Sisu: Финланд үндэстэн бусдаас юугаараа ялгардаг вэ?
Шийдэмгий, шаргуу бас тууштай
НҮБ-аас жил тутам танилцуулдаг Дэлхийн аз жаргалын тайланд долоо дахь жилдээ хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улс амьдралын чанар, боловсролын систем, үзэсгэлэнт байгалиараа дэлхийд гайхагддаг. Тэгвэл тус үндэстнийг бусдаас ялгаруулж чаддаг бас нэгэн онцгой шинж чанарыг Sisu хэмээн нэрийддэг байна.
Sisu гэдэг нь зоригтой, тэвчээртэй, тууштай бас шийдэмгий байж эхэлсэн зүйлээ дуусгаж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байхыг илэрхийлдэг финлaнд нэр томьёо юм. Орчуулагддаггүй үг хэмээн үздэг хэдий ч хэл шинжлэлийн үүднээс “дотор”, “дотоод” гэсэн финланд язгуур үгнээс гаралтай учир зоригтой, сэтгэлийн тэнхээтэй зэрэг ойролцоо утгатай үгээр орчуулах нь элбэг.
Аалто их сургуулийн sisu судлаач Эмилия Лахти “Sisu бол бэрхшээлийг даван туулах эрч хүч, шийдэмгий байдал” хэмээн тодорхойлсон бөгөөд өдгөө Финланд улсын боловсролын системд хүүхдийг багаас нь сэтгэл зүйн хувьд эрүүл, зоригтой бас тууштай нэгэн болж төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг байна.
Финланд улс 1917 онд Орос улсын нөлөөллөөс гарч тусгаар тогтнолоо зарлаж байсан түүхтэй. Тэгвэл тухайн үед тусгаар тогтнолоо зарлаж, шинэ улс байгуулагдахад sisu финланд үндэстнийг тодорхойлох онцгой шинж чанар байжээ. Тиймдээ ч одоог хүртэл финландчуудын хувьд энэхүү өвөрмөц нэр томьёо тун чухал бөгөөд жинхэнэ финланд хүн хүсэл зорилготой, тууштай бас тэвчээртэй байх ёстой хэмээн үздэг аж.
Sisu-д хэрхэн суралцах вэ?
Өөртөө цаг гаргах
- Бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, өөрийгөө хайрлаж сурах нь sisu-гийн хамгийн чухал бөгөөд эхний алхам.
- Чанартай нойр: Хүний тархи болон бие махбод эрч хүчтэй, сэргэг байх үедээ л асуудалд бодитоор хандаж, ухаалаг бас зоригтой шийдвэр гаргаж чаддаг. Тиймээс унтлагын цаг тогтмол байхаас гадна унтах орчин маш тав тухтай байх ёстой юм.
- Чанартай хоол хүнс: Шим тэжээллэг хоол хүнс биднийг бие бялдрын хувьд ч сэтгэлзүйн хувьд ч хүчирхэг байхад нөлөөлдөг чухал хүчин зүйл. Түүнчлэн идэж буй хоол хүнснээсээ таашаал мэдэрч, гар утаснаас хол, ширээ тойрон сууж, халуун дулаанаар ярилцан хооллож сурах хэрэгтэй.
- Дасгал хөдөлгөөн: Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь хүнд тэсвэр тэвчээр, хатуужил суулгадаг. Тэр дундаа өөрт хамгийн хэцүү санагддаг спортын төрлийг зориуд сонгон авч, хобби болтол нь хөгжүүлж чадвал таны амьдралд маш том өөрчлөлт, эерэг нөлөөллийг авчрах болно.
Эерэг бодлын хүч
- Өөрийн бодлоо хүсэж буй зүйл дээрээ төвлөрүүл. Хэрэв та чадна гэж бодвол таны бие бүхэлдээ тархиндаа захирагдаж, бодлыг тань бодит болгохын төлөө хичээж эхлэх болно. Тиймээс амьдралд ямар ч зовлон бэрхшээл, саад тотгор тохиосон бай өөртөө итгэх итгэлээ алдахгүй байх хамгаас чухал юм.
Асуудалд биш шийдэлд төвлөрөх
- Хүн юу тарина, түүнийгээ хураана. Яг л үүний нэгэн адилаар та асуудлын шалтгаан дээр биш шийдэл дээр төвлөрч эхэлснээр хохирогч, ялагдагч бус тэмцэгч, ялагч болж хувирах болно.
Байгальд цагийг өнгөрөөх
- Ууланд алхах, дугуй унах зэрэг байгальд цагийг өнгөрөөх боломж бүрийг ашиглаж, өдөр тутмын хэвшил болгохыг хичээгээрэй. Угаас хүн байгаль дэлхийтэй бүхий л зүйлээрээ холбогддог. Тиймдээ ч бодлоо цэгцэлж, бие болоод сэтгэл зүйн хувьд өөрийгөө сэргээхэд байгаль дэлхий хамгийн сайн туслах байж чадна.