Хайх

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ?

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ?

Шалгалтад бэлдэж буй хэн бүхний анхааралд

Text: А.Сарнай


IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ? (фото 1)

Энэ удаад easternKicks сайтын кино шүүмжлэгч Б.Амарсанаа хэрхэн IELTS шалгалтад зөв системтэйгээр бэлдэж, өндөр оноо авах боломжтой талаар BURO.-гийн уншигчдад хуваалцлаа. Тэрээр БНХАУ-д хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавраас шууд докторын хөтөлбөрт тэнцсэн анхны гадаад оюутан бөгөөд өдгөө Нанжины их сургуульд харьцуулсан утга зохиолын мэргэжлээр суралцаж байгаа юм.

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ? (фото 2)

Анх дунд ангидаа компьютер тоглоом их тоглодог хүүхэд байлаа. Нэг өдөр гэрийн компьютерын график карт эвдрээд, намайг дэндүү их тоглож байна гэсэн шалтгаанаар гэрийнхэн шинэ карт авч өгөөгүй. Тэгээд л тэр үеэс эхлэн компьютер дээрээ тоглох биш харин англи хадмалтай кинонууд үзэж эхэлсэн. Анх дуу дүрсээр нь л киногоо ойлгодог байснаас бус харилцан яриаг нь төдийлөн сайн ойлгодоггүй ч шантралгүй үзсээр байгаад их сургуульд англи хэлний ангид орохдоо юу ч гэсэн боломжийн ярьчихдаг болчихсон байсан шүү. Гэхдээ яг ингэж сурахад цаг хугацаа асар их шаарддаг учир хүмүүст үүнийг би “англи хэл сурах арга барил” гэж санал болгоод байдаггүй. Өөр илүү хурдан, хялбар аргууд олон бий. 

Их сургуульд ороод л “за одоо яг системтэй суръя” гэсэн чинь миний мэргэжил англи хэл заадаггүй, харин англи хэл дээр уран зохиол, хэл шинжлэл заадаг болж таарсан учраас хичээлээсээ хоцрогдохгүйн тулд илүү академик түвшинд суралцаж эхэлсэн. Ер нь л хэл сурах, шалгалтад бэлдэх зэрэгт зөв системтэй байх хамгийн чухал байдаг учраас өөрийн туршлага дээр үндэслэн IELTS-д хэрхэн зөв бэлдэх талаарх товчхон зөвлөгөөг хүргэж байна.

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ? (фото 3)

IELTS өгөхөд суурь мэдлэг хамгийн чухал

Англи хэлний суурь сайтай болж байж л IELTS болон бусад стандарт шалгалтуудад бэлдэж эхлэх хэрэгтэй. Сууриа сайн тавилгүйгээр IELTS өгөөд, үг зүйн, эсвэл зөв бичих дүрмийн алдаа гаргаад байвал өндөр оноо авах ямар ч боломжгүй. Мөн ямар ч бэлтгэлгүйгээр IELTS-д бэлдэх сургалтад суух нь мөнгө үрэхийн л нэмэр болдог учраас эхлээд бие даан бэлдээд, өөрийгөө ямархуу түвшинд явж буйг шалгаад үзээрэй (Cambridge-ийн IELTS 1-17 хүртэл цуврал номуудаас өөрийгөө сорьж болно). Угаас ерөнхий мэдлэг сайтай байхад унших болон сонсох дадалд их цаг гаргаж бэлдэх шаардлага бараг гарахгүй.

Миний хувьд 2019 онд Цинхуа их сургуулийн докторын хөтөлбөрт элсэх хүсэлт гаргахдаа анх удаa IELTS өгөөд 8.5 оноо авч байсан. Хугацаа тулчихсан байсан учраас яг долоо хоног л бүтэн сууж бэлдсэн. Гэхдээ би өөрөө англи хэлний мэргэжлийн дөрөвдүгээр курсийн оюутан байсан болохоор хэлний суурь мэдлэг сайтай, мөн хятад оюутнуудад англи хэл зааж, IELTS-д бэлдэхэд нь тусалдаг байсан учраас шалгалтын бүтцийг маш сайн мэддэг байсан нь том давуу тал болсон. Угаасаа Хятадад IELTS өгөх их үнэтэй учраас нэгээс олон удаа шалгалт өгөх цаг хугацаа, санхүүгийн боломж байхгүй гэдэгтээ сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан нь магад тухайн үед их тус болсон гэж боддог.

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ? (фото 4)

Шалгалтад бэлдэхэд хамгийн их цаг зарцуулдаг хэсгүүд

Миний хувьд бэлдэхэд хамгийн их хугацаа шаардсан нь бичих дадал байсан бол бэлдээд сайжирч байгаа эсэхийг мэдэхэд хамгийн хэцүү нь ярианы хэсэг байсан. Би анх IELTS-ийн тухай юу ч мэддэггүй байхдаа "The Official Cambridge Guide to IELTS" гэдэг ном дээр ажиллахын зэрэгцээ давхар Реймонд Мерфигийн "English Grammar in Use – Intermediate" нэртэй дүрмийн номтой дотно нөхөрлөдөг байсан. Дээрх номуудыг уншигчдад ч мөн итгэлтэйгээр санал болгож чадна.

Бичих хэсэг дээр олон хэлц (idiom), холбоо үг (collocation) зөв ашиглан, ерөнхий мэдлэгээрээ нарийн, тодорхой (абстракт биш) жишээнүүд хэрэглэж, эсээнийхээ гол санааг дэмжиж өгөх чухал. Мөн үргэлж цаг харж бэлдэх хэрэгтэй бөгөөд нэг цагт хоёр эсээ арай л гэж амждаг. Бас бичсэн зүйлээ засахад амар байдаг учраас шалгалтаа болж өгвөл цаасаар биш компьютер дээр өгөхийг зөвлөе.

Англи хэлний ярианы чадвараа сайжруулахын тулд бусадтай ч тэр, өөртэйгөө ч тэр ерөөс ярих л хэрэгтэй. Тэгээд дараа нь IELTS-д зориулж цагтаа тааруулсан (энэ мааааш чухал!), тодорхой бүтэцтэй хариулт өгч сурах хэрэгтэй. Тухайлбал, эхлээд шууд богино өгүүлбэрээр, асуултад байгаа үгсийг бүгдийг давталгүй, ойролцоо утгатай үгсээр, эсвэл өөр бүтэцтэй өгүүлбэрээр сольж хариулаад, ардаас нь үргэлжлүүлээд “ЯАГААД” гэсэн асуулт байгаа гэж төсөөлөөд дэлгэрэнгүй хариулж сураарай. Мөн шалгагчид нэгэн хэвийн хариултуудаас залхчихсан байдаг тул хөгжилтэй, сонирхол татахуйц хариулт өгвөл илүү сайн. Жишээ нь, “Уулзаж байсан хамгийн мартагдашгүй хүн” гэдэг асуултад би “Ши Жинпин” (энэ үнэн шүү) гээд л ярьж өгч байсан. Хариулт заавал үнэн байх шаардлагагүй учраас англиар маш сайн “бурж” сурах хэрэгтэй. Би амьтны хүрээлэнд очиж үзээгүй, гэхдээ хэрвээ шалгалтад “амьтны хүрээлэнд харсан хамгийн хөөрхөн амьтан юу байсан бэ?” гэдэг асуулт ирвэл шууд л “панда, яагаад гэвэл...” гээд зохиогоод ярихаас өөр сонголт байхгүй гэдгийг анх бэлдэж байх хугацаандаа маш сайн ойлгосон.

Хүмүүс бас үг цээжлэх талаар их асуудаг. Үгийн санг хоёр ангилж болно: receptive vocabulary (RV) (уншиж сонсоод ойлгодог үгс; үгийг дангаар нь орчуулгатай нь цээжлэх), мөн productive vocabulary (PV) (уншиж сонсоод ойлгохоос гадна ярьж бичихдээ хэрэглэж чаддаг үгс; орчуулгаас гадна ямар үгтэй хоршдог (collocation), өгүүлбэрт яаж хэрэглэгддэгийг нь мэдэх). RV-г сайжруулахын тулд олон өөр сэдвийн ном, эсээг ИХ унших хэрэгтэй. PV-г сайжруулахын тулд “нарийвчилж” унших шаардлагатай. Мөн IELTS-д хэрэг болох үгсийг илүү том контекстэд хэрэглэж суръя гэвэл IELTS-ийн өмнөх жилүүдийн унших хэсгийн тестүүд дээр цаг харгалзахгүй ажиллаарай.

IELTS дээр хэрхэн өндөр оноо авах вэ? (фото 5)

Шалгалт өгөх гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Хэдийгээр би богино хугацаанд бэлдсэн ч гэлээ чухал шалгалтад бэлдэх хугацаа бага байна гэдэг хамгийн хэцүү. Олон ч хүмүүс нэмэлт төлбөр төлж шалгалтын хугацаагаа хойшлуулдаг учраас аль болох урьдчилж сайтар төлөвлөхийг зөвлөж байна. Бас шалгалтын оноо зөвхөн хоёр жилийн хугацаанд хүчинтэй учраас хэзээ өгөх, юунд ашиглах зэргийг ч тооцоолох хэрэгтэй. Мөн энэхүү шалгалтад ямар хэсгүүд байдаг, ямар төрлийн асуултууд ирдэг, асуулт бүрд хэр хугацаа зарцуулах хэрэгтэй гэх мэт шалгалтын бүтцийг сайн ойлгох нь өндөр оноо авахад чухал нөлөө үзүүлнэ. Мэдээж энэ бүхнээс урьтаж IELTS-ийн оноотой болсноор танд ямар гоё боломжууд гарч ирэх талаар төсөөлөн бодож, урам зориг авсан байх чухал. Жишээлбэл, миний IELTS-ийн оноо намайг Хятад улсад хүмүүнлэгийн ухааны салбарт бакалавраас докторын хөтөлбөрт тэнцсэн анхны гадаад оюутан болоход тусалсан. Мөн IELTS-ийг илүү өндөр төлбөртэйгөөр бусдад ганцаарчлан зааж, ахиад хэдэн ч удаа IELTS өгчихөөр орлогын эх үүсвэртэй ч болгож өгсөн юм даа.

Хичээл зүтгэл, тууштай байдал хүнийг үргэлж нэг алхам урагшлуулж, илүү сайн нэгэн болгож байдаг юм шүү, амжилт хүсье.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх