Fashion Awards 2018: Улаан хивс
Сассексын гүнгийн авхай Меган Маркл тайзан дээр гарч, Кендалл Женнер, Виктория Бекхэм болон бусад одууд улаан хивсний ёслолд оролцлоо
Хэдхэн цагийн өмнө Лондон хотод арванхоёрдугаар сард загварын ертөнцөд тохиосон хамгийн сүр дуулиантай үйл явдал болж өнгөрлөө. Их Британийн нийслэл хот энэ үдэш дэлхийн өнцөг бүрээс хүрэлцэн ирсэн алдартай зочдыг жил бүр уламжлал болгон зохиодог Fashion Awards ёслолдоо хүлээн авсан юм.
Энэ үдэш бие давхар Сассексын гүнгийн авхай Меган Маркл тайзан дээр гарч, түүний хуримын даашинзыг урласан, Givenchy ордны бүтээлч захирал, дизайнер Клэр Уэйт Келлерт "Их Британийн оны шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" шагналыг гардуулсан нь арга хэмжээний онцлох мөчүүдийн нэг боллоо.
Ёслолын улаан хивс ч мөн гишгэх газаргүй болтлоо одуудаар дүүрсэн байлаа. Fashion Awards шагнал гардуулах ёслолд Виктория Бекхэм гэр бүлийн хамт, Кроуфорд-Герберийн гэр бүл, Кендалл Женнер, Алекса Чанг, Кейт Мосс, Оливия Палермо болон бусад олон алдартнууд хуран цугларчээ.