Эрүүл бөгөөд амттай өглөөний цайны жорууд
Хийхэд маш хялбар
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өглөөний цайг тэжээллэг бөгөөд амин дэм ихтэй хоол хүнсээр дүүрэн байх ёстойг үргэлж хэлдэг. Ийм төрлийн өглөөний цай ууснаар та тухайн өдрөө эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхээс гадна эрүүл хүнс нь хялбархан боловсруулагдаж танд хөнгөн, өөдрөг мэдрэмжийг өгнө. Тийм ч учраас бид зуны улиралд тохиромжтой эрүүл бөгөөд амттай жоруудыг хүргэж байна.
Смүүти
Зуны улиралд ихэвчлэн хүнд хоол идмээргүй санагддаг тул өглөө танд смүүтитэй аяга (smoothie bowl) нэн тохиромжтой байх болно. Илүү амттай бөгөөд өтгөн болгохын тулд олон төрлийн жимс болон самар хийгээрэй. Эдгээр хүнс нь мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, дархлааг бэхжүүлдэг өөх тосны хүчил агуулдаг байна.
Орц:
- тал авокадо
- гадил жимс
- цайны халбага кэроб (какао шошны үнэрийг санагдуулам шошны нунтаг)
- бага зэргийн сүү
- атга гранола
- дурийн ойн жимснүүд
- дурийн самар
Хийх жор:
Холигч машин ашиглан авокадо, гадил жимс, кэроб болон сүүгээ хольсны дараа модон аяга руугаа хийгээд бусад орцоороо чимэглээд амтархан идээрэй.
Овьёос
Сүүлийн үед хамгийн алдартай байгаа өглөөний хоолнуудын нэг бол овьёосны каш юм. Энэ бүтээгдэхүүн нь хүний биед хэрэгтэй эслэг, уураг, өөх тосны хүчил, нүүрс ус, кальци, иод болон А, Е, В витаминуудаар баялаг байдаг. Өглөө овьёос идсэнээр та бүтэн өдрийн турш эрч хүчтэй байна. Кашандаа хүссэн жимс болон газрын самрын тос хийх боломжтой бөгөөд газрын самрыг тогтмол хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгаж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, арьсаа гэрэлтсэн, шүдээ бат бөх болгоно.
Хийх жор:
Овьёосны төрлийг сонгохдоо хурдан болдог биш харин бүхэл үр тарианы овьёос худалдан авах хэрэгтэй юм шүү. Овьёосоо усанд эсвэл сүүнд хийж буцалгаад дээрээс нь нухсан гадил, шанцай болон чиа үр хийж идээрэй. Мөн гүзээлзгэнэ, тараг, газрын самрын тосоор чимэглэсэн ч болно.
Скрэмбл
Өглөөний цайндаа скрэмбл хийж идэх нь таны эрүүл мэндэд ач тустай. Учир нь өндөгний уураг нь амин хүчлээр баялаг тул хялбар боловсруулагдаж ачаалал өгдөггүй. Мөн өндгөнд витамин болон эрдэс бодис ихээр агуулагддаг билээ.
Хийх жор:
Аяганд хэдхэн ширхэг өндөг, 100 мл сүү, бага зэрэг давс болон перц хийж сайтар холино. Дараа нь урьдчилан халаасан хайруулын тавган дээр шарна. Өндгөө хэт хатуу болтол нь шарж болохгүй бөгөөд скрэмбл нь дотроо зөөлөн байх ёстойг санаарай. Бэлэн болсных нь дараа салатны навч, мөөг болон улаан лооль нэмж зооглоорой.
Авокадо тост
Авокадо тост магадгүй Instagram-ын хамгийн алдартай өглөөний хоол байх. Авокадоны ашиг тусын талаар хүн бүр сайн мэддэг бөгөөд зарим төрлийн талх ч бас бидний биед сайнаар нөлөөлдөг байна. Тухайлбал, бүхэл үр тарианы гурилаар хийсэн талх нь гэдэсний эрүүл мэндийг дэмждэг хүнсний эслэг ихтэй байдаг юм.
Хийх жор:
Авокадо тост хийхэд маш хялбар. Бүхэл үр тарианы талхыг талх шаргачинд аль эсвэл тосгүй хайруулын тавган дээр шарах юм. Дээрээс нь нухсан эсвэл зүссэн авокадо тавиад хатаасан улаан лооль, бальзамын соусаар чимэглээрэй. Ингээд л болоо. Хэрэв та бясалганд дуртай бол мөн дундуур нь хавчуулаад идэж болно шүү.
Цагаан будаатай каш
Хялбар бөгөөд маш амттай зоог юм. Идсэний дараа хүнд оргихгүй бөгөөд удаан хугацаанд өлсөх мэдрэмж төрүүлэхгүй.
Орц:
- 80 г будаа
- 90 мл цэвэр ус
- 90 г кокосын сүү
- шанцай
- элсэн чихэр
- давс
Хийх жор:
Будаагаа усанд хагас бэлэн болтол нь буцалгана. Дараа нь кокосын сүү, бага зэрэг давс, элсэн чихэр болон чимх шанцай нэмээрэй. Болтол нь буцалгаад дуртай жимс болон бага зэргийн зөгийн бал нэмээд зооглоорой.