Юу ч хийхгүй байхын амт: "Dolce far niente" итали амьдралын хэв маягийн тухай
Та амрах "эрхтэй"
Завгүй бас зорилготой байх нь амжилтын үндэс гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч аливаа зүйлээс түр зуур завсарлага авч, өөртөө амралт өгч сурах нь ч бас таны амжилтын хэмжүүрийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг мөн. Учир нь үргэлж өөрийгөө завгүй байлгаж, эрч хүчээр цэнэглэх гэж хүчлэх нь урт хугацаандаа бидний бие болоод сэтгэл зүйд маш олон төрлийн сөрөг нөлөөг үзүүлэх боломжтой юм.
Тэгвэл чимээ шуугиан ихтэй, завгүй амьдралын хэв маяг зонхилсон өнөөгийн нийгэмд юу ч хийхгүй байхын амт (sweetness of doing nothing) хэмээн орчуулагддаг "Dolce far niente" итали амьдралын хэв маягийг өөрийн амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөж байна. Олон зууны турш ялгаатай соёл иргэншлүүдэд хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн энэхүү хэлц нь “Заримдаа бидний хийж чадах хамгийн үнэ цэнтэй зүйл бол зүгээр л тайван байж, юу ч хийж, юу ч бодолгүйгээр тархиа амрааж, бодлоо цэгцэлж, эргэн тойрон дахь сайн сайхан бүхнийг анзаарч, яг одоо байгаа цаг хугацаандаа талархаж сурах”-ын чухлыг илэрхийлэх аж.
Амьдралын энгийн зүйлсээс таашаал, аз жаргал мэдэрч сурах нь бие болоод сэтгэл зүйг эрүүл байлгахад маш чухал. Тиймдээ ч юу ч хийхгүй байхын амтыг залхуурах эсвэл цагийг үр бүтээлгүй өнгөрөөх хэмээх тайлбаруудаас ангид авч үзэх шаардлагатай бөгөөд энэ нь та түр ч гэсэн хурдаа сааруулж, ямар нэгэн зүйлийг заавал эсвэл үргэлж хийх ёстой гэсэн хэрэгцээг түр мартаж, өөрийгөө хайрлаж сурах тухай чухал ойлголт билээ.
"Dolce far niente"-г улс үндэстэн бүр өөрсдийн ёс заншил, өвөрмөц амьдралын хэв маягтай хослуулан хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Италичууд амтат хоол, үнэнч нөхөрлөл, сайхан орчинд байхын тулд цаг гаргах, Испаничууд өдрийн дундуур амарч, өөрийгөө цэнэглэх, харин Япончууд аль болох байгальд их цагийг өнгөрүүлж, стрессээ бууруулж, өөрийгөө амраахтай холбон тайлбарладаг байна. Гэхдээ хүн бүрийн хувьд өөрийгөө амрааж, завсарлага аван, юу ч хийхгүй байх гэдэг нь харилцан адилгүй ойлголт бөгөөд яагаад бид заримдаа өөрийгөө буруутгаж, гэмших мэдрэмж авалгүйгээр хүссэн киногоо олон цагаар үзэж, дарс ууж, зугаацаж болохгүй гэж? Амьдрал зөвхөн ажлын бүтээмж, амжилтын өндрөөр тодорхойлогдохгүй. Амьдрал таны аз жаргал, баяр баяслаар тодорхойлогдоно.
Ихэнх хүмүүс урт удаан хугацаанд тасралтгүй ажилласны дараагаар "би амралт авах ёстой” гэж боддог бол италичууд "би амралт авах эрхтэй” хэмээн үздэг байна. Чухамдаа амьдралын баяр баясал, аз жаргал нь бидний анзаарч хардаггүй (магад анзаарч харах ч сөхөөгүй байдаг) энгийн мөчүүдэд оршиж байдаг. Хэрэв та үргэлж л заавал үр бүтээлтэй ажиллаж, амьдрах ёстой гэсэн дарамтыг мэдэрч буй бол "Dolce far niente"-г хэрэгжүүлээд үзээрэй. Зүгээр л яг одоо хийх ёстой бүх зүйлээ түр хойш тавиад аяга цай ууж, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, ууланд алхан агаар салхинд гарч, эсвэл бүтэн өдөржин орондоо юу ч бодолгүй унтсан ч болно шүү дээ.