Хайх

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Хоол бол амьдралаас таашаал авах хамгийн амархан арга гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Хоолыг өөрөө хийх, аль эсвэл тансаг ресторанд зооглохын алинд ч бидний хүртэхүйн эрхтэнүүд баярладаг. Тэгэхдээ хоолны амтыг хүн зөвхөн хэлээрээ биш бас нүдээрээ мэдэрдэг шүү дээ. Тиймээс л Instagram, Twitter хуудсуудад хүмүүс хоолны зургийг тасралтгүй нийтлэж, найз нөхөд гэр бүлийнхэн болон олон нийтэд амттай хоолны зургуудыг хуваалцдаг. Тэдгээр хоолыг амттай харагдуулах эсэх нь заримдаа гэрэл зургаас шалтгаалах нь бий.  Зурагны өнгө үзэмж тухайн хоолны талаар маш олон амтыг илэрхийлдэг тул хоолныхоо амтыг зургаараа дүрслэнэ гэдэг өөрөө бяцхан урлаг юм. Тэгэхээр хэрхэн гоё зураг авч сурах вэ?

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө (фото 1)

1. Хамгийн эхлээд та зураг авч байгаа камерныхаа бүтэц, давуу талыг сайн мэдэх хэрэгтэй. Мэргэжлийн камер эсвэл ухаалаг гар утасныхаа чадамж, тохиргоог ойлгож авснаар та хэр хэмжээний зураг авч чадахаа ч мөн адил мэднэ. Тиймээс бүтэлгүйтсэн ч хамаагүй багаас нь эхлэн туршлага судлаарай.

2. Тод, хурц, гэрэлтэй фокус

Авах гэж буй хоол эсвэл тавагныхаа чигт гол фокусаа тохируул. Зарим ухаалаг гар утас нь фокусаа автоматаар тааруулдаг тохиргоотой байдаг тул та мөн тийм тохиргоотой утастай бол ашиглах хэрэгтэй. Хэрвээ утсаараа авч буй зурагнууд чинь нэг л сэтгэлд хүрэхгүй байвал бас зураг авдаг мэргэжлийн аппууд хэрэглэж болно.

3. Ширээний зохиомж гоё болсон уу?

Заавал хоол зурагны голд байх албагүй шүү дээ. Та зургийн зохиомждоо хоолноос өөр, анхаарал татах сонирхолтой эд зүйлс нэмж байрлуулан зургаа баяжуулж болно. Үүнийг хийхдээ ямар гэрэлтүүлэгтэй орчинд байх вэ гэдэгтэй уялдуулж, өнгө зүс болон хэлбэр дүрсээр нь тоглоорой.

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө (фото 2)

4. Та авсан зургандаа эргэлзсэн хэвээр байвал зургаа яг эгц дээрээс авах аргыг туршаарай.

Гэрэлд тун анхааралтай хандах хэрэгтэй. Тухайн зураг гоё болох эсэх нь гэрлийн тусгалаас шууд хамааралтай ба мөн ямар төрлийн хоол гэдгээс хамаарч өөр байж болох юм. Хэрвээ стэйк болон мах их орсон оройн зоог байвал үүнд дулаан шаравтар өнгийн тонн илүү зохимжтой. Үүнтэй адил хоолны төрлөөс шалтгаалан гэрлийн хүйтэн, дулаан өнгийг тохируулах хэрэгтэй. Дээр нь гэрэл хаанаас тусч байна гэдгийг анхаарч, зураг авах байрлалаа сольж үзэн, өөрт хамгийн таалагдаж буй хэлбэрийг олоорой.

5. Энгийн байна гэдэг хамгийн классик

Хоолыг илүү тодотгох хамгийн энгийн, шилдэг арга бол байгалийн гэрэл ашиглаж, өнгийг илүү гаргаж өгөх юм. Дээр нь зургийг дэндүү төгс авахыг хичээх нь амжилтгүй болгодог талтай. Мөн хоолоо шинэхэн байгаа дээр нь амжиж авахаа мартуузай.

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө (фото 3)

Хоолны зураг авахад тохиромжтой ухаалаг утасны аппууд:

VSCOcam, IOS, Android, үнэгүй

Энэхүү апп нь бүх л алдартай блоггэр болон зурагчдын утсанд хамгийн их хэрэглэгддэг аппуудын нэг юм.

Afterlight, iOS, Android, $0.99

Энэхүү аппыг хэрэглэхэд маш ойлгомжтой бөгөөд тохиргоог нь хэн ч дорхноо сурч чадах хялбархан бүтэцтэй. Мөн маш олон төрлийн сонирхолтой нэмэлт тохиргоо, эффектуудтэй. 

Litely, iOS, үнэгүй 

Та маш нарийн мэдрэмж төрүүлэх эффекттэй апп хайж байгаа бол үүнийг туршаад үзээрэй.  

Instagram, iOS, Android, үнэгүй

Хэдийгээр хүн бүр Instagram-ыг утсандаа суулгасан байдаг ч зургаа Instagram-ын тохиргоо ашиглан, мэргэжлийн түвшинд засч, янзлах боломжтой гэдгийг хүмүүс заримдаа анзаардаггүй.

Хоолны зургийг мэргэжлийн түвшинд авах 5 зөвлөгөө (фото 4)

Зураг авахдаа анхаарах бяцхан зүйлс: 

1. Орчин сайтай, өнгө үзэмжтэй ресторанд зургаа авах нь мэдээж хоолны зурагны гол түлхүүрний нэг юм. Мөн зургийн суурь болох бүтээлэг нь цагаан өнгөтэй байвал ихэнхи тохиолдолд давуу тал болдог.

2. Гэрлийн тохиргоог ихэсгэ. Зургаа янзлахад ч эффект нэмэхэд ч гэрэл сайн байх тусмаа таны зураг илүү гоё болох юм. Боломжтой бол цонхны дэргэд, байгалийн гэрэл ихтэй газар зургаа аваарай

3. Маш болгоомжтойгоор зургийн контрасыг нэмэх хэрэгтэй . Хэтрүүлчих юм бол зураг бүр онцгүй болчихно шүү.

4. Фокусын тодотголыг хурц болгодог тохиргоог мөн адил нэмснээр утсаар авсан зураг ч мэргэжлийн камераар авсан зураг мэт чанартай харагдах болно.

Сүүлийн зөвлөгөө: Зургаа авч байхдаа хүмүүс ажиглах болов уу гэдгээс санаа бүү зов. Ядаж л хоолны зураг нь сельфи хийхээс хавьгүй дээр. Түүнээс гадна хүмүүс угаасаа таныг огт анзаарахгүй байгаа гэтэгт итгээрэй. Бүх л мэргэжлийн зурагчдад байдаг нийтлэг нэг чанар бол тэд үргэлж зургандаа төвлөрч, бусдын юу бодож байгааг анзаарахгүй байдаг юм шүү.

цааш үзэх