Шангри-Ла зочид буудлын алдарт Yelloween үдэшлэг болох гэж байна. Ямар дүр төрх бүрдүүлэх вэ?
Хэллоуины баярт зориулсан багт наадам
Монголчууд бидний хувьд Хэллоуины баяр нь шашны ёс заншил гэхээс илүүтэй ямар нэгэн өвөрмөц дүрд хувиран өөрийгөө илэрхийлэх зугаатай шалтгаан болоод хэдэн жилийг ардаа орхижээ. Жил бүрийн аравдугаар сарын сүүлчийн өдөр Улаанбаатар хотын хамгийн "IT" газруудад төрөл бүрийн Хэллоуины баярт зориулсан арга хэмжээ зохиогддог бөгөөд залуус энэ өдөр аймшгийн, хошин, эсвэл зүгээр л дуртай киноныхоо баатарт хувиран нэг үдшийг төсөөллийн ертөнцөд умбан цагийг хөгжилтэй өнгөрөөдөг билээ. Харин тэдгээр үдэшлэгүүдээс мэдээж хэрэг Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас жил бүр зохион байгуулдаг "Veuve Clicquot" брэндийн нэрэмжит алдарт Yelloween үдэшлэг хамгийн их хүлээлт үүсгэж, залуус энэхүү арга хэмжээнд оролцохын тулд костюмаа эртнээс сэтгэл догдлон бэлддэг уламжлал аль хэдийнэ тогтжээ.
Энэ жилийн Yelloween үдэшлэгийн сэдэв нь маскарад буюу багт наадам. Үлгэрийн ертөнцөд нэвтэрч, амьдралаас баяр хөөрийг мэдэрч, нэг үдэш ч болов баг зүүн огт өөр хүний дүрд хувирч, хүссэнээрээ бүжиглэн цэнгэлдэх боломж олгодог багт наадам дэлхийн улс орнуудын Хэллоуины баяр тэмдэглэх хамгийн дуртай сэдэв болсоор ирсэн учраас энэ жилийн Yelloween үдэшлэгийн сэдвээр тогтжээ. Бямба гарагт зохиогдох Yelloween үдэшлэгт BHARMONEY-гийн cool бартендерүүд нэрийн коктейлүүдээ бэлтгэж, The Voice of Mongolia шоуны оролцогч, дуучин Өрлөг, DJ Asuri зэрэг уран бүтээлчид эрч хүчтэй дуунуудаараа арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлох бол комедиан Батаа олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохиож үдэшлэгийг хөтлөн явуулах болно. Ингээд багт наадам гэж юу вэ, хэрхэн хувцаслах вэ зэрэг Yelloween үдэшлэгт очихоосоо өмнө заавал мэдэх хэрэгтэй зүйлсийг харцгаая.
Маскарад буюу багт наадам хаанаас эхлэлтэй вэ?
Түүх сөхвөл 1393 онд Францын VI Чарльз хаан хамгийн анхны маскарад буюу багт наадмыг зохион байгуулж дэлхий нийтэд танилцуулжээ. Улмаар нууцлаг атлаа ер бусын мэдрэмж төрүүлсэн энэхүү үдэшлэг нь XVII зуунд Европ даяар тархсан байдаг. Тэр дундаа Италийн сэргэн мандалтын үед хааны гэр бүл, язгууртан, ихэс дээдсийн хүрээлэлд хурим, хаан ширээнд залах ёслол зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан багт наадам зохион байгуулдаг байжээ.
Мөн багт наадам нь Венецийн карнавалтай салшгүй холбоотой. Венецийн ард түмэн Улаан өндөгний баярыг тохиолдуулан 40 хоногийн турш мацаг барихын өмнө ихэс дээдсээс эхлээд энгийн ард иргэд хүртэл улс орон даяараа карнавал зохион байгуулж, харц булаам гоёмсог костюмууд, нарийн хийцийн баг, маск зэргээр гоён цэнгэлддэг байжээ. Харин орчин үед багт наадам нь учир битүүлэг, нууцлаг уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй баг, маск, костюмийн тусламжтай хүссэн дүрдээ хувирах боломж олгодог гэдэг утгаараа Хэллоуины, шинэ жилийн болон бусад сэдэвчилсэн үдэшлэгүүдийн сонгодог сэдэвт тооцогдсоор байна.
Багт наадамд юу өмсөж болох вэ?
Дундад зууны үед багт наадамд оролцохын тулд бүсгүйчүүд бөмбөгөр ханцуй болон урт хормойтой барокко стилийн даашинз, эрчүүд нь тансаг ёслолын хувцсаа өмсөж, бүгд баг зүүн оролцдог уламжлалтай байсан бол он цаг улиран өнгөрөх тусам багт наадмын костюм илүү цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Тухайлбал орчин цагт багт наадмын үдэшлэгт ирэхдээ бүсгүйчүүд коктейль даашинз, эрчүүд хослол өмсөн, дүр төрхөө төрөл бүрийн гоёмсог хийцтэй баг, маск зүүн баяжуулдаг болсон байна. Хэрвээ та уламжлалт зүйлсийг хүсэж байвал яг л Венецийн карнавалд оролцох гэж байгаа мэт дүр бүрдүүлж болох бөгөөд энэ тохиолдолд та "шилдэг костюм" шагналыг хүртэх өндөр магадлалтай.
Хамгийн чухал нь маск зүүн нүүрээ далдлах!
Багт наадмын хамгийн чухал зүйл нь мэдээж хэрэг гоёмсог маск, баг байдаг. Багаа сонгохдоо уран сэтгэмжээ дээд зэргээр ашиглан торон нэхээс, өд сөд, хатгамал, гялтгар чимэглэлтэй маскуудаас сонголтоо хийгээрэй. Эсвэл бүр Венецийн карнавалын уламжлалт "баута" маск байвал бүр ч илүү сэдэвтэйгээ зохицно.
Хүссэн баатрын дүрдээ ч хувирч болно
Юуны өмнө багт наадамд хүрэлцэн ирэхдээ өөрийн жинхэнэ дүр төрхөө нууцлах учиртай юм. Тиймээс та заавал гоёлын даашинз, албан ёсны хослол өмсөх шаардлагагүй. Үүний оронд киноны дүр, поп од гээд өөрийн хүссэн баатартаа хувирч болох бөгөөд гол нь хүмүүс таныг харангуутаа танихгүй байхад л хангалттай. Жишээ нь өнгөрсөн жилийн Yelloween үдэшлэгт Money Heist цувралын дээрэмчид, Зорро, шуламнууд гээд төрөл бүрийн баатрууд хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг дотны найзууд нь хараад ч таниагүй гэдэгт итгэлтэй байна.
Хаана, хэзээ
2020 оны Yelloween үдэшлэг нь уламжлал ёсоор Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах Наадам ресторанд аравдугаар сарын 31-нд 19:00 цагаас эхэлнэ.
Шангри-Ла Улаанбаатар зочид буудал, Наадам ресторан