Хувь хүний хөгжил: Англи хэл дээрх шилдэг 5 подкаст
Бид энэ удаад хэрхэн зорилгодоо хүрэх, үр бүтээлтэй цагийг өнгөрүүлэх, шинэ зуршлуудтай болох, сэтгэл санаагаа тайван байлгах зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн таван подкастыг хүргэж байна. Та өөрт сонирхолтой сэдвээр доорх подкастуудаас сонгон мэдлэгээ дээшлүүлээрэй.
Inspire Nation Show
Хамгийн өндөр борлуулалттай номын зохиолч, өмнө нь хөнгөн атлетикийн тамирчин Майкл Сандлер эхнэр Жессикагийн хамт олон мянган хүмүүсийн амьдралыг сайжруулан өөрчилж чадсан юм. Энэхүү подкастын гол зорилго нь сонсогчдоо илүү эрүүл энх, амжилттай, аз жаргалтай болгоход оршдог билээ. Долоо хоногт гурван удаа мэргэжлийн сэтгэл зүйч, эмч, спортын тамирчин, компанийн захирал зэрэг салбар бүрийн хүмүүс түүхээ ярьж, сайн сайхан амьдралд хүрэх аргуудаасаа хуваалцдаг.
The Brendon Show
Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Брендон Берчард амьдралынхаа бүх салбарт хэрхэн амжилт байгуулахын талаар энэхүү подкастанд зөвлөдөг юм. Тэрээр хэдэн жилийн өмнө автомашины хүнд осолд орсны дараа “Надад амьдрал хоёр дах боломж хайрласан” хэмээн хэлсэн байдаг. Тус үйл явдлаас хойш тэрээр хүмүүст зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсаар ирсэн билээ.
The Habit Coach
Хэрэв та амьдралынхаа хэв маягийг өөрчилж, шинэ зуршлуудыг хэрэгжүүлэх хүсэлтэй бол энэ подкастыг сонсоод үзээрэй. Дугаар бүр нь таны өдөр тутмын амьдралд нөлөөлөх шинэ зуршил бий болгох зөвлөмжүүдээр дүүрэн байна. Өдөр бүр шинэ дугаар нэмэгддэг бөгөөд өдгөө 488 дугаартай болжээ. Мөн дугаар бүр нь арван минутаас бага хугацаатай байдаг тул сонсоход ч тун амар билээ. Тус подкастын хөтлөгч Эшдин Доктор нь хоол тэжээл, фитнес, эрүүл мэнд, нойр, үр бүтээлтэй байдал зэрэг сэдвүүдийн талаар ярилцдаг байна.
The School of Greatness
Тус подкастыг АНУ-ын алдарт зохиолч болон бизнес эрхлэгч Льюис Хаус хөтөлдөг байна. Түүнийг Барак Обама "шилдэг 100 залуу бизнес эрхлэгчдийн нэг" хэмээн нэрлэсэн билээ. Өмнө нь хөлбөмбөгийн тамирчин байсан бөгөөд бэртэл авсныхаа дараа спортын карьераа орхих шаардлагатай болсон юм. Гэсэн хэдий ч, тэрээр шантралгүй ажилласаар маш их эрэлт хэрэгцээтэй хэвлэл мэдээллийн зөвлөх, зохиолч, илтгэгч болсон байна. Льюис Хаус өөрийн подкастандаа хосын харилцаа, уран бүтээлчдийн хэцүүхэн хувь заяа, сэтгэцийн өвчлөл зэрэг чухал асуудлуудыг хөнддөг.
Terrible, Thanks For Asking
Таны хүнд хэцүү үед хэн нэгэн “Зүгээр үү?” гэж асуухад та “Би зүгээр” гэж хариулаад зовлон шаналлаа өөртөө хураагаад байдаг юм биш биз? Хэрэв тийм бол бидний энэ санал болгож байгаа подкастыг сонирхоод үзээрэй. Хөтлөгч Нора Маклнерни өөрийн гунигт түүхүүдээс хуваалцаж, бусадтай амьдралын талаар ярилцдаг билээ. Дугаар бүрт зочидтой ярилцлага хийж, сэтгэлийн хөдлөл, сэтгэлийн шарх, хагацал, сэтгэцийн эрүүл мэнд, уй гашууд автсаны дараа итгэл найдвар, аз жаргалыг олох зэрэг асуудлуудыг судалдаг.