Илон Маск дараа жил жуулчдыг сар луу илгээнэ
Нислэг долоо хоног үргэлжилнэ
Америкийн хувийн сансрын компани болох SpaceX-ын үүсгэн байгуулагч Илон Маск сансарт хоёр хүн илгээх гэж байна. Тэгэхдээ энэ хоёр хүн мэргэжлийн сансрын нисгэгч биш бөгөөд тэд аль хэдийнэ нислэгийнхээ төлбөрийг төлжээ. Одоогоор тэд хэдий хэр хэмжээний мөнгө төлсөн нь тодорхойгүй ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү аялал ойролцоогоор 300 сая доллар хүрэх магадлалтай гэнэ.
Илон Маск эдгээр ирээдүйн сансрын жуулчдын нэрийг зарлахаас татгалзжээ. Харин тэд хоорондоо танил бөгөөд "Холливүүдынх биш" гэж Маск хэлсэн байна. Мөн тэд энэ жил эрүүл мэндийн шалгуурт орсны дараа нислэгийн бэлтгэлээ эхэлнэ. Сансрын хөлөг нь автомат жолоодлоготой тул жуулчдыг хэн нэгэн дагалдаж явахгүй. Тэгэхдээ ямар нэг доголдол гарсан тохиолдолд ямар үйлдэл хийх талаар тэдэнд тусгай зааварчилгаа өгөх аж. Жуулчид долоо хоногийн турш огт газардалгүйгээр сарыг тойрч нисээд эх дэлхийдээ эргэн ирэх юм. Илон Маскийн хэлснээр бол тэдний нийт аялал 500-650 мянган километр зайг туулах болно. Энэ нь "Аполлон" хөлгүүдийн хийсэн нислэгүүдээс хоёр дахин их гэсэн үг юм.
SpaceX компани энэхүү аяллыг хийхдээ сайжруулсан "Dragon 2" сансрын хөлгийг ашиглах болно.