Хайх

Шинэ тренд: Хүүхдийн йог ба түүний ач холбогдол

Шинэ тренд: Хүүхдийн йог ба түүний ач холбогдол

Text: Т.Номин-Эрдэнэ


“Амьсгалаа зөөлөн аваад аажуухан гаргаарай. Бүх биеэ суллаад...”

Ухаалаг технологиуд бидний амьдралд хүч түрэхийн хирээр хүмүүс хоорондын харилцаа хөндийрч, нийгмийн голлох асуудлууд сэтгэлзүйн хэв шинжтэй болсоор байна. Хүн бүр өөрсдийн нуруунд тохогдсон жижиг том асуудлуудаа даван туулахын тулд фитнес, йог, бясалгал, балет, теннис, усан сэлэлт зэрэг спортын төрлүүдээр хичээллэх болжээ. Биеийн алжаал, стресс ядаргаагаа тайлахаас гадна галбиржин турж, эсвэл булчинлаг бие бялдрыг цогцлоож, эрүүлжиж, шинэ хоббитой болж, зөв амьдралын хэвшилд суралцахад тэдгээрийн ач холбогдол маш өндөр билээ. Гэвч энэ бүхнийг зөвхөн томчууд л хийх ёстой юу?

Сүүлийн үед хүчээ авсаар байгаа эрүүл амьдралын хэв маягийн шинэ тренд бол хүүхдийн йог юм. Томчууд өдөр бүр өнгө өнгийн асуудал бэрхшээлээр дүүрэн байдаг шиг хүүхдүүд ч ялгаагүй айж түгших, уурлаж бухимдах, гуньж гутрах зэргээр стресс ядаргаанд ордог. Тиймээс тэдний насны онцлогт тохирсон йог хийлгэх нь маш олон давуу талыг бий болгодог байна. Тухайлбал, хүүхдийн йог нь бөгтөр нуруу засах, өндөр болгох зэргээр биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлж, сунгалт болон уян хатан чанарыг дээшлүүлж, биеийн дархлааг сэргээж, нойрыг сайжруулж, амьсгалын замын аливаа өвчин эмгэгээс сэргийлэхэд онцгой сайн нөлөөтэй. Иймээс ялангуяа хорт утаа ихтэй, ханиад томууны улиралд йогоор хичээллэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин сэтгэлзүйн талаас авч үзвэл, хувь хүнийхээ онцлогийг танин мэдэж, таагүй сэтгэл хөдлөлүүдээ зөв аргаар удирдаж, баяр хөөртэй, бүтээлч мэдрэмж авч, өдөр тутмын асуудал бэрхшээлийг хөнгөн даван туулах чадвартай өөртөө итгэлтэй нэгэн болж өөрчлөгддөг аж. Түүнчлэн анхаарал төвлөрөлт гойд нэмэгдэж, ой тогтоолт, багаар ажиллах чадварт суралцдаг байна. Ийм олон давуу талыг нь бодолцож орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ йогоор тогтмол хичээллүүлж, цэцэрлэг, сургуулиуд ч сургалтын хөтөлбөртөө йогийн хичээлийг тусгах болжээ.

Шинэ тренд: Хүүхдийн йог ба түүний ач холбогдол (фото 1)

Насанд хүрэгчид халуун йог, агаарын йог, нүүрний йог гэхчлэн цөөнгүй төрлөөр хичээллэдэг бол хүүхдийн йог нь ихэвчлэн 4-10, 11-15 буюу бага нас ба өсвөр нас гэсэн хоёр ангилалтай байдаг. Мөн багшийн удирдлага дор ганцаараа хичээллэхээс гадна анги хамт олноороо, эцэг эхтэйгээ, бүр тэжээвэр амьтантайгаа хүртэл хамт хийх йогийн хичээлүүд байдаг байна. Тэдгээрээс монголын зарим нэг хувийн цэцэрлэг, сургуулиудад заагддаг нарны мөргөл болон бастрика пранаяама йогийн тухай товч дурдъя. Нарны мөргөлийн хувьд, ердөө аравхан минутын дотор хүний биеийн 72000 судал суваг, 600 орчим булчин, 200 гаруй ясыг хөдөлгөөнд оруулдаг 12 угсармал дасгалаас бүрддэг. Ямар ч насны хүн хийж болох учраас хүүхдэд хүнддэхгүй бөгөөд өтгөн хатахаас сэргийлэн хоол шингээлтийг сайжруулж, өдрийн турш цовоо сэргэлэн, эрч хүчтэй байхад тусалдаг. Харин пранаяама нь йогийн гүн амьсгалын дасгал буюу амин эрчмийн тэлэлт юм. Энэ нь дотроо амьсгалаа хэрхэн авч, гаргаж байгаагаас шалтгаалсан есөн төрлийн техниктэй байдгийн нэг нь бастрика юм. Бастрикаг уушгины амьсгал хэмээн нэрлэх нь ч бий. Өрцөөрөө хурдан хүчтэй амьсгалдаг техник учраас хүүхдүүд хялбархан сурдаг бөгөөд энэ нь амьсгалын болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, уушги, амьсгалын замыг цэвэрлэж өгдөг.

Шинэ тренд: Хүүхдийн йог ба түүний ач холбогдол (фото 2)

Монголд төдийгүй дэлхийд эрчээ аваад буй хүүхдийн йогтой холбоотой маш олон аппликэйшн, ном, сургалт, зөвлөмжүүд байдаг учраас эцэг эхчүүд Youtube дээрх бичлэгүүдийг үзээд гэртээ ч хүүхэдтэйгээ хамт йог хийх боломжтой юм. Бид энэ сэдвийн хүрээнд хоёр хүүхдийн ээж Л.Батцэцэгийн туршлагыг хуваалцлаа.

“Би анхны хүүхдээ тээх үеэс эхлэн йогоор хичээллэж эхэлсэн. Хожим ууган хүү маань цэцэрлэгт орж, ангидаа өглөө бүр хүүхдийн йогийн дасгалууд хийх болсноор энэ тухай мэддэг болсон юм. Анх ийм жаахан үрс йог хийж, үр дүнд хүрнэ гэж юу байх вэ дээ гэж бодоод зүгээр өхөөрдөөд л өнгөрөөдөг байлаа. Гэтэл тодорхой хугацааны дараа нүдэнд харагдахуйц үр дүнгүүд гарч эхэлсэн. Жишээ нь, хүү маань илүү нээлттэй болж, өөртэй итгэлтэйгээр ангийнхаа найзууд болон багш нартайгаа харилцах болсон. Мөн анхаарал төвлөрөлт нь сайжирч, аливааг сурах хурд нь нэмэгдсэн. Санаа дагаад ч тэр үү, өвөл хавартаа ханиад томуу хүрэх нь ч эрс багассан мэт санагдаж байгаа. Одоо би амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ йог хийдэг юм. Томчуудын хичээл намуухан аянд удаан хэмнэлтэй байдаг бол хүүхдийнх эсрэгээрээ цоглог аянд тун хөгжилтэй, эрч хүчээр дүүрэн байдаг. Гэр бүлээрээ хамтдаа йог хийхэд гэр маань халуун дулаан уур амьсгалаар дүүрч, нэг нэгнээсээ хайр мэдэрдэг гэж боддог шүү.”

Уг нийтлэлийнхээ төгсгөлд хүүхдийн йог сонирхон судлах гэж буй эцэг эхчүүдэд хэрэг болох дотоод болон гадаадын зарим нэг вэбсайт, номыг санал болгоё.

1. Энэхүү вэбсайт нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд тохирсон йогийн зурган байрлалууд, зөвлөгөө, сонирхолтой санаануудыг нийтэлдгээс гадна эцэг эхчүүд, йогийн багш нарт зориулж заах арга барил, хичээл төлөвлөлтийн тухай зөвлөмжүүд оруулдгаараа онцлог.

2. Энэ вэбсайт нь үнэгүй татаж авах боломжтой йогийн постерууд, дасгалын картууд, ном зэргийг агуулахаас гадна хүүхдийн йогтой холбоотой сонирхолтой түүх, блог, бичвэрүүд байдаг учраас хүүхдүүддээ тохирох йогийн дасгалын зургийг хэвлээд ханандаа наахад тань туслах болно.

3. Уг вэбсайт нь бүжиглэнгээ, тоглонгоо, үлгэрчилсэн түүх үзэнгээ йог хийх боломжтой Диснейн хүүхэлдэйн кино мэт маш өнгөлөг, сонирхолтой видео бичлэгээр баялаг.

4. М.Энхчимэгийн “Унт даа үр минь – хүүхдийн йог” хэмээх номон дахь йогийн байрлалуудыг байгалийн юмс үзэгдэл, ан амьтдын төлөв байдлаар дүрсэлсэн учир хүүхдэд ойлгоход дөхөм, дагаж хийхэд хөгжилтэй гэдгээрээ давуу талтай.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх