Жессика Альба, Карли Клосс болон бусад одууд Christian Dior-ын загварын шоун дээр
Мароккод
Өнгөрсөн шөнө Марракеш хот дахь XVI зууны Каср-аль-Бади нэртэй эртний цайзад Christian Dior ордны 2020 оны аяллын цуглуулгад зориулсан загварын шоу болж өнгөрлөө. Загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри шинэ цуглуулгаа урлахдаа дэлхийн олон орны соёл, тэр дундаа Африк ба Европын уламжлал, үнэт зүйлсээс санаа авсан бөгөөд тэрээр энэхүү цуглуулгаараа дамжуулан олон янзын соёлын нэгдлийг "загварын хэлээр" харуулахыг зорьжээ.
Алдарт дизайнерын шинэ бүтээлийг хамгийн түрүүнд үзэхээр дэлхийн супер одууд Мароккод хүрэлцэн ирж, цэцэгс, жүржийн мод, олон зуун галт бамбар болон лаануудын гялалзсан тусгалаар хүрээлүүлэн үлгэрийн мэт уур амьсгалд автжээ.
Christian Dior-ын загварын шоунд ойролцоогоор 800 орчим зочид хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд Жессика Альба, Шейлин Вудли, Карли Клосс, Люпита Нионго, Дайана Росс, Жанна Дамас болон бусад алдартнууд харагдсан юм.