Амралтын өдрийн жор: “Zoodle” буюу хулууны гоймон
Өдөр болгон паста идэцгээе!
Хулуугаар гоймон хийнэ гэхийг сонсоод та анхандаа гайхаж магадгүй юм. Гэхдээ энэхүү Instagram даяар тренд болж буй "zoodle" (zucchini noodle) буюу ногоон хулуугаар хийсэн гоймон нь эрүүл хооллолтын бас нэгэн гайхалтай амтат сонголт юм. "Zoodle" энгийн гоймонгоос хэд дахин бага илчлэг ба нүүрс устай бөгөөд палео, цавуулаггүй дэглэм барьж буй хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой. Эсвэл эрүүл амьдралын хэв маяг баримталдаг, биеийн галбиртаа анхаардаг хүмүүст пастаг орлох гайхалтай шийдэл болно. "Zoodle"-ийг ногоо, сүмс, мах, бяслаг зэрэг өөрийн хүссэн орцоо ашиглан олон янзаар бэлтгэж идэх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Хэрхэн хийх вэ?
Хулууны гоймон бэлтгэхэд танд ногоон хулуу, давс, оливын тос, спираль хэлбэрээр хэрчигч эсвэл ногоо үрэгч байхад л хангалттай. Томоохон хэмжээтэй ногоон хулууг угааж цэвэрлээд, үрэгчээр (хамгийн том нүхээр) эсвэл тусгай хэрчигчээр гоймонгийн хэлбэрт оруулна. Үүний дараа хайруулын тавганд оливын тос хийж халаагаад 5-6 минут шарж болгох ба дээрээс нь бага зэрэг давс хийгээд л "Zoodle" бэлэн болох нь тэр. Хэрэв та пастанд дуртай бол дээрээс нь сармис, бяслаг, улаан лоолийн сүмс нэмээрэй. Харин илүү ази амт оруулахыг хүсвэл буурцгийн сүмс, гүнжидийн тос зэргийг нэмж болно шүү. Та сайхан хооллоорой!