Сайн дарс хэрхэн сонгож авах вэ?
Bon Appétit сэтгүүл зөвлөж байна
Өөрийн дуртай, сайн мэддэг усан үзмийн сортыг сонгох
Хүнсний дэлгүүрээс данс сонгон авах гэж байгаа бол шинэ зүйл туршиж үзэх гэсний хэрэггүй. Жишээ нь хэрэв та улаан дарсанд дуртай бол "Гаме" усан үзмийн сортоор хийсэн дарсыг сонгож болно. Харин "Шардоне" бол хамгийн түгээмэл, сонгодог цагаан дарсны усан үзэм юм.
Олонд танигдсан бүс нутгаар нь ангилах
Тухайн дарс аль бүс нутгаас гаралтай болохыг маш тодорхой харуулсан байх тусмаа сайн. Жишээлбэл Францын Бордо, Италийн Пиемонте зэрэг үйлдвэрлэсэн газрыг илүү нарийн тодорхойлсон байх хэрэгтэй. Мөн дарс үйлдвэрлэгчдэд шошгон дээр аль нутгийн дарс болохыг заавал бичих хатуу шаардлага тавигддаг бөгөөд энэ нь тогтсон дүрэм болсон байдаг. Тэгэхээр олонд танигдсан, алдартай бүс нутгаас гаралтай дарс заавал сайн байна гэсэн үг биш боловч тодорхой стандарт, дүрмийн дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг баталж байгаа юм.
Цаг агаарын байдлыг мартах хэрэггүй
Үйлдвэрлэсэн газар нь дулаан уур амьсгалтай байх тусмаа илүү чихэрлэг, жимсний амттай харин сэрүүн цаг агаартай бүс нутгийн дарс исгэлэн байдаг. Тэгэхээр таны газарзүйн мэдлэг дарсны сонголтонд тань хэрэг болно шүү.
Спиртийн агууламж чухал
Дарсны спиртийн агууламж маш их мэдээллийг өгөх болно. Тухайлбал дарсыг хэр их боловсорсон усан үзмээр хийснийг спиртийн агууламжаар нь тодорхойлж болдог. Спиртийн агууламж өндөр байх тусмаа тухайн дарс илүү хурц, гүн амттай байна. Хэрэв та хуурай, хөнгөн төрлийн дарсанд дуртай бол 13%-аас доош спиртийн агууламжтайг сонгохыг зөвлөж байна.
Шошгыг бүрэн гүйцэд унших
Дарсны лонхон дээрх "Sauvignon Blanc" гэсэн бичигтэй шошго танд тийм ч дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Тиймээс зөвхөн лонхны урд талын бус ард байгаа шошгон дээрх мэдээллийг заавал унших хэрэгтэй гэж Bon Appétit сэтгүүл зөвлөж байна. Ихэнх дарс үйлдвэрлэгчид өөрсдийн гэсэн амт бүхий ноттой байдаг. Ваниль, чавга, цөцгий зэрэг өөртөө таалагдах амттай дарснуудыг сонгоорой.
Худалдаж авахаасаа өмнө апп ашиглах
Бид технологийн эрин үед амьдарч байгаа тул өөрт таалагдах дарсыг илүү хялбархан сонгох боломжтой. Vivino, Wine Ring, Delectable зэрэг аппуудыг ухаалаг гар утсандаа суулгаж аваад л хэрэглэгчдийн сэтгэгдэл, үнэлгээ зэрэг олон төрлийн дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
Сонгосон дарс тань таалагдахгүй бол яах вэ?
Та дээрх бүх дүрмийг баримталсан ч гэсэн эцсийн үр дүн нь таалагдахгүй бол яах вэ? Худалдаж авсан дарсаа хаях уу? Мэдээж хэзээ ч хаяж болох учраас өөр уух зүйлтэй хольж цоо шинэ төрлийн амттай ундаа гаргаж авч болно шүү. Жишээ нь цагаан дарсан дээр хийжүүлсэн ус, цитрус болон хүссэн жимсээ нэмж хөргөгчинд байлгаад "Шорле" гэдэг нэгэн төрлийн ундаа гаргаж авдаг. Харин улаан дарсан дээр нимбэгний хийжүүлсэн ус , мөс нэмээд л амтат коктейль бэлэн болно.