Францын нэгэн цайны газарт Мишлений одыг андууран олгожээ
Ижил нэртэй дээд зэрэглэлийн ресторантай андуурч
Францын "Le Bouche à Oreille" нэртэй жижиг цайны газар гэнэт олон тооны үйлчлүүлэгчдэд дарагдах болжээ. Учир нь Францын Эсон мужид байдаг ижил нэртэй, өөр нэгэн дээд зэрэглэлийн ресторантай андуурч тус хоолны газарт Мишлений од олгожээ.
"Шинэ үйлчлүүлэгчид гурав, дөрвөн хүний суудалтай ширээ хүсч байна. Гэвч бидэнд маш бага хэмжээний талбай болон ердөө л дөрвөн гар байна" хэмээн "Le Bouche à Oreille" хоолны газрын эзэн Вероник Жаке гомдолложээ.
Энэхүү цайны газрыг Мишлений одтой ресторануудын жагсаалтаас маш хурдан хассан боловч шинээр үйлчлүүлэгчдийн тоо буурахгүй л байгаа юм.
"Le Bouche à Oreille" рестораны өдрийн зоог дунджаар 12 еврогийн үнэтэй бол Мишлений одыг авах ёстой байсан ижил нэртэй рестораны тооцоо 48 евро болдог аж.