“Burning Man” наадамд оролцсон 70,000 гаруй хүн үерт боогджээ
Дэлхийн томоохон арт фестивалиудын нэг Burning Man 2023 наадам Невада мужийн Блэк Рок элсэн цөлд наймдугаар сарын 27-ны өдрөөс хойш зохион байгуулагдаж эхэлсэн билээ. Тус арга хэмжээн дээр олон арван мянган хүн цугларч өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй зохиомол хотыг бий болгон нийт ес хоногийн турш хөгжилддөг уламжлалтай. Гэвч энэ жилийн Burning Man их хэмжээгээр орсон борооны улмаас шагай хүрсэн зузаан лаг шаварт автжээ. Үүний улмаас олон мянган майхан, түр байрлах газрууд усанд автаж, наадамд оролцогсод явганаар, дугуйгаар, эсвэл автомашинаар зорчиход тун хүндрэлтэй болсон байна. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар өнгөрсөн Баасан гарагаас эхлэн 24 цагийн турш орсон энэхүү бороо нь ердийн үед 3 сарын турш ордог хур тунадастай тэнцэхүйц хэмжээтэй гэнэ.
Одоогийн байдлаар 70,000 гаруй хүн үерт боогдоод байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс наадмын орц гарцыг түр хугацаагаар хааж хүмүүст ус, хоол хүнс, түлш зэргээ нөөцлөхийг анхааруулжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бороо орсноос 12-24 цагийн дараа тухайн хөрс хатаж, автомашин зорчиход аюулгүй болдог байна.
Наадмын талбайгаас явганаар алхаж төв зам орсон хүмүүс оролцогсдын дунд байсан бөгөөд тэдний нэг болох Амар Даггалтай CNN ярилцжээ. Тэрээр өөрийн найзуудын хамт гурав гаруй км замыг хоёр цагийн турш туулсан ба “Бид яг л хөлдөө аварга том тоосго углачхаад алхаж байгаа мэт санагдсан” хэмээн дурджээ.
Зохион байгуулагчдын зүгээс утасны сүлжээ болон Wi-Fi холболтыг хэвийн байлгах талаас нь ажиллаж, мөн ойролцоох хот болох Рено руу хүмүүсийг автобусаар тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Burning Man нь алслагдсан газар зохион байгуулагддаг тул оролцогчид өөрсдийн хувийн бэлтгэлээ сайтар хангадаг. Иймд орогнох газар, хоол хүнсний асуудлаас болж хүмүүс аюултай нөхцөл байдалд ороогүй, оролцогчид бие биедээ чадах чинээгээрээ тус хүргэж байгааг CNN мэдээлжээ.
Харамсалтай нь үерийн үеэр нэг хүн нас барсан хэрэг гарсан ба холбогдох цагдаагийн газраас тус хэрэг үерийн нөхцөл байдалтай хамааралтай эсэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ил болгоогүй байна. Хохирогчийн ар гэрийнхэнд нөхцөл байдлын талаар мэдэгдсэн бөгөөд одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм.