Хайх

Хуримын ёслолын чимэглэл: Цэцгийн дизайнер Жефф Литам зөвлөж байна

Хуримын ёслолын чимэглэл: Цэцгийн дизайнер Жефф Литам зөвлөж байна

Алдартнуудын "цэцэгчин"

Text: Buro.Mongolia


Парист байрлалтай таван одтой 'Four Seasons Hotel George V' зочид буудлын бүтээлч захирлаар ажилладаг Жефф Литамийн "цэцэгчний" карьер 1995 оноос эхлэлтэй. Францын соёл урлагийн хөгжилд багагүй нөлөө үзүүлсэн Жефф Литам "Flowers by Jeff Leatham", "Flowers by Design", болон "Jeff Leatham-Visionary Floral Art and Design" гэсэн номууд гаргасан нь бестселлер болж байжээ.

Зөвхөн цэцэгс ашиглан мөрөөдлийн ертөнцийг бүтээдэг тэрээр Кардьяшаны гэр бүл, Опра Винфри зэрэг Холливүүдийн алдартнууд болоод Alexander Wang, Balenciaga, Bvlgari, Alexander McQueen, Burberry гэх мэт брэндүүдтэй хамтран ажиллаж байсан юм.

Instagram хуудсандаа 800 мянга гаруй дагагчтай, дэлхийн хамгийн алдартай цэцгийн дизайнер Жефф Литам хуримын ёслолоо хэрхэн цэцгээр тохижуулах тухай зөвлөж байна.

 

 

Хуримаа цэцэгсээр чимэглэхээр шийдсэн бол гурваас олон төрлийн цэцэг сонгохгүй байхыг Жефф зөвлөж байна. Ингэснээр хуримын тохижилт илүү тансаг, цэгцтэй харагдаж, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болдгийг тэрээр онцоллоо. Жефф Литамийн хувьд барын чих, цахирмаа, сараана зэрэг цэцэгсийг хуримын ёслолд сонгох дуртай байдаг гэнэ. Учир нь эдгээр цэцэг нь хөрснөөсөө салсан ч шинэхэн байдлаа удаан хадгалдаг ба чимэглэлийн явцад гэмтэх нь харьцангуй бага байдаг байна.

 

Мөн хурим зохион байгуулагдаж буй газрын талбай том байх тусам цэцэгсийг аль болох өөр байдлаар чимэглэхийг санал болголоо. Тухайлбал, зочдыг угтан авах хэсэгт цахирмаа цэцгээр хана босгосон бол төв талбайд цахирмааг таазны чимэглэл болгон ашиглах нь орчин тойронг илүү баялаг харагдуулдаг ажээ. 

Өнгөний хувьд нэг өнгөөр дагнасан буюу монохром байх нь хамгийн зөв сонголт болж чадах бөгөөд хэрэв олон өнгийг холихыг хүсч байвал хамгийн эхэнд өнгөний набор гарган түүний дагуу цэцгээ сонгон, тохижилт хийхийг Жефф Литам зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх