Хайх

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз

Air Jordan, Off-White болон бусад

Text: Buro.Mongolia


Жил бүр худалдаанд шинээр гарах пүүзний мэдээлэл пүүз сонирхогчдын хувьд хоног тоолон хүлээдэг, хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Тэгвэл танд энэ онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй таван пүүзийг танилцуулж байна. 

1. Air Jordan 3 Reimagined “White Cement”

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз (фото 1)

Хуучирсан мэт шинэхэн загвар. Өнгөрсөн жил Air Jordan брэнд 1985 оны анхны Chicago өнгийн Air Jordan 1-ийг "Lost & Found" хэлбэрээр эргүүлэн авчирсан. Тэгвэл энэ жил Air Jordan 3-ын 35 жилийн ойд зориулж “White Cement” загварыг гуравдугаар сарын 11-ний өдөр 210 ам.долларын үнэтэйгээр дахин худалдаанд гаргахаар болжээ. “Reimagined" цувралын нэг хэсэг болон гарч буй энэхүү пүүз нь яг л анхных шигээ нарийн деталиуд, Nike лого болон хуучирсан мэт тусгай хайрцагтай байх юм. 

2. Off-White x Nike Air Force 1 Low “Grey”

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз (фото 2)

Louis Vuitton ордны бүтээлч захирал, Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло таалал төгссөнөөс хойших хамгийн анхны Off-White x Nike Air Force 1 загвар учраас мэдээж өндөр хүлээлттэй пүүзний нэгд зүй ёсоор тооцогдож буй. Энэ хавар 160 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа энэхүү Air Force нь ил оёдол бүхий тугалган өнгийн Nike лого, хилэн дээрх Off-White шошго болон бусад нарийн деталиас гадна бүхэлдээ саарал өнгөтэй байх бөгөөд зөвхөн Парис хотод нээлтээ хийх юм. 

3. Travis Scott x Air Jordan 1 Low OG “Olive”

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз (фото 3)

2023 оны гуравдугаар сарын 25-нд 150 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах энэхүү Air Jordan 1 Low загвар нь Travis Scott-ын нэрийн хуудас болох Cactus Jack, Nike-ийн урвуу логог багтааснаас гадна шаргал ул, хар, ногоон өнгийн илгэн, мөн цагаан өнгийн арьсан материалтайгаар бүтээгдэх юм. Хоёрдогч зах зээл дээр үргэлж хэдэн мянган ам.долларт хүрдэг Travis Scott x Air Jordan пүүзнүүд аль хэдийнээ бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтралуудын нэг мөн билээ. 

4. Air Jordan 1 High 85 “Black White”

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз (фото 4)

“Varsity Red” “Neutral Grey” “Georgetown” зэрэг 80-аад оны хуучин загваруудыг өмнөх гурван жилийн турш шинэчлэн гаргасан Nike брэнд энэ онд Air Jordan 1 High 85 “Black White” загвараар цувралаа үргэлжлүүлж байна. Энэ жилийн хувьд олон нийтийн хамгийн дуртай хар-цагаан өнгөний хослол эргэн ирснээс гадна 1985 онд анх гарч байсан загвартайгаа яг ижилхэн, ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр гаргаж буй нь нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм. 

5. Air Jordan 1 High Spider-Man: Across The Spider-Verse

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй 5 пүүз (фото 5)

Хэрэв та "Spider-Man" киноны үнэнч шүтэн бишрэгч бол 2023 он таны жил байх нь. Учир нь энэ оны зургаадугаар сарын 2-ны өдөр "Spider-Man: Across the Spider-Verse" кино дэлхий даяар нээлтээ хийх бол энэхүү киноноос сэдэвлэн бүтээсэн Air Jordan пүүз киноны нээлтийн өмнөх өдөр 200 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар болжээ. Домогт Chicago өнгөнөөс санаа авч хар, цагаан, улаан өнгөний хослол бий болгон бүтээсэн энэхүү пүүз нь кинон дээрх гайхалтай график дүрслэлүүдийг өөртөө шингээж чадсанаараа онцлог юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх