Google ба Apple компанийн удирдлагууд үйлчлүүлдэг $600 үнэтэй ресторан
Цэсгүй, цонхгүй, зөвхөн урьдчилан захиалгаар үйлчилдэг ресторан
Калифорни мужийн Лос-Алтос хотод байрладаг "Hiroshi" бол энгийн нэг ресторан биш юм. Нээгдээд удаагүй байгаа энэхүү япон ресторанд цэс, цонх гэж байхгүй бөгөөд нэг үдэш зөвхөн найман хүнд л (нэг ширээ нь найман хүний суудалтай) үйлчилдэг байна. Тэгвэл энд оройн зоог барихад хамгийн багадаа нэг хүний $395 болох ба үүн дээр уух зүйлс, НӨАТ нэмэгдээд $500-$600 төлөх хэрэг гарна.
"Hiroshi" рестораны эзэн, ахлах тогооч Хироши Кимура 2016 онд Хавай дахь өөрийн зоогийн газраа орхиж, оронд нь шинэ ресторан нээхээр "Цахиурын хөндий"-д нүүн иржээ. Тэрээр долоо хоногт 3-5 оройн зоог бэлтгэдэг бөгөөд түүний ресторан үргэлж захиалгатай байдаг. "Hiroshi" ресторан гахайн махтай хачиртай талх, загасны түрстэй "сомен" гоймон гэх зэрэг төрөл бүрийн зоогоор үйлчилдэг ч Вагю үхрийн махан стейк нь тэдний онцлох хоол юм. Үйлчлүүлэгчид энд "хибачи" гэх япон тусгай зууханд утаж, алтаар бүрсэн үхрийн гол махан стейкийг амтлах боломжтой. Сонирхуулахад "Hiroshi" ресторан өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийснээс хойш "Apple", "Google", "Oracle" гэх мэт дэлхийн шилдэг компаниудын урдирдлагуудад үйлчилдэг болжээ.