CES 2017: Хамгийн сонирхолтой автомашины таван концепци
CES 2017
Honda NeuV
Honda NeuV нь хоёр хүний суудалтай, хот дотор унах зориулалттай цахилгаан автомашин юм. Энэхүү автомашины гол онцлог нь зорчигчийн сэтгэл санааны байдлыг үйл хөдлөлийнх нь тусламжтай мэдрэх чадвартай хиймэл оюун ухаан суулгаж өгчээ. Ингэснээр Honda NeuV бүхээгний хэмийг автоматаар тохируулж, дуртай дууны жагсаалт үүсгэх зэргээр зорчигчийн тав тухтай байдлыг хангана. Мэдээж энэхүү авсаархан ухаалаг автомашин нь өөрийгөө бүрэн жолооддог бөгөөд хотын шинэ төрлийн унаа болох зорилготой юм.
BMWi Inside Future
CES 2017 үзэсгэлэнгийн үеэр хамгийн их анхаарал татсан бүтээл бол яах аргагаүй BMWi Inside Future гэдэг концепци байлаа. Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч BMW компанийн танилцуулсан энэхүү концепци нь тус брэндийн автомашинуудын ирээдүйн интерьерийг харуулсан бүтээл болж байгааг тэд онцолсон юм. Энэхүү өөрийгөө жолооддог автомашинд HoloActive Touch гэдэг хамгийн сүүлийн үеийн систем суулгаж өгснөөр BMWi Inside Future-ийг ямар нэг товчлуур оролцуулахгүйгээр дуу хоолой, хурууны хөдөлгөөн, дохио зангаагаар удирдах боломжтой. BMW компани энэхүү автомашины нээлтийг 2021 он гэхэд хийнэ хэмээн тооцоолж байна.
Mercedes Benz Vision Van
Mercedes-Benz энэхүү зөөврийн микро автобусыг өнгөрсөн есдүгээр сард анх олон нийтэд дэлгэсэн юм. Mercedes-Benz Vision Van концепци нь бараа хүргэлтийн салбарт шинэчлэлт хийх зорилготой унаа юм. Уг зөөврийн автомашин нь ачааны автомат орон зай, хүргэлтийн дрон зэрэг дэвшилтэт технологийг өөртөө суулгасан байгаа. Ингэснээр энэхүү зөөврийн машины тусламжтай хэрэглэгчдийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг автоматаар ачиж, дроноор хүргэлт хийж, илүү үр дүнтэй, хялбар үйлчилгээний системийг нэвтрүүлэх болно. Одоогоор Vision Van ямар үнэтэйгээр, хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.
Toyota Concept-i
Toyota компани өөрийгөө бүрэн жолооддог автомашинд анхаарлаа хандуулах бус харин жолоочид хэрэгтэй бүх дэмжлэгийг үзүүлэх, хиймэл оюун ухааныг бүтээж чадсанаараа CES 2017 үзэсгэлэн дээр онцлог байлаа. Concept-i загварт "Юи" гэдэг хувийн туслахыг суулгаж өгсөн бөгөөд энэхүү хиймэл оюун ухаан нь жолоочтой харилцан яриа өрнүүлж, радио асаах зэргээр хэрэгтэй үед дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Toyota компани ирээдүйд өөрийгөө бүрэн жолооддог автомашиныг бүтээх зорилттой байгаа ч одоогийн байдлаар энэ технологийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх цаг нь болоогүй гэж үзэж байгаа юм.
Chrysler Portal
Fiat Chrysler компани CES 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан Portal гэх энэхүү концепцийг шинэ мянганыханд зориулсан гэр бүлийн автомашин хэмээн нэрлэж байна. Уг автомашин нь гэр ба ажлын газраас гадуурх "гуравдагч орон зай" болох ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн технологи ба интерьерийн тусламжтай зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангах зориулалттай. Мөн энэхүү автомашин нь зорчигчдын дуу хоолой ба нүүр царайг таних систем суулгаж өгснөөр тухайн хүнд зориулсан бүхээгний хэм ба дуртай дууг нь тохируулж өгнө. Мэдээж шинэ мянганыханд зориулсан концепци учраас селфи хийхэд эсвэл олон хүний зураг авахад тохиромжтой камерыг бүхээгт байрлуулж өгсөн байгаа. Chrysler Portal автомашины 100 квт/цагийн багтаамжтай хөдөлгүүр нь бүрэн цэнэглэсэн байхад 400км зам туулах чадвартай.