Хайх

Интерьер шинэчлэлт: Минимал ба классик хослол

Интерьер шинэчлэлт: Минимал ба классик хослол

Дизайнер Тамир

Text: Ж.Чинбат


Энэ 2017 онд гэрээ шинэчилж, интерьер дизайнаа өөрчлөх, эсвэл шинэ байранд орохоор төлөвлөж байгаа уншигчиддаа зориулж Бюро 24/7 цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Tom Think компанийн интерьер дизайнер Ц.Тамирын зөвлөгөөг хүргэж байна

Дизайнер Ц.Тамир минимал амьдралын хэв маяг монгол хүний сэтгэл санаанд тийм ч нийцтэй байдаггүй болохыг олж ажиглажээ. Тиймээс минимал стилийг аль болох классик, эсвэл модерн урсгалтай хослуулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Зураач мэргэжилтэй Ц.Тамир сүүлийн 13 жилийн хугацаанд интерьер дизайны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд олон төрлийн интерьер дизайн хийж, хүмүүстэй харилцсан туршлагатай. Түүний гол зорилго бол монгол хэв маягийг интерьер дизайнд донжийг нь олж, зөв нийцүүлсэн шийдэл гаргах юм. Ийм хандлагыг дизайны чиглэлээр ажиллаж байгаа олон уран бүтээлчид эрхэмлэж, бүгд өөрсдийн хийсэн ажлаараа ямар нэг хувилбар гарган үзүүлдэг. Үүнээс аль нь зохимжтой, ямар нь тохиромжгүй болохыг Ц.Тамир ажиглаж, тэр бүхнээс өөрөөр шийдсэн загвар хийхийг эрмэлздэг аж. Ер нь монгол гэхээр заавал хээ угалз ашиглах юм уу, үндэсний бэлгэдлийг шууд утгаар буулгахгүйгээр өв соёлынхоо өөр олон элементийг ашиглаж болно гэж тэрээр ярьлаа. 

Интерьер шинэчлэлт: Минимал ба классик хослол (фото 1)

Интерьер шинэчлэлт: Минимал ба классик хослол (фото 2)

Хүмүүс интерьер дизайны талаар нэн түрүүнд мэдэж байх хэрэгтэй ямар зүйлс байдаг вэ?

Интерьер шинэчлэлт хийх гэж байгаа хүмүүс нэн түрүүнд мэдэж байх ёстой зүйл бол нэгдүгээрт мэргэжлийн сайн дизайнерт хандах юм. Үүний тулд дизайнераа сайн судлах хэрэгтэй. Тэр хүний туршлагыг хийсэн ажлууд нь өгүүлж байдаг тул таны хүсэл сонирхолтой хэр нийцэх хүн бэ гэдгийг нь харж болно. Хэрвээ та сайн судалж байж дизайнераа сонговол өөрийн хүссэн үр дүндээ хүрнэ. Нэгэнт та зөв дизайнераа сонгосон бол түүнд бүрэн итгэх хэрэгтэй. Учир нь таны сонгосон дизайнерын анхны санаа хамгийн сайн байх магадлалтай. Миний туршлагаас харахад маш олон хүн эхнээс нь зураг бэлтгүүлэх нь зөв байж гэдгийг сүүлд нь ойлгодог. Тиймээс та анхнаас нь зураг гаргуулж интерьер дизайнаа шинэчилбэл эрсдэл гаргахаас сэргийлж, мөнгөө хэмнэх болно.  

Интерьер дизайны салбарт 2017 онд  ямар чиг хандлага орж ирж байна вэ?

Өнгөрсөн 2016 онд хүмүүс минимал интерьер их сонирхож, энгийн байдлыг их эрхэмлэсэн. Гэхдээ монголчууд цэвэр минимал интерьертэй орчинд амьдарч чаддаггүй. Тиймээс айлууд минимал өнгө төрх оруулахдаа илүү орчин үеийн харагдах завсрын өнгө сонгож байсан. Энэ жилийн хувьд баруунд эргээд классик хэв маяг чиг хандлага болсон. Нарийн хээтэй мөнгөлөг обой ашиглах, зөөлөн туяатай хоёр, гурван өнгө хослуулж байгаа. Монголд дизайны шинэ чиг хандлага удаан орж ирдэг учраас өнгөрсөн 2016 оны сонирхол үргэлжилж магадгүй. 

Монголын нөхцөлд буюу 50-100 м2, 100-200 м2 хэмжээтэй байр, орон сууц, амины сууцыг тохижуулахад ямар хэв маяг илүү тохиромжтой байдаг вэ?

Ер нь 100 м2 дотор хэмжээтэй байранд хүмүүс ихэвчлэн  модерн, минимал загвар сонгож интерьер дизайнаа хийлгэж байгаа. Энэ нь ч зөв сонголт. Учир нь ийм орон зайд хоёроос гурван өнгөний хооронд бүх шийдэл гардаг. Миний зүгээс минимал стилийг классик хэв маягтай зөв хослуулсан интерьер зөв сонголт болно гэж хэлэх байна. 

Өөрийн үл хөдлөх хөрөнгөө шинэчлэх гэж байгаа хүмүүст зориулаад энэ жил ямар өнгө санал болгох вэ?

Энэ жил Pantone институтиэс 15-0343 кодтой "Greenery" гэдэг салат навчны өнгийг 2017 оны өнгө гэж тодорхойлсон. Миний зүгээс тийм ногоон өнгийг Pantone-ын "Vaporous gray" өнгөтэй хослуулбал гоё гэж бодож байна. 

Интерьер шинэчлэлт: Минимал ба классик хослол (фото 3)

Тавилгын хувьд ямар загвар, стиль, материалтай зүйлс санал болгох вэ?

Хүмүүсийн сонирхлыг харахад бүгд энгийн байдлыг эрхэмлэж байгаа учраас илүү чимэггүй, хурц тод өнгөгүй тавилга сонгож байгаа нь ажиглагддаг. Хэрэв тод өнгийн тавилга сонговол бусад чимэглэл нь дагаад мөн тод болох гээд байдаг. Тиймээс тавилга авахдаа аль болох завсрын, саарал ч юм уу, тааран өнгө сонгохыг зөвлөж байна. Харин гэртээ өнгөлөг, тод уур амьсгал оруулахдаа жижиг чимэглэлийн зүйлсээр дамжуулан бий болгоорой. 

 

цааш үзэх