Цагаан өнгийн интерьер: Таван зөвлөмж
Цагаан өнгийн орон зайг илүү тав тухтай, дулаан болгох зөвлөмжүүд
Та цагаан өнгийн гэгээлэг орчинг хараад таагүй сэтгэгдэл авч байсан удаа бий юу? Бараг л үгүй болов уу. Учир нь цагаан өнгө үргэлж цэмцгэр харагдаж, сэтгэл тайвшруулж, орчин үеийн мэдрэмж өгч, эерэг уур амьсгал бий болгодог ид шидтэй. Интерьер дизайны салбарт өнгөний трендүүд үргэлж солигдож байдаг ч, цагаан бол мөнхийн сонгодог шийдэл юм. Гэхдээ цагаан өнгийн орон зайг тав тухтай, дулаан болгохын тулд хэд, хэдэн зөвлөмж дагах хэрэгтэйг бид багцлан хүргэж байна.
Зөв туяа сонгох
Цагаан өнгийн 50 гаруй туяа бий. Тэгэхээр сонголтоо сайтар тунгаасны эцэст хийх хэрэгтэй. Ханаа цагаан өнгөөр будахдаа юуны түрүүнд анхаарах зүйл нь тухайн орон зайны гэрэлтүүлэг юм. Өнгө бүр гэрэлтүүлгээс хамааран өөр туяа цацруулдаг тул цонхны байрлал, нарны тусгал зэргийг тооцоолоорой.
Цагаан өнгө нь саарал эсвэл цэнхэр гэх зэрэг хүйтэн туяатай байх үед гэрт тань Скандинав хэв маягтай цэмцгэр уур амьсгал бий болно. Харин илүү дулаан, шар туяатай бол байгальтай ойр мэдрэмж төрнө.
Төрөл бүрийн бүтэцтэй материалуудыг хослуулах
Цагаан өнгийн орчинг илүү амьтай, тав тухтай болгохын тулд төрөл бүрийн бүтэцтэй материал ашиглах нь зүйтэй. Мод, тоосго, хавтанцар, цутгамал, гантиг, үхрийн шир, даавуу, торго, ноос гээд маш олон төрлийн бүтэцтэй материалууд бий. Эдгээрийг хослуулснаар таны гэр илүү дулаан, тохилог, өвөрмөц болно шүү.
Байгалийн гаралтай эд зүйлс нэмэх
Гэрээ илүү тав тухтай, дулаан болгох бас нэгэн арга бол ургамал, цэцэг, мод, чулуу зэрэг байгалийн гаралтай элементүүд нэмэх явдал юм. Байгалийн гаралтай ямар ч зүйл орон зайг хормын зуур дулаан уур амьсгалтай болгодог. Та интерьерээ тансаг, глэм-шик байдлаар шийдсэн байсан ч хамаагүй байгалийн эд зүйлс ямар ч орчинд сайхан деталь болж, эерэг энерги нэмнэ.
Гэрээ чимэглэхдээ цагаан өнгийн өөр туяануудыг хослуулах
Тавилга, хөшиг, гэрэл, чимэглэлийн аксесуарууд зэрэг нь бүгд ижил туяатай байвал энэ нь уйтгартай, хүйтэн харагдаж болзошгүй юм. Харин ойролцоо туяатай цагаан өнгөнүүдийг хооронд нь давхарлаж, хослуулах нь илүү сонирхолтой бөгөөд тансаг шийдэл болно. Тухайлбал та орны хэрэгсэл, дэвсгэрээ хүртэл өөр туяатай цагаан өнгөнүүдээр бүрдүүлж болох юм.
Урлагийн бүтээл нэмэх
Ямар ч төрлийн, ямар ч урлагийн бүтээл цагаан өнгийн монохром орчинд үнэхээр сайхан харагддаг. Яг л галерей мэт. Тиймээс таны сонгосон урлагийн бүтээл гэрийн уур амьсгалыг тодорхойлж, үндсэн деталь болно. Хэрэггүй зүйлс худалдаж авахын оронд урлагийн бүтээл цуглуулж, ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг бид уриалж байна.