Хайх

Шинэ судалгаагаар батлагдсан: Тасалгааны ургамал агаар цэвэршүүлдэггүй

Шинэ судалгаагаар батлагдсан: Тасалгааны ургамал агаар цэвэршүүлдэггүй

Эрдэмтэд онцолж байна

Text: Buro.Mongolia


Тасалгааны ургамал агаар цэвэршүүлдэг гэдэг нь өрөөсгөл ойлголт болохыг эрдэмтдийн шинэ судалгаа баталлаа. Exposure Science & Environmental Epidemiology шинжлэх ухааны сэтгүүлээс явуулсан уг судалгааг дотоод орчны агаарын чанарын үзүүлэлт дээр үндэслэн явуулсан байна. Тодруулбал бидний амьдралын ихэнх цагийг өнгөрүүлдэг гэр, оффисын орчны агаар барилгын материал, тавилгын материал, цэвэрлэгч бодис зэргээс ялгарах дэгдэмхий органик нэгдлүүдээс үргэлж бохирддог ба тэдгээр хорт нэгдлүүдийг тасалгааны ургамал нь өөртөө шингээж авдаггүй байна. Харин дотоод орчны агаарыг сайжруулах хамгийн оновчтой арга нь нэвт салхилуулах, тусгай агаар шүүгч, цэвэршүүлэгчийг байршуулах явдал болохыг судалгааны удирдагч Майкл Варин онцоллоо. "Жижиг талбайтай оффист нэг удаа агаарын солбицол явуулах нь тасалгааны 100-1000 ургамалтай байхтай тэнцэнэ. Гэвч бодит байдал дээр ийм олон тооны тасалгааны ургамалтай байх нь боломжгүй зүйл юм" хэмээн тэрээр цохон дурдсан юм.

Сонирхуулахад уг судалгаа нь NASA агентлагийн 1989 онд хийсэн нэгэн судалгааг үгүйсгэж байгаагаараа олны анхаарлыг татаад байгаа юм. 1989 онд хийгдэж байсан тэрхүү судалгаа нь хонин нүдэн, нөмөргөнө, хулсан дал мод, луу мод зэрэг тасалгааны ургамал нь агаар дахь хорт бодисуудыг устган, агаарын орчныг сайжруулдаг хэмээн батлаад байсан ч 30 жилийн өмнөх уг судалгааг битүүмжилсэн лабораторийн нөхцөлд явуулсан тул бодит байдалд үл нийцнэ хэмээн Майкл Варин тодруулсан юм. Гэхдээ тасалгааны ургамал тарьж, ургуулах нь тайвшрал өгч, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг бүү мартаарай.

цааш үзэх