Харри ба Меган нар Опрагийн шоунд: Шуугиан тарьсан ярилцлагын онцлох зүйлс
Онцлох мөчүүд
Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нар Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт зочноор уригдан язгууртны амьдралаас эхлээд гэрлэлт, эх хүн болох тухай, хүмүүнлэгийн ажил, олон нийтийн хараан доорх амьдрал гээд өргөн сэдвийн талаар ярилцлаа. Шуугиан тарьсан энэхүү ярилцлага 17 сая гаруй үзэгчийн хандалт авсан ба олон нийтийн сүлжээн дэх халуухан сэдвийн нэгээр тодроод байна. Тэгвэл энэхүү ярилцлагын онцлох мөчүүдийг эргэн харцгаая.
Сэтгэцийн эрүүл мэндийн хямрал
Сассексийн гүнгийн авхай хааны ордонд байх үедээ амиа хорлох тухай бодож байсан гэдгээ ярилцлагын үеэр онцолсон юм. "Би зүгээр л амьд байхыг хүсээгүй. Энэ бодол толгойд минь цаг үргэлж эргэлдэж байсныг маш сайн санаж байна. Харин Харри энэ үед намайг ихэд халамжилж, анхаарал тавьж байсан" хэмээн ярьжээ. Хэдий тэрээр хааны ордноос тусламж хүссэн ч хатан хааны институтийн ажилтан биш учир түүнийг хамгаалахын тулд юу ч хийж чадахгүй гэсэн хариу хүлээн авсан байна.
Арьс өнгөөр ялгаварлах үзэл
Ярилцлагын үеэр хосууд хэд хэдэн сэтгэл өвтгөм зүйлс ярьсны нэг нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай байсан юм. Тодруулбал Сассексийн гүнгийн авхай бие давхар байх үед хатан хааны гэр бүл түүнд цол хэргэм олгохгүй, хамгаалалт гаргаж өгөхгүй, тэр ч бүү хэл тэдний удахгүй мэндлэх хүү өнгөт арьстан байх эсэх тухай хэд хэдэн удаа яриад амжжээ. Сассексийн гүнгийн авхай гэр бүлийн аль гишүүн ийм яриа өрнүүлсэн болохыг нууцлахыг хүссэн ба ярилцлагын дараа ханхүү Харри энэхүү яриаг ямартай ч хатан хаан Элизабет, ханхүү Филипп нар өрнүүлээгүй гэдгийг онцлон хэлжээ.
Хатан хааны институт Харри ба Меган нарын үерхлийг олон нийтэд дэлгэхийг хүсээгүй
"Харри бид хоёрыг болзож эхлэх үеэс миний эргэн тойрны бүх хүн энэ тухай ам нээхгүй байхыг хатан хааны институтийн зүгээс хүссэн. Анхандаа хатан хааны институт биднийг хамгаалж байна хэмээн итгэсэн ч биднийг гэрлэх мөчид энэ нь хамгаалж буй явдал биш харин үнэн мөнийг илчлэхэд бэлэн биш байсан гэдгийг ойлгосон".
Хосууд санхүүгийн хувьд хараат бус амьдарч байна
Хунтайж Харри 2020 оны эхний хагасаас эхлэн хааны ордноос цалинжихаа больсон гэдгээ мэдэгдлээ. Тэд одоогоор Netflix компанитай байгуулсан гэрээгээр цалинжиж байгаа бөгөөд Опра Уинфригийн ярилцлагад орохдоо ямар нэгэн төлбөр аваагүй гэдгээ онцолсон юм.
Тэд охинтой болно
Хосууд ярилцлагын үеэр тэдний хоёр дахь хүүхэд охин болохыг зарласан юм. "Үнэхээр их талархаж байна. Гэр бүлийн хувьд хүү дараа нь охинтой болно гэдэг ямар гайхалтай хэрэг вэ" хэмээн Харри ярьсан ба тэд ахин хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байгаа гэдгээ ч онцоллоо.
Хатан хаан Элизабет бол гайхалтай нэгэн
Сассексийн гүнгийн авхай өнгөрсөн хугацаанд дурсамжтай сайхан зүйлс байсныг ч мөн дурдсан юм. Тэр дундаа хатан хаан Элизабет түүнд үргэлж сайн ханддаг байсан ба хамт галт тэргээр аялахдаа Меганыг хэрхэн халамжилж, түүнд сувдан ээмэг болон зүүлт бэлэглэж байсныг дурсан ярьжээ.