Хайх

Шинжлэх ухаан, сэтгэл судлал, гэмт хэрэг: Яг одоо сонсох сонирхолтой подкастууд

Англи хэл дээр сонсох боломжтой шилдэг подкастууд

Text: А.Сарнай


Цаг үеийн мэдээ, мэдээлэл, сонирхолтой ярилцлагууд, академик хичээлүүд гээд хүссэн бүхнээ хялбар байдлаар сонсох боломжийг подкаст бидэнд олгодог. IPOD (хөгжим тоглуулагч), BROADCAST (радио дамжуулалт) гэсэн хоёр үгний товчлолоос үүссэн энэхүү нэршил нь жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлсээр байгаа билээ. Тэгвэл бид танд чухал сэдвүүдийг маш сонирхолтой байдлаар тоймлон хүргэдэг дараах таван подкастыг санал болгож байна.


The Joe Rogan Experience

Жүжигчин, комедиан, хөтлөгч, тайлбарлагч, подкастер Жо Роганы хөтлөн явуулдаг The Joe Rogan Experience подкаст дэлхийн хамгийн олон сонсогчтой, алдартай подкастуудын тэргүүн эгнээнд бичигддэг. Улс төр, хиймэл оюун ухаан, түүх соёл, сэтгэл судлал, сансар огторгуй гээд маш олон төрлийн сэдвээр ярилцдаг түүний подкаст гурван цаг орчим үргэлжилдэг бөгөөд дугаар тус бүр нь олон сая хандалт авсан хэвээр байгаа юм.


Huberman Lab

Стэнфордын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн, нейробиологийн профессор Эндрю Хуберманы хөтлөн явуулдаг Huberman Lab подкастаас та мэдрэл судлалтай (neuroscience) холбоотой чухал мэдээллүүдийг авах боломжтой. Энэхүү салбарт нэр хүндтэй маш олон эрдэмтэд түүний подкастад зочноор оролцдог бөгөөд сэтгэл зүйн эрүүл мэнд, нойр, хоол, ажлын гүйцэтгэл, стресс бухимдалд хүргэдэг хүчин зүйлс, тэдгээрийг даван туулах арга зам зэрэг чухал сэдвүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хүргэдэг.


The Daily

Их ажлын хажуугаар ч дэлхий дахинд өрнөж буй чухал үйл явдлуудаас хоцрохгүй байхыг хүсэж буй хэн бүхэнд The Daily подкастыг санал болгож байна. Хөтлөгч Майкл Барбаро тухайн өдрийн хамгийн чухал мэдээг New York Times сонины сэтгүүлчидтэй хамтран тоймлон хүргэдэг ба анги тус бүр нь 25-45 минут үргэлжилдэг тул сонсоход тун хялбар.


Call Her Daddy

Дийлэнх сонсогчдыг нь эмэгтэйчүүд эзэлдэг Call Her Daddy подкастын хөтлөгч Алекс Купер секс, болзоо, хосуудын харилцаа, охидын нууцлаг ярианы талаар тун нээлттэй ярих болно. 2018 онд анх эхэлж байсан Call Her Daddy-н хамгийн алдартай зочдын нэг нь Майли Сайрус байсан бөгөөд алдарт дуучин энэхүү подкастад өөрийн бэлгийн амьдрал болоод хуучин хамтрагчдынхаа талаар дэлгэрэнгүй хуваалцсан байдаг.


Crime Junkie

Даваа гараг бүр хамгийн цуутай, нууцлаг, айдас төрүүлэм бодит гэмт хэргүүдийн талаар сонсохыг хүсвэл Crime Junkie подкастыг танд санал болгож байна. Эшли Флаурс, Брит Прават нар гэмт хэргийн түүхүүдийг маш олон баримт, нотолгоо, судалгаан дээр үндэслэн тайлбарлан хүргэдэг бөгөөд анги тус бүр нь 30 минутаас нэг цаг орчим үргэлжилдэг. Хэрэв та энэ төрлийн подкастад дуртай бол My Favorite Murder-г мөн сонирхоод үзээрэй.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх