Хайх

Шинэ оныхоо зорилгыг тодорхойлж байна уу? Хүсэл биелүүлдэг манифест хийгээд үзээрэй

Шинэ оныхоо зорилгыг тодорхойлж байна уу? Хүсэл биелүүлдэг манифест хийгээд үзээрэй

Text: Buro.Mongolia


Зураг: Marie Mori

Амьдралын коач, бизнес ментор, Getlit компанийн үүсгэн байгуулагч, “You Are Powerful: The Secret to Everyday Manifestation” номын зохиолч Беки Рабин энерги, бодлын хүчээр хүсэл биелүүлэхэд тусалдаг манифест хийх аргаасаа хуваалцжээ.


Анхаарал хааш чиглэнэ, тэнд энерги төвлөрнө. Энэ бол манифестын үндсэн зарчим. Бид өөрсдийн бодлоо хүсэж буй зүйлдээ сайтар төвлөрүүлж чадах юм бол орчлон ертөнц тэрхүү хүслийг нь биелүүлэхээр ажиллаж эхэлнэ. Энэ бол манифестын үндсэн санаа.


Шинэ оныхоо зорилгыг тодорхойлж байна уу? Хүсэл биелүүлдэг манифест хийгээд үзээрэй (фото 1)

Он солигдох мөч хаяанд тулсан энэ үеэр хүсэл зорилгоо шинээр тодорхойлох нь уламжлал болон тогтжээ. Бид зураг хайчилж самбарт наах, тэмдэглэл дээрээ бодлоо буулгах зэрэг олон төрлөөр ирээдүйгээ төлөвлөдгийн сацуу хүсэл бичсэн цаасаа шатаан оргилуун дарсандаа хийж уух гэхчлэн сонирхолтой заншлууд ч хэрэгжүүлдэг. Тэгвэл та энэ жил манифест хийж хүслээ биелүүлэх талаар бодоод нэг үзээрэй. Беки Рабины хэлж буйгаар орчлон ертөнц биднийг үргэлж сонсож байдаг бөгөөд хүн бүр өөрсдөө ч мэдэлгүйгээр өдөр тутамдаа манифест хийдэг байна. Ингэхдээ анхаарлаа сэтгэл гудайлгадаг, эсвэл өөрт байхгүй зүйлс дээр төвлөрүүлэх нь дутуугийн мэдрэмжийг улам л татдаг бол өөрийгөө зорилгодоо хүрснээр, сайн сайхнаар төсөөлөх нь үргэлж эерэг үр дагавар дууддаг болохыг Беки Рабин хэллээ.

Тиймээс та 2023 оны зорилгоо тодорхойлохдоо юун түрүүнд сэтгэл санаагаа эерэг байлгах нь чухал юм. Өөрийн тойрон хүрээлж буй уур амьсгалаа эерэг болгохоос урьтаж амьдралдаа дутагдаж байгаа зүйл дээрээ төвлөрөн шинэ зорилго тавих нь манифест биш гэдгийг Рабин анхааруулж байна. 

Манифест хийхэд анхаарах 6 алхам

Шинэ оныхоо зорилгыг тодорхойлж байна уу? Хүсэл биелүүлдэг манифест хийгээд үзээрэй (фото 2)

Дан ганц бичээд өнгөрөх хангалтгүй

Хэрэв та хүслээ бодитоор биелүүлэхийг хүсэж л байгаа бол зүгээр нэг цаасан дээр бичээд далд хийх биш, харин тухайн зорилгоо тавьсан шалтгаан, хүсэл биелснээр гарах өөрчлөлтийн талаар бодож дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ингэхдээ дуртай дуугаа тавих, бясалгал хийх гэх мэт байдлаар тухтай орчноо бүрдүүлэхийг Рабин зөвлөлөө. Мөн тэрээр ганцхан өдрийн турш бодолдоо төвлөрөөд зогсолгүй тодорхой давтамжтай хийдэг нэг ёсны заншил болгох нь хурдан үр дүнд хүргэхийг онцолжээ.

Тодорхой байлгах нь чухал

Та хүсэл зорилгынхоо деталь бүрийг тооцож, маш бодитоор тунгаан бодоорой. Ингэснээр мөрөөдлийнхөө араас тууштай явж, аливаа зүйлд цалгардалгүй, мөн шаардлагагүй зүйлсээс итгэлтэйгээр татгалзаж чадна.

Өөрийнхөө чадамжид бүрэн итгэ

Таны тавьсан зорилго шинэ карьер, амжилттай бизнес, хосын харилцаа гээд юутай ч холбоотой байсан, хүрэх зай нь ямар ч хол байсан өөрийнхөө чадамжид бат итгэлтэй байх хэрэгтэй. Манифест хийхийн хамгийн гол зарчмуудын нэг бол өөртөө эргэлзэхгүй байх юм. Амьдралыг цаас гэж үзвээс бол үйл явдлыг нь зурах бийр таны гарт бий.

Бодолдоо үнэнч байгаагаа үйлдлээрээ илэрхийл

Хэрэв та өөрийн бизнесээ эхлүүлэхийг хүсэж байгаа ч ямар нэг үйлдэл хийлгүйгээр шантарч, эсвэл тууштай хосын харилцаа эхлүүлмээр байв ч зорилго нийлэхгүй хүнтэйгээ хамт байсаар байгаа бол орчлон ертөнц хүслийг тань нухацтайгаар хүлээж авахгүй. Айдас, хойш татсан бодол, санаа зовнилоосоо анхаарлаа хөндийрүүлж, жинхэнэ чин сэтгэлдээ хөтлөгдөөрэй.

Мэдрэмжээ анзаар

Манифест хийхэд мөрөөдлөө бодоод явах биш, харин тухайн хүсэл нь биелсэн цагт ямар мэдрэмж төрөх тал дээр анхаарлаа чиглүүлэхийг Рабин зөвлөж байна. Тухайлбал, би маш сайхан байртай болно гэхийн оронд байрандаа амьдрахад авах халуун дулаан, элэг бүтэн мэдрэмжийг төсөөлөх нь зүйтэй.

Хөдөлж эхэл

Таны хийх алхмууд бол орчлон ертөнцөд бэлэн байгаагаа ойлгуулж буй хамгийн том тэмдэг юм. Гарч ирсэн боломжуудыг хүлээн авч, зорилгоос тань хазайлгах зүйлсэд “үгүй” гэж итгэлтэйгээр хэлээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх