Эрдэмтэд брокколигоор хийсэн кофе бүтээжээ
Эрүүл мэндэд тустай “Брокколатте”
Австралийн эрдэмтэд брокколигоос хоол ба уух зүйлсэд нэмж болдог нэгэн нунтаг гарган авсан байна. Энэхүү ид шидтэй нунтгийг хүмүүсийн хооллолтыг илүү эрүүл болгох зорилгоор CSIRO нэртэй судалгааны байгууллага Hort Innovation компанийн хамтаар бүтээжээ. Уг нунтгийг тусгай аргаар боловсруулдаг бөгөөд ингэснээр тус хүнсний ногооны үнэр, өнгө, тэжээллэг чанар нь хадгалагдан үлддэг байна.
"Судалгаанаас харахад хүмүүс өдөр тутмын хооллолтондоо хүнсний ногоо хангалттай хэмжээнд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл брокколины нунтаг нь энэ асуудлыг шийдвэрлэж чадна" гэж Hort Innovation компанийн гүйцэтгэх захирал Жон Ллойд ярьжээ.
Хамгийн түрүүнд энэхүү брокколины нэмэлт бүтээгдэхүүнийг Мельбурн дахь нэгэн кофе шопод туршиж үзсэн байна. Тэд энэхүү нунтгийг ашиглан латте чанаж, үүнийгээ "Брокколатте" хэмээн нэрлэжээ. Харин брокколитой кофег амсаж үзсэн хүмүүс тус ундаа нь энгийн нэг брокколигоос арай өөр амтагдаж байгааг онцолсон байна. Мөн хоёр цайны халбага брокколины нунтаг нь нэг порц (тал аяга) шинэхэн брокколитэй тэнцдэг гэнэ.
Брокколитой кофе уухаас гадна эрдэмтэд энэхүү нунтгийг янз бүрийн коктейль, шөл, нарийн боовонд нэмж хийхийг санал болгож байна.
Сонирхуулахад брокколины нунтаг нь CSIRO судалгааны төвийн боловсруулж буй маш том төслийн нэгэн хэсэг нь юм. Төслийн хүрээнд тус байгууллага нь худалдаалахад хэтэрхий "үзэмжгүй" харагддаг, хэн ч авахгүй эцэст нь хог дээр хаягддаг хүнсний ногоонуудыг нунтаг хэлбэрт оруулахаар зорьж байгаа аж.
#Broccolatte anyone?? Maybe... or maybe not. You might enjoy our new broccoli powder more in spag bol. ALSO: Not only does two spoonfuls = 1 serve of veggies, it helps cut down on food loss! https://t.co/qxIr5UzJes ^EK pic.twitter.com/5lIPrDCdBC
— CSIRO (@CSIROnews) June 6, 2018