очоод бүртгүүлээд хүлээ. Ямар нэгэн байдлаар тулгах, сандрах, амьсгаадах гэх мэт нь ярианд чинь нөлөөлж нөгөө хүнд шууд сөрөг дохио болно. Утсаар юм уу интернетээр холбогдох тохиолдолд наана нь тоног төхөөрөмж, холбоо сүлжээгээ туршиж бэлэн байлга.

Зөв хувцасла

Тухайн ярилцлагадаа тааруулаад ажил хэрэгч, цэвэрхэн хувцасла. Яаж хувцаслахаа мэдэхгүй бол наана нь судлаад болохгүй бол асуу. Ярилцлагыг чинь зохион байгуулж чамтай харьцаж байгаа хүнээс “Яаж хувцасласан дээр вэ?” гэж асуухад буруудах юм огт байхгүй.

Ярилцлага авах хүнийхээ талаар судал

Ихэнх тохиолдолд ярилцлагын өмнө ямар хүнтэй ярилцахыг тань хэлдэг (эсвэл тэр хүн нь өөрөө холбогддог). Тэр хүнийхээ талаар мэдээлэлтэй ор. Дор хаяж ямар албан тушаалтай хүн гэдгийг нь мэдээд орох хэрэгтэй. Жишээ нь, тэр хүн нь хүний нөөцийн хүн үү, профессор уу, чиний дарга байх хүн үү гэх зэрэг үндсэн мэдээллийг мэдэж байж тэр хүнтэй яаж яриагаа эхлүүлж, тэр хүнээс ямар асуулт асуухаа бэлдэнэ (ихэнх ярилцлага дээр “надаас асуух юм байна уу?” гэж асуудаг, үүнд хэдэн оновчтой асуулт бэлдэх нь чухал!). Google-дээд үзвэл тэр хүнийхээ товч намтрыг олж магадгүй (жишээлбэл, LinkedIn юм уу байгууллагын веб хуудас дээрээс). Мөн зарим ярилцлагын өмнө товч танилцуулга явуулдаг.

Дуусаад ярилцлага авсан хүн рүүгээ и-мэйл бич

Ямар ч ярилцлагад ороод ярилцсан хүндээ “надтай цаг гаргаж ярилцсанд баярлалаа… таныг холбогдохыг хүлээж байя…” гэсэн утгатай товч захиа бич. Магадгүй энэ хүн маш олон хүнтэй ярилцсан байгаа. Тийм учраас өөрийгөө дахин сануулсан ямар нэгэн өгүүлбэр оруулаад явуулбал бүр сайн (жишээлбэл, “миний танд ярьж өгсөн номын нэр энэ байна”). Хэчнээн олон хүнтэй ярилцсан ч цаана нь хүн л байгаа, хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас товчхон ч гэсэн баярлалаа гэдэг үгэнд баярладаг. Ярилцлага амжилтгүй байсан ч чамайг эерэгээр санана. Хэзээ нэгэн цагт ямар хаалга нээгдэхийг хэлж мэдэхгүй.


АГУУЛГА

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? (фото 3)

Аливаа юманд өргөдөл өгөхөд гурван зүйлийг л тодоор тусгаж өгөх хэрэгтэй байдаг:

1. Хамрагдах нь намайг зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой

2. Миний мэдлэг туршлага хангалттай

3. Би энэ хамт олонд онцгой эерэг хувь нэмэр оруулна

Энэ гурван зүйлийг өргөдөлдөө тусгаж ярилцлагын үеэр ойлгуулахын тулд өөрөө эхэлж сайн ойлгож тодорхойлсон байх хэрэгтэй. Тодорхойлохын тулд эдгээр асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй:

  • Миний зорилго юу вэ?
  • Энэ сургууль/ байгууллага/ хөтөлбөр нь намайг миний зорилготой хэрхэн ойртуулах вэ?
  • Яагаад заавал энэ газар вэ? (Сайн судал)
  • Би энэ сургуульд ороод юугаар сурах вэ, ямар хичээл үзмээр байна вэ, ямар хүмүүстэй ярилцмаар байна вэ, юуны талаар судалгаа хиймээр байна вэ?
  • Би энэ сургуулийг төгсөөд юу хийж бүтээмээр байна вэ, төгсөөд хаана ажилламаар байна вэ, ямар хүн болмоор байна вэ?
  • Би энд орж чадахгүй бол зорилгодоо өөр яаж хүрч болох вэ?

2. Миний мэдлэг туршлага хангалттай — Аливаа юманд тодорхой шалгуурууд байдаг, тэр шалгууруудыг нь давах эсэхээ сайн бодож, үгүй бол яаж бэлдэхээ тооцох хэрэгтэй.

  • Энэ сургууль ямар шалгууртай вэ? (Үүнийг нарийн судал. Интернетээр, эсвэл одоо сурч байгаа, эсвэл сураад төгссөн хүмүүстэй нь холбогдож асуу).
  • Миний холбоотой мэдлэг, туршлага юу вэ? (Үүнд төгссөн сургууль, хичээлийн дүн, эрхэлж байсан ажил, мөн дадлага, олимпиад, тэмцээн гэх мэт гаргаж байсан амжилтууд болон спорт, урлаг гэх мэт сонирхлоороо багагүй цаг зарцуулдаг зүйлс хамрагдана). 
  • Миний давуу зан чанарууд юу вэ? (Үүнийг өөрөө тодорхойлохоос гадна дотны хүмүүсээсээ асуу. Жишээ нь, шийдвэр гаргахдаа сайн, хүн сонсохдоо сайн, нухацтай, тэвчээртэй гэх мэт).

3. Би энэ хамт олонд эерэг хувь нэмэр оруулна — Аливаа өрсөлдөөнтэй юманд хангалттай чадварлаг хүмүүс өргөдлөө өгдөг. Тийм учраас тэд чадварлагаас гадна хамт байхад гоё хүмүүсийг л сонгож авмаар байгаа. Тэгэхээр чи юугаараа ялгарч, тухайн хамт олонд ямар шинэлэг юм авчрах вэ?

  • Ямар нарийн сэдвүүд сонирхдог вэ? (Сурлага, ажилтай холбоотой).
  • Ямар амьдрал туулсан бэ, хаана өссөн бэ, ямар хэлээр ярьдаг вэ?
  • Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, ямар хобби сонирхдог вэ?
  • Ямар ном унших дуртай вэ, сүүлд ямар номууд уншсан бэ?
  • Ямар кино, нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
  • Аялах дуртай юу, хаагуур аялж байсан бэ, хаашаа аялмаар байдаг вэ?

Олон ярилцлагад бэлдэж, олон хүнээс зөвлөгөө авч, өөрөө ч ярилцлага авч байсан хүний хувьд аливаа хүнийг гол ялгаруулдаг зүйлс бол “жишээ бас яагаад?” гэсэн асуултын хариултууд байдаг.


Жишээ, жишээ, жишээ!

Бид хариулт өгөхдөө юу ч гэж хэлж болно. Харин тэр хариултыг маань амилуулж үнэмшилтэй болгодог зүйл бол маш тодорхой жишээнүүд юм. Бүх хариултад зохих жишээ өгөх нь маш чухал. Жишээлбэл:

Та Оксфордод сурснаар бусад оюутнуудад ямар хувь нэмэр оруулах вэ?

“Би Оксфордын бизнесийн сургуульд орсноор хамт олондоо юмыг арай өөрөөр харах өнцөг өгч чадна гэж бодож байна. Мэдээж бизнесийн сургуульд ихэнх хичээл хэлэлцүүлгийн хэлбэрээр явагддаг. Тэр дунд би уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан, тэр тусмаа төслийн талбай дээр ажиллаж амьдарч байсан хүний хувьд яриаг үйл ажиллагааны бодит асуудлуудтай уялдуулж чадна гэж бодож байна. Ихэнх ангийнхан маань банк санхүү, том компаниудын төв салбаруудад ажиллаж байсан туршлагатай бол би үйлдвэрийн ажилчидтай тулж ажиллаж дээрээс гаргасан аливаа шийдвэр хэрэгжихийн тулд зөвхөн ашигтай эсэх биш хэрэгжихэд ямар хүчин зүйлс шаардагддагийг харах чадвартай болсон. Би Оюу Толгойд ажиллаж байхдаа 28 хоног ажиллаж 14 хоног амардаг хуваариар ажиллаж байсан. Миний хувьд маш хүнд байснаас гадна хамт ажилладаг олон хүмүүст их хэцүү байсныг сайн ойлгож байлаа. Тэр хуваарийг өөрчлөх санаачилга үе үе яригддаг байсан боловч дарга нар нислэг нэмэх үнэтэй гээд цааш нь ярилцдаггүй байсан. Харин би хуваарийг өөрчлөх нь зөвхөн ажилчдад ашигтай байхаас гадна компанид хэмнэлттэй байх боломжууд байгааг харсан. Тийм учраас энэ төслийг бүрэн боловсруулж удирдлагуудад танилцуулан зөвшөөрүүлж бүх ажилчдыг 14/7 хуваарь руу шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж олон эерэг үр дагавруудыг авч ирсэн билээ. Энэ мэтээр аливаа 'case study' ярилцахад миний компани болон бизнесийг харах өнцөг арай өвөрмөц бас үнэтэй байх болов уу гэж бодож байна.”

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? (фото 4)

Яагаад, яагаад, яагаад?!

Тод жишээ аливаа яриаг амилуулдаг бол “яагаад” гэдгээ гүнзгийрүүлэн тодорхойлох нь өөрийгөө бүрэн таниулж ярилцлага авч байгаа хүнийхээ сэтгэлд наалдуулдаг. Амьдралд нь юу тохиолдож, ямар хүн үлгэр дуурайлал болж, ямар ном уншиж санаа авч байсны улмаас одоогийн зорилгоо тодорхойлж мэргэжлээ сонгосон бэ гэдэг хамгийн сонирхолтой ярианы сэдэв болдог. Ялангуяа бидний Харвардын ярилцлагын товч сурах бичиг дээр үүнийг хамгийн чухалд үздэг. Энэ хүн ямар хүн бэ, юунд итгэж юуг хүсэн мөрөөддөг вэ гэдэг нь энэ юуг чаддаг хүн бэ гэдгээс хамаагүй чухал. Жишээлбэл:

Чи яагаад гадаадад сурах сонирхолтой вэ?

Би Америкт компьютерын шинжлэх ухааны (computer science) чиглэлээр сурах сонирхолтой. Миний мөрөөдлийн сургууль бол Станфорд. Яагаад гэвэл сургалтын чанар сайнаас гадна сургууль дээр маш олон хакатон (hackathon) болж өөртэйгөө ижилхэн сонирхолтой хүүхдүүдээр хүрээлэгдэх боломж байдаг гэж боддог. Мөн цахим ертөнцийн хамгийн том компаниуд тэнд байдгаас гадна өөрийгөө цааш нь хөгжүүлээд ажиллаж болох хамаг боломжууд байдаг гэж боддог. Би яагаад энэ чиглэлээр суръя гэж боддог вэ гэвэл хэдэн жилийн өмнө бэлгэнд “Creative Confidence” гэдэг ном авч байсан. Тэр номын зохиолчид Stanford Design School-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд аливаа асуудлыг бүтээлч байдлаар сэтгэж шийдэж болдог гэдгийг маш олон жишээн дээр үндэслэн харуулсан. Тэр тусмаа би багаасаа компьютерын хоббитой болохоор код бичихийг оролдож ганц нэг веб хуудас бүтээж байсан бол энэ номыг уншаад кодоор маш олон бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэж болох юм байна гэдгийг ойлгосон. Би өглөө болгон автобус хүлээхдээ даардаг шиг надтай адилхан автобус хүлээнгээ даарч байгаа хүмүүсийг хараад би яг цаг тутмын мэдээлэл автобуснаас авах боломжтой бол бодит цагийг харуулсан апп бүтээж болно гэж бодоод туршилтын хэлбэрээр бүтээсэн. Цаашилбал цаг тутмын замын мэдээлэлтэй холбовол зөвхөн автобус хүлээж байгаа хүмүүст биш бас жолооч нарт өдрөө төлөвлөхөд нэмэр болж магадгүй бодит мэдээллийг хараад хүмүүс машин унахаа багасгаж олон нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэж бодож байсан. Энэ мэтээр миний толгойд байнга эргэн тойрноо сайжруулах санаанууд орж ирж байдаг болохоор би кодлох ур чадвараа сайжруулж эргэн тойрныхоо бүтээлч сэтгэхүйтэй хүмүүс болон тэдний бүтээсэн зүйлсээс суралцаж нэг л өдөр Монголынхоо нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой IDEO шиг компани байгуулахыг мөрөөддөг.

Их сургуулийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ? (фото 5)

Мэдээж ярилцлага болгон өөр байна — авч байгаа хүн, тухайн сургууль, байгууллагын шалгуурууд гээд тэр болгон өөр өөрийн онцлогтой учир энэ бичвэр маань яг нарийн зориулалттай зөвлөгөө биш. Харин аливаа ярилцлагад орохдоо зайлшгүй анхаарах зүйлс нь юу вэ гэдгийг тусгахыг хичээлээ. Гол нь үйлдлээрээ зөв сэтгэгдэл үлдээж, агуулгаараа өөрийгөө бүрэн таниулж чадна. Зорьсон сургуульдаа заавал тэнцээрэй гэж хүсье!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх