Хайх

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал

Text: А.Сарнай


Шинэ хичээлийн жил, шинэ улирал, шинэ сар. Аялал зугаалгаар дүүрэн нарлаг зун ард хоцорч шаргал намрын завгүй өдрүүд их хотод айлчлан ирлээ. Энэ удаад бид уншигчдадаа зориулан есдүгээр сард дотоодод болон гадаадад болж өнгөрөх чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


В.В.Путины айлчлал

Есдүгээр сарын 3

Халх голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин есдүгээр сарын 3-ны өдөр Монгол улсад албан айлчлал хийхээр болжээ. В.В.Путиныг төрийн гурван өндөрлөг хүлээн авч уулзан Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас зүгээс мэдэгдлээ.

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал (фото 1)

Beetlejuice Beetlejuice

Есдүгээр сарын 6

2024 оны хамгийн өндөр хүлээлттэй киноны жагсаалтад зүй ёсоор багтаж байсан Beetlejuice киноны хоёрдугаар анги есдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Алдарт найруулагч Тим Бертоны найруулсан тус киноны эхний анги 36 жилийн өмнө буюу 1988 онд гарч байсан бөгөөд шинэ ангид нь жүжигчин Женна Ортега, Моника Беллуччи нар тоглож байгаа юм.

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал (фото 2)

Парис-2024: Паралимпын наадмын хаалтын арга хэмжээ

Есдүгээр сарын 8

Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй 17 дахь удаагийн Зуны паралимпын наадам есдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор өндөрлөнө. Парис хотын Stade de France цэнгэлдэх хүрээлэнд явагдах хаалтын арга хэмжээ бүс нутгийн цагаар оройн 20:30-23:30 хүртэл нийт гурван цагийн турш үргэлжлэх бөгөөд 24 орчим уран бүтээлч оролцоно хэмээн мэдэгдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медалийн эзэн болсноор медалийн хүснэгтийн 29-р байрт бичигдэж байна.

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал (фото 3)

Шинэ iPhone 16 гар утас танилцуулагдана

Есдүгээр сарын 9

Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болоход хэдхэн хоног үлдлээ. Уламжлалт ёсоор Apple компани өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүдээ Америкийн цагаар есдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагаас, Монголын цагаар есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 01:00 цагаас www.apple.com вэбсайт болон Apple TV аппликейшнаар дамжуулан танилцуулах болно. Шинжээчдийн таамаглаж буйгаар IPhone 16 гар утас хар, цэнхэр, ногоон, ягаан, цагаан өнгийн сонголттойгоор гарах төлөвтэй буйгаас гадна дэлгэцийн хэмжээ харьцангуй томорч iPhone 16 Pro загвар 6.3 инч (16 см), iPhone 16 Pro Max загвар 6.9 инчийн (17.5 см) хэмжээтэйгээр тус бүр худалдаанд гарах магадлалтай гэнэ.

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал (фото 4)

MTV VMA 2024

Есдүгээр сарын 11

MTV хөгжмийн сувгаас жил бүр зохион байгуулдаг Video Music Awards шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йорк хотын UBS Arena-д зохион байгуулагдана. Жил бүр тус наадмын улаан хивсний ёслолд уригдан ирсэн алдартнуудын сонирхолтой, содон, шийдэмгийн төрх олны дунд өндөр хүлээлт үүсгэдэг. Тэгвэл энэ жил тус наадамд оролцох уран бүтээлчдийн жагсаалтад Сабрина Карпентер, Холзи, Камила Кабелло нар багтаж буйгаас гадна дуучин Лиза болон Розалиа нар өөрсдийн шинэхэн хамтрал болох NEW WOMAN дуугаа толилуулахаар болжээ.

Есдүгээр сарын онцлох 5 үйл явдал (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх