Үйлчилгээний байгууллагаар хэрхэн соёлтой үйлчлүүлэх вэ?
Бид аливаа байгууллагын үйлчилгээний соёл, харилцааны ур чадварт өндөр шалгуур тавьж, онцгой ач холбогдол өгдөг. Гэвч та хүсэж буй үйлчилгээгээ авахын тулд өөрөө ч мөн соёлтой, боловсон үйлчлүүлэгч байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Энэ удаад бид уншигчдадаа зориулан үйлчилгээний байгууллагаар хэрхэн зөв боловсон, соёлтой үйлчлүүлэх тухай товчхон зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
Хүлээцтэй хандах
Олон цагаар чимээгүй хүлээгээд суу гэсэн үг мэдээж биш шүү. Хэрэв тухайн байгууллагад гэнэтийн хүчин зүйлс тохиож, ажилчдаас үл хамаарах саатал гарсан бол тодорхой хугацаанд тэвчээртэй хүлээж эсвэл асуудал шийдэгдтэл үйлчилгээ авахаа хойшлуулж болно. Яаж ч уурлаж, яарч сандраад тэр даруй шийдэгдэх боломжгүй асуудалд өөрийгөө болон бусдыг бүү бухимдуулаарай.
Цаг барих
Эмнэлэг, гоо сайхны салон, ресторан гээд бүхий л байгууллагаар заавал урьдчилж цаг авч үйлчлүүлэхээс гадна яг цагтаа очиж сурах нь соёлтой үйлчлүүлэгч байх хамгийн эхний алхам юм. Учир нь та л хоцорвол таны араас ирэх бүхий л хүн цагтаа орох боломжгүй болж, урт хугацаагаар хүлээх шаардлага үүснэ. Тиймээс бусдын ажил, амьдралыг хүндэтгэж цагаа барьж хэвшээрэй.
Хүндлэл хамгаас чухал
Үйлчилгээний ажилчид өдөр тутамдаа маш олон төрлийн зан араншинтай хүмүүстэй харилцдаг. Мэдээж үйлчлүүлэгчээ хүндэлж, соёлтой харилцах нь тэдний ажлын нэг хэсэг ч гэлээ та ч мөн эргээд тэдэнд хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Бид бүгд л стрессдэж, бухимдаж, энгийн зүйлс дээр ч алдаа гаргах тохиолдол бий. Тиймээс аливаад шүүмжлэлтэй хандахаас илүүтэй өөрийгөө бусдын оронд тавьж бодон, урмын үг хэлж байгаарай.
Ёс зүйтэй шаардлага тавих
Үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчийн санал хүсэлт хамгаас чухал. Гэвч таны шаардлага тавьж буй арга барил, биеийн хэлэмж, дуу хоолойн өнгө, үгийн сонголтоос бүх зүйл хамаарна. Яагаад тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ танд таалагдаагүй шалтгааныг ойлгомжтой тайлбарлаж, цаашид хэрхэн яаж өөрчлөх боломжтой талаар санал хүсэлтээ товч бөгөөд тодорхой илэрхийлж сураарай.
Байгууллагын соёлыг ойлгох
Аливаа бизнесийн үйл ажиллагааны чиглэл, үйлчлүүлэгчдийн сегмент өөр байдаг шиг компани доторх дүрэм журам, шаардлага ч харилцан адилгүй. Жишээлбэл, заавал цаг авч очих ёстой ресторан байж болно. Харин та цаг аваагүй очоод оруулсангүй гэж бухимдаж болохгүй. Арван минут хоцроход л урьдчилж авсан цагийг тань шууд цуцлах газрууд ч бий. Үйлчилгээний байгууллага бүр өөрийн гэсэн ажиллах арга барил, тогтсон дүрэм журамтай байдаг учир танд таалагдахгүй байсан ч хүндэтгэлтэй хандаж байгаарай.
Том соёл жижиг алхмаас эхэлнэ
- Менежерийг зөвхөн гомдол мэдүүлэхийн тулд дууддаггүй. Менежерт тухайн газрын үйлчилгээ танд ямар их таалагдсан тухай ч хуваалцаж болно.
- Дэлгүүрээс авахаа больсон бараа бүтээгдэхүүнээ анх байсан газарт нь буцааж тавих эсвэл кассын ажилтанд өгч хэвшээрэй.
- Хүн хоорондын харилцаа хамгаас чухал. Тиймээс үйлчилгээний ажилчидтай мэндэлж бас талархлаа илэрхийлж байгаарай.
- Оочир дараалал захиж үлдээх, урдуур дайрах, хэт ойрхон зогсох гэх мэт зохисгүй үйлдэл бүү гаргаарай.
- Үргэлж бусдын хөдөлмөр, цаг завыг хүндэтгэж, хэнд ч төвөг учруулахгүй амьдарч сурцгаая.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт