Эрчүүдэд: Эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?
2023 оны байдлаар монгол эрчүүдийн дундаж наслалт 67.62 байгааг Үндэсний Статистикийн Хороо мэдээлсэн. Энэ нь монгол эмэгтэйчүүдийнхээс даруй 9.23-аар бага тоо байгаагаас гадна нийт нас баралтын 60 орчим хувийг эрчүүд эзэлж буй нь харамсалтай. Зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий дахинд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байгаа нь бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай юм.
Эрчүүдийн нас баралтын зонхилох шалтгааныг зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж харин ослоос үүдсэн гэмтэл бэртэл, уушгины өвчлөл, цус харвалт болон чихрийн шижин удаалж буйг томоохон эмнэлгүүдийн судалгаа батлан харуулж байна. АНУ-д 1999-2018 оны хооронд нийт 19 жилийн турш чихрийн шижин өвчтэй 8,412 насанд хүрэгчдийн дунд хийгдсэн эрүүл бус амьдралын хэв маяг дахь хүйсийн ялгаатай байдлын талаарх судалгаанд архи тамхины хэтийдсэн хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал эрчүүдэд түлхүү ажиглагдсан байдаг. Тийм учраас эрчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, ойлголтыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад бид ямагт онцгой ач холбогдол хандуулах шаардлагатай болоод байгаа юм. Тэгвэл эрчүүд өдөр тутамдаа ямар амьдралын хэв маягийг баримталж, юун дээр анхаарах шаардлагатай вэ?
Эмчийн үзлэгт тогтмол хамрагдах
Эрчүүд биед нь гарч буй аливаа өөрчлөлт, хэвийн бус байдлыг үл тоомсорлож эмчид үзүүлэхээс татгалзах үзэгдэл элбэг. Энэ нь магадгүй эрчүүд эмэгтэйчүүдээс бага насалдаг гол шалтгаан ч байж мэднэ. Эрүүл Мэндийн Хөгжлийн Яам болон ДЭМБ-ын хамтарсан судалгаагаар Монгол улсад түрүү булчирхайн хорт хавдар зонхилох хорт хавдруудын дээгүүрт жагсаж буй нь батлагдсан. Хэдийгээр энэ төрлийн өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх тусгай арга байхгүй ч гэлээ жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаалахад туслах болно.
Шим тэжээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх
Хямд үнэтэй, илчлэг өндөртэй хоол хүнснээс татгалзах нь эрүүл амьдрах хамгийн эхний бөгөөд чухал алхам. Австрали улсад хийгдэж байсан нэгэн судалгаагаар эрчүүдийн сахрын агууламж өндөртэй, хийжүүлсэн ундааны хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр гарсан байдаг. Гэтэл энэ төрлийн хийжүүлсэн ундааг тогтмол хэрэглэх нь бодисын солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хоол хүнс, шим тэжээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, хүнс худалдан авахдаа орц найрлагатай нь сайтар уншиж танилцахыг зөвлөж байна.
Эрүүл жин, эрүүл бие
Хэрэв таны бэлхүүсний тойрог 100 сантиметрээс илүү гарвал илүүдэл жиндээ анхаарах болсны дохио гэж ойлгож болно. Зүрх, Уушги, Цусны Үндэсний Хүрээлэнгийн мэдээлж буйгаар бэлхүүсний тойрог хэвийн бус хэмжээтэй байх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, цус харвалт зэрэг таргалалттай холбоотой өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээсэн юм.
Дасгал хөдөлгөөн
Тогтмол дасгал хөдөлгөөн зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Дасгал хөдөлгөөнийг зөвхөн өв тэгш бие хаатай болохын тулд бус өөрийн эрүүл мэндийн төлөө дадал зуршил болгон хийж эхлэх хэрэгтэй. Сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг дуртай спортоороо долоо хоног бүр тогтмол хичээллэх, ууланд алхах, гүйх, усанд сэлэх, иог хийх зэрэг өөрийн хүсэл сонирхол, цаг завд тохируулан дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах
Дэлхийн банкны хийсэн судалгаагаар эрчүүдийг заавал эршүүд, манлайлагч бас хүчирхэг байх ёстой хэмээн үздэг нийгмийн хортой хэвшмэл ойлголт нь монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын өндөр зөрүүтэй байдлын суурь шалтгаануудын нэг хэмээсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа сэтгэл зүйн эрүүл мэндийг бие махбодын эрүүл мэндтэй энэ тэнцэх чухал зүйл хэмээн авч үзэх болсон ч эрчүүдийн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авч буй тоо хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс хэд дахин бага хэвээр буй. Тиймээс хэрэв танд нийгмийн харилцаанд ороход бэрхшээлтэй, сэтгэл зүй тайван бус, стресс бухимдалтай байж түүнийгээ хэрхэн даван туулахаа мэдэхгүй байвал бусадтай ярилцах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг уриалж байна.
Хорт зуршлаас татгалзах
Архи, тамхи, мансууруулах бодисын зохисгүй хэрэглээ нь эрчүүдийн нийтлэг өвчлөлтүүдийн суурь шалтгаануудын нэг. Тэр ч бүү хэл зөвхөн АНУ-д л гэхэд дам тамхидалтаас үүдсэн амьсгалын замын болон зүрх судасны өвчин, хорт хавдар, уушгины архаг бөглөрөлт өвчнөөр 7,300 хүн нас барсан гэх статистик тоон баримт бий. Тиймээс өөрөөсөө гадна эргэн тойрны найз нөхөд, хайртай хүмүүсээ ч хорт зуршлаас хол байлгахад анхаарах чухал. Мөн түүнчлэн булчингийн масс нэмэгдүүлэг дааврын агууламжтай, лабораторид гаргаж авсан эм, эмийн бодисын буруу хэрэглээ маш олон ноцтой үр дагаврыг дагуулах боломжтой гэдгийг анхаарууштай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт