Бритни Спирс эцгийнхээ хараа хяналтаас чөлөөлөгдсөний дараах амьдралынхаа талаар ярилаа
Түүний амьдралын шинэ хуудас
Өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрээр дуучин Бритни Спирс эцэг Жейми Спирсийн хараа хяналтаас чөлөөлөгдсөн билээ. Жейми Спирс 2008 онд охиныхоо хууль ёсны асран хамгаалагчаар томилогдож, түүнээс хойш Бритнигийн өмч хөрөнгө, санхүү, ажил мэргэжил, хувийн амьдрал зэрэг асуудлуудыг хянах болсон юм. Харин одоогоор дуучны санхүүг түр хугацаанд нягтлан Жон Забел хариуцаж байгаа бөгөөд Бритнигийн өмч хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэний дараа тэрээр өөрөө санхүүгээ хянах болно. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Бритни Instagram хуудаснаа өнгөрсөн хэдэн өдрийн турш түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар, мөн өмнөх 13 жилийн турш хичнээн зовж, шаналж байсныхаа тухай ярьсан бичлэгийг нийтэлжээ.
“Би өөр хэний ч байхыг хүсэхгүй нөхцөл байдалд маш удаан хугацааны турш амьдарсан. Тиймээс үнэнийг хэлэхэд би ирж буй шинэ өдөр бүрт талархаж байна” хэмээн Бритни бичлэгт хэлсэн билээ. Дараа нь дуучин бүсгүй насанд хүрсэн хүмүүсийн ердийн хэрэглээ болох машины түлхүүр, өөрийн банкны карт, бэлэн мөнгө, лаа зэрэг зүйлсийг дур мэдэн худалдаж авсан хэмээн дуулгаж, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг эмзэглүүлсэн байна. “Эдгээр зүйлс бусад эмэгтэйчүүдийн хувьд жижиг баяр баясгалан хэдий ч миний амьдралд томоохон өөрчлөлт авчирч байгаа юм. Тийм болохоор эдгээрийг өөрөө худалдаж авч чадаж байгаадаа талархаж байна. Би үүнд маш их баяртай байна” гэсэн юм.
Мөн тэрээр амьдралаа өөрийн гартаа авч, цаашид түүнтэй төстэй нөхцөл байдалд орсон хүмүүст туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. “Би дахиж хохирогч болохыг хүсэхгүй байна. Би бага насаа хохирогчидтой хамт өнгөрүүлсэн болохоор гэрээсээ явж, 20 жил шаргуу ажилласан. Би хөгжлийн бэрхшээлтэй, ноцтой өвчтэй хүмүүст туслах болно. Өнөөгийн систем тэрхүү хүмүүст хэрхэн хандсаныг бид зөвхөн таамаглаж л чадна" хэмээжээ.
Түүнчлэн Бритни #FreeBritney хөдөлгөөнд дахин талархал илэрхийлсэн юм. “Та бүхэн миний амийг зуун хувь аварсан хүмүүс юм. Тэд намайг заналхийлэн, миний дуу хоолойг дарах гэж удаан оролдсон тул би өөрийн бодлоо бусадтай хуваалцаж чадахгүй байсан. Харин та бүхэн миний нөхцөл байдлын талаар ойлгож, бусдад түгээж чадсан”.
Бритни мөн түүнийг асран хамгаалж байсан гэр бүлийн гишүүдээ дурдахдаа “Надад огт бэлэн мөнгө өгч байгаагүй талаар болон автомашин хэрэглүүлж байгаагүй гэдгийг хэлэхэд ичиж байна. Гэвч өглөө бүр сэрэхдээ өнөөг хүртэл гэр бүлийнхэн маань надад тэгж хандаж байсанд нь итгэхгүй байгаа. Би тэдэнтэй тайван амьдарч, чимээгүй байхыг хичээсэн. Гэхдээ одооноос тэгэхгүй. Би тэдний хийсэн бүх зүйлийг санаж байна" хэмээн бичиж үлдээсэн юм.