Coachella 2018 хөгжмийн наадам дээр худалдаалагдах амтат хоолнууд
Instagram-даа зургийг нь байршуулж болно
Саяхан бид Coachella хөгжмийн наадамд дуулах уран бүтээлчдийн нэрсийг зарласан билээ. Тэгвэл уран бүтээлчид ба дуу хөгжмийн хөтөлбөрөөс гадна жил бүрийн Coachella-гийн үеэр хамгийн сонирхолтой, зугаатай бас амттай хоолнууд танилцуулагддаг уламжлал аль хэдийнэ тогтжээ. Coachella 2018 хөгжмийн наадамд энэ жил ойролцоогоор 250,000 хүн оролцох бөгөөд нийт 100 гаруй поп-ап ресторанууд, хоолны мухлагууд хүн бүрийн сонирхолд нийцсэн амтат зоогоор үйлчлэх болно. Мөн энэ жилийн Coachella наадамд 3,700 гаруй м2 талбайтай Indio Central Market нэртэй хоолны танхим шинээр нээгдсэн байгаа.
Энэ жилийн хоолны жагсаалт бидний анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Жишээ нь гоймон ба бяслагаар хийсэн пицца, комбуча, бургер гээд эндээс бүх төрлийн хоолнуудыг амтлах боломжтой. Тэр ч бүү хэл цагаан хоолтнууд, эрүүл амьдралын хэв маяг баримтлагсдад зориулсан амтат зоогийн сонголтууд ч мөн энд бий. Гайхалтай биш гэж үү?
Бургер, тако ба цагаан хоол
Нью-Йорк хотын алдарт Shake Shack сүлжээ, Cena гэх гудамжны хоолны мухлаг мөн алдарт уран бүтээлч Moby-гийн эзэмшдэг Little Pine нэртэй цагаан хоолны ресторан энэ жилийн хөгжмийн наадам дээр өөрсдийн амтат бургер, тако ба Газар дундын тэнгисийн зоогуудыг зочдод санал болгоно.
Хар өнгөтэй зайрмаг ба бусад гайхалтай амттанууд
Ер нь Coachella хөгжмийн наадмын дараа зайрмагны бүхэл бүтэн тренд үүсдэг гэж хэлж болно. Тухайлбал энэ жил хар өнгөтэй зөөлөн зайрмагуудыг (модны нүүрс нь хар өнгөтэй болгодог) Лос-Анжелес хотын алдарт Little Damage дэлгүүр худалдаалах бол, дотроо мөхөөлдөстэй пончикийг Afters Ice Cream-ээс амтлах боломжтой. Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийг тань алдагдуулахгүй амттан хайж байвал Backyard Bowls брэндийн алдарт смүүти болон шинэхэн жимстэй бусад амттануудыг туршаад үзээрэй.
Бүх төрлийн пицца
Дуртай уран бүтээлчийнхээ амьд тоглолтыг үзэх зуураа шавар зууханд болгосон амтат пицца идэх шиг аз жаргал хаана ч байхгүй. Таны энэ хүслийг биелүүлэхээр ахлах тогооч Рой Чойгийн Pot Pizza гэх сүлжээ хөгжмийн наадмын үеэр нээгдэнэ. Харин уламжлалт бус шинэлэг пиццаны амт мэдрэхийг хүсвэл Pizzanista! гэх рестораны алдарт гоймон ба бяслагтай пиццаг амтлаад үзээрэй.
Комбуча, жимсний шинэхэн шүүс, шар айраг ба коктейль
Coachella хөгжмийн наадам элсэн цөлд зохион байгуулагддаг. Тиймээс энд хүйтэн уух зүйлс хамгийн өндөр эрэлттэй байдаг. Энэ жил ч мөн адил АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн шилдэг баар, ресторанууд өөрсдийн нэрийн хуудас болсон ундаагаар үйлчлэх болно. Жишээ нь Refreshment Pods, KombuchaBar гэх цэгүүдээс матча ундаа, органик комбуча, шинэхэн жимсний шүүс авч амны цангаагаа тайлах боломжтой. Эсвэл Bar Not Bar, Craft Beer Barn, PDTIKI, Broken Shaker гэх газруудаас төрөл бүрийн хүйтэн шар айраг, мөстэй коктейлиудыг амталж болно.