Хайх

Байгалийн дарс: Лонхон доторх усан үзмийн шүүс

Байгалийн дарс: Лонхон доторх усан үзмийн шүүс

Дэлхий даяар дэлгэрч буй дарсны шинэ тренд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Сүүлийн үед дэлхийн зах зээлд биодинамик, органик, жүржийн гэх зэрэг янз бүрийн дарсны трендүүд дэлгэрч байгаа билээ. Тэр дундаас "natural wine" буюу байгалийн дарс гэх шинэ төрөл бидний анхаарлыг татлаа. Ингээд байгалийн дарс гэж юу болох, энэхүү ундаа нь энгийн дарснаас юугаараа ялгаатай ба ямар хоолтой хослуулан уух талаар дэлгэж байна.

Байгалийн дарс гэж юу вэ?

Шүүлтүүргүй. Шинэ. Түүхий. Органик. Эдгээр үгнүүд байгалийн дарсыг хамгийн оновчтой тодорхойлж чадна. Юуны өмнө дарс анхнаасаа л байгалийн бүтээгдэхүүн мөн гэдгийг дурдах нь зүйтэй. Харин масс үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөс улбаалж үйлдвэрлэгчид пестицид, химийн бордоо болон нэмэлт бодис их хэмжээгээр ашиглах болсон юм. Үүний үр дүнд дарс яг ижил амт, чанартайгаар маш их хэмжээгээр үйлдвэрлэгдэх болсон билээ. Гэхдээ натурализмыг дэмжиж, масс үйлдвэрлэлтийн эсрэг бат зогсдог цөөн хэдэн үйлдвэрлэгчид бий. Эдгээр фермерүүд цөөн тоогоор, өөрсдийн гараар, мөн хамгийн чухал нь байгалийн аргаар дарс гаргаж авахыг илүүд үздэг. Тэдний энэхүү үзэл бүхэл бүтэн дарсны философи, шинэ хөдөлгөөн болтлоо хөгжиж, дэлхийн нийтийн анхаарлыг татах болжээ. Хэрэв энгийнээр тайлбарлавал байгалийн дарс нь ямар нэг илүү дутуу орц, найрлага, химийн бодисгүй, өөрөө исэлдсэн "лонхтой усан үзмийн шүүс" гэж хэлж болох юм. Мөн энэхүү дарсыг хэзээ ч их хэмжээгээр үйлдвэрлэдэггүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Юугаараа онцлог вэ?

Усан үзмийг тариалах, ургацаа хураах гээд дарс бэлэн болох хүртэлх бүхий л үйл явц байгалийн жамаар явагдах ёстой. Жишээ нь байгалийн бордоо ашиглаж, гар аргаар жимсээ түүсэн байх нь чухал. Мөн нэмэлт хөрөнгө, консервантгүй байхаас гадна дарсны исэлдэх үйл явцад хүний оролцоо байх ёсгүй юм. Түүнчлэн байгалийн дарсыг шүүж, тэнцвэржүүлж болохгүй. Энэ бүхний үр дүнд байгалийн дарс ихэвчлэн булингартай, өвөрмөц өнгөтэй болдог бөгөөд бордоо үнэртэх магадлалтай байдаг ч амт нь гайхалтай байх болно. Мөн ийнхүү гар аргаар "урласан" дарс бүр дахин давтагдашгүй амт, үнэртэй болдгоороо онцлогтой.

Байгалийн дарс: Лонхон доторх усан үзмийн шүүс (фото 1)

Хаанаас гаралтай вэ?

Байгалийн дарс анх 1980-аад оны сүүлээр Францад үүссэн гэж үздэг. Гэхдээ Европ даяар The Real Wine Fair, Artisan Wine Fair, La Dive Bouteille, Karakterre, Zero Compromise зэрэг байгалийн дарсны олон улсын яармаг худалдаанууд зохион байгуулагдах болсноор энэхүү дарсны тренд олон улсад эрчээ авч эхэлсэн юм. Мөн байгалийн дарсыг дэлгэрүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг, Францын анхны эмэгтэй "дарсны мастер" Изабель Лежероны RAW нэртэй олон улсын яармаг үзэсгэлэнг жил бүр амжилттай зохион байгуулж байна. Үүнээс гадна тэрээр 2014 онд "Natural Wine: An Introduction to Organic and Biodynamic Wines Made Naturally" нэртэй байгалийн дарсны талаарх бүх мэдээллийг агуулсан ном худалдаанд гаргасан юм.

Ямар хоолтой хослох вэ?

Байгалийн дарсны бас нэгэн гайхалтай чанар нь бараг бүх хоолтой сайхан зохицдогт оршино. Хулуу, лууван, төрөл бүрийн байцаа гээд өөрийн дуртай хүнсний ногоотой хослуулаарай. Хэрэв та мах шарах гэж байгаа тохиолдолд уламжлалт шар айргийн оронд байгалийг дарсыг туршаад үзээрэй. Ил гал дээр шарсан төрөл бүрийн мах, далайн гаралтай бүтээгдэхүүний утсан амтыг энэхүү дарс тодотгож өгнө. Мөн мэдээж хэрэг хясаа, дун, түүхий загастай уухад ч тохиромжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх